Эмийн санчийн буруугаас найман настай хүү амиа алдав

Эмчийн бичсэн жорын дагуу үйлчлүүлэгчид “Витамин в динк” олгох ёстой байсан эмийн санч буруу эм өгснөөс үүдэн найман настай хүү нас барсан хэрэг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Дорнод аймгийн Хэрлэн суманд гарчээ. Эмийн сангийн ажилтны хайхрамжгүйгээс болж амиа алдсан талийгаач хүүгийн бие өвдөж, ядаргаанд орсон тул аав, ээж нь өвлийн амралтын хугацаанд арав хоног эмнэлэгт хэвтүүлээд гарсан юм байна. Хүүг эмнэлгээс гарсан даруйд аав, ээж нь эм уулгалгүй хүлээж, арванхоёрдугаар сарын 1-нд аймгийн төвийн “Монос” эмийн сангаас эмчийн бичиж өгсөн зааврын дагуу “Витамин в денк” авч уулгаж эхэлсэн аж. Эм ууж эхэлснээс хойш дөрөв дэх хоног дээрээ хүүгийн бие эрс муудан гэрийнхнээ сандарган, эмнэлэгт хүргэгджээ. Түргэний эмч уушгиндаа хатгаатай, даралт нь унасан хүүд сэхээн амьдруулах тусламж үзүүлсэн ч амь насыг нь аварч чадсангүй.
Ингээд өвчтөний ууж байсан эмийг шалгатал хүү том хүн өдөрт нэгийг уух учиртай даралт бууруулдаг “Амлоденк”-ийг өдөрт хоёр удаа ууж байж. Балчир үрийнхээ үхлийн шалтгааныг мэдсэн аав, ээж нь эм худалдан авсан эм үйлдвэрлэгч “Монос” компанийн эмийн санд очиход жорын дагуу авах ёстой байсан “Витамин денк”, хайхрамжгүй эмийн санчийн зөрүүлж өгсөн “Амлоденк” хоёр нэг дор өрөөстэй байсан аж. Хүүхдийн амь нас эрсэдсэн ноцтой хэрэг дэгдмэгц цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалт эмийн санд зэрэг орсон байна. Энэ шалгалтаар эмийн сангийн цөөнгүй “но” илэрчээ. Уг эмийн сан аймгийн Эрүүл мэндийн газраас “Мянган сарнай” нэрээр зөвшөөрөл авсан ч “Монос” компанийн нэрийг олон жил зээлдэж, ашиг олж байсан аж. Мөн ариутгал, цэвэрлэгээ хийдэггүй, эм бэлдмэл хадгалах нөхцөл, дэглэм зөрчигдсөн, эмийн санд хөтлөх анхан шатны бүртгэл бүрэн хийгдээгүй байв.


Талийгаач хүүд эм олгосон Э.Оюунномин эм найруулагч болохоос эмийн жор олгох эрх бүхий ажилтан биш байсан бөгөөд эмийг андуурч, зөрүүлж өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Хохирсон, хохироосон хоёр нь тодорхой энэ хэргийг Дорнод аймгийн Цагдаагийн хэлтэс цөөнгүй сар шалгасан боловч Шүүх эмнэлгийн дүгнэлтээр хүүгийн цогцосноос эмийн хор илрээгүй гэдэг шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Шинжилгээний хариу 2-3 цагийн дотор гардаг болсон өнөө цагт Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт хагас жил хүлээлгэсэн гэнэ. Энэхүү дүгнэлт аймагт өрнөсөн дуулиан, буруу эм худалдсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн эмийн жор олгогчийн мэдүүлэг, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн эмч, ар гэрийнхнийх нь мэдүүлгээс хол зөрж гарсан нь анхаарал татахгүй байхын аргагүй. Гайхалтай нь дээрх дүгнэлт шалгалт хийх учиртай байгууллагуудын хичээл зүтгэлээр биш хохирогч хүүгийн ар гэрийнхний ЦЕГ, Хууль зүйн сайдад хандсан өргөдөл хүсэлтийн дагуу ирсэн байж.
Хэргийг шалгах явц ийн удааширч байх зуур “Монос” компанийн нэрийг “зээлдсэн” “Мянган сарнай” эмийн санг тойрсон дуулиан Дорнодод өрнөсөөр байв. Тус эмийн сан эмийн хадгалалтыг буруу хийснээс хаяг нь халтартаж, танигдахгүй болсон эм тариа худалдан борлуулсан, тасалгааны температурт буюу 8-15 хэмийн дулаанд хадгалах учиртай тосон түрхлэгүүдийг хөргөгчинд хийсэн, хугацаа нь дууссан мэс заслын боолтыг хугацаа нь дуусаагүй боолтуудтай хамт савлан борлуулсан зөрчлүүд илэрч мэргэжлийн байгууллагууд үйл ажиллагаа явуулах эрхийг нь цуцалсан юм байна. “Мянган сарнай” эмийн сан хүүхдийн амь нас үрэгдсэн, компанийн нэр ашигласан хэргийн сэжигтнээр шалгагдаж, дээр нь цөөнгүй зөрчил илэрсээр байхад аймгийн Эрүүл мэндийн газрынхан өнгөрсөн хавар тус эмийн санд үйл ажиллагаа явуулах эрхийг нь буцаан олгосон нь гайхмаар. Тэд хайхрамжгүй, хариуцлагагүйн улмаас хүний амь насыг хохироосон эмийн сангийн үүдийг нээхийг зөвшөөрсөн албан бичигтээ тус эмийн сангийн эрхлэгч Д.Энхцэцэгийн удаа дараагийн хүсэлтийг харгалзан үзсэн гэж тайлбарласан байх юм.
Хүн ам цөөтэй орон нутгийнхны танил тал, хэлхээ холбоо байж болох ч удаа дараа зөрчил гаргасан эмийн сангийнханд хүний эрүүл мэндээр дахин тоглохгүй гэсэн баталгаа байхгүй. Тиймээс талийгаач хүүгийн ар гэрийнхэн Эрүүл мэндийн сайдад захидал илгээсэн аж. Гэтэл Н.Удвал сайд хариу өгөлгүй таг чиг болсон байх юм. Нэг жилийн өмнө Н.Удвал Эрүүл мэндийн салбарын сайдаар залрахдаа “Хариуцлагагүйн зуд нүүрлэж, хүнд суртал хургасан салбарынхаа бугшсан болгоныг цэвэрлэж, нэр төр нь унасан салбар, эрүүл мэндээрээ хохирч буй иргэдээ аварна” гэж мэдэгдэж байсан санагдана. Шинэчилье гэвэл хийх ажил ихтэй салбарт өнөөдрийг хүртэл өөрчлөгдсөн тоймтой зүйл ч алга.
Д.ЦАЦРАЛ "Өнөөдөр" сонин
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ