Ц.Рэнчинсэнгээ: Гурилын үнэ өснө

Тариаланчдаас буудайн үнийг нэмүүлэх саналыг салбар яамандаа тавьсан гэх мэдээлэл байна. Үүний дагуу ҮХАЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Рэнчинсэнгээтэй ярилцлаа.

-Одоо улаан буудайн нөөц хэр байна вэ?

-Шинэ ургацын буудайн хамгийн эхнийх нь арван сарын дундуур л гурилын үйлдвэрүүдэд тээрэмд ордог. Тиймээс тэр болтол гурилын үйлдвэрүүд өөрийн гэсэн зохих нөөцтэй байгаа. Манай Тариалан эрхлэлтийг дэмжих санд бол 10 орчим тонн буудайн нөөц бий. Үүнийг гурилын үйлдвэрүүдэд өгөх гээд гэрээ хийчихсэн байна. Одоо зарим нь буудайгаа татаж авч эхэлсэн.

-Энэ жил өнгөрсөн жилийнхээс арвин буудай хурааж авч чадах уу?

-Өнгөрсөн жил 461 мянган орчим тонн буудай хурааж авсан. Энэ жилийн хувьд 404 мянга орчим тонн буудай хурааж авахаар тооцоолоод байгаа. Энэ бол дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж чадна гэсэн үг.

-Бороо хур ихтэй, сэрүүхэн байлаа. Энэ нь буудайн чанарт нөлөөлөх үү?

-Цаг агаар, буудайн болц гэх мэт олон хүчин зүйл буудайн чанарт нөлөөлдөг. Энэ оны хувьд хавартаа хөрсний угтвар чийгийн хангамж сайн байсан. Тэгсэн хэрнээ зургаа, долдугаар сард дулааны хангамж дутагдсан. Тиймээс буудайн ургац болоод болцод тодорхой хэмжээний нөлөө үзүүлсэн. Энэ жилийн буудайн чанар нь харьцангуй гайгүй байгаа боловч дулааны хангамж дутагдсан учраас натур жин буюу зутгалтад муу нөлөө өгсөн зүйл бий. Гэхдээ ийм буудайн хэмжээ нийт хураан авах буудайн 15-20 хувиас хэтрэхгүй. Нийтдээ 80 хувь нь чанарын хувьд сайхан байгаа. Урьд жилүүдийг бодвол цавуулгийн хэмжээ, стандартын үзүүлэлтүүд хангалттай сайн байгаа. Тэгэхээр энэ жил сайн чанартай гурил гарах бүрэн боломжтой гэж үзэж байгаа.Нөгөө талдаа ургац хураалтын ажилтай давхцаад, тээвэр, агуулах сав гээд асуудалтай зүйл бий. Ер нь буудайг аль болох үтрэм дээр нь бага хугацаанд л байлгах юмсан гэж бодож байгаа. Хамгийн хүнд ажил нь үтрэмийн ажил байдаг. Үтрэм дээр очоод гурван шатны цэвэрлэгээнд ордог. Тэгж байж тэр буудай хүнсний стандартын шаардлага хангаж чаддаг. Үүнд нэлээд хөдөлмөр зарцуулах шаардлагатай. Хамгийн сүүлийн тариаланчид л гэхэд 11 дүгээр сарын дунд хүртэл будаагаа цэвэрлэж байж тушаадаг. Тэгэхээр бид дараагийн жилүүдэд үтрэмийн ажлыг хөнгөвчилж, механикжуулах бодлого хэрэгжүүлнэ. Өнөөдөр талбайгаас буусан буудай тэр өдөртөө цэвэрлэгдэг бүтцийг бий болгохгүй бол буудайн чанарт нөлөөлөөд байгаа юм. Ялангуяа намар бороо хур их орсон үтрэмийн талбай дээр чийг их байгаа учраас үртэм дээр буудай нуруулагдаад долоо хоновол доороосоо буцаад ургачихдаг.Тиймээс аль болох үтрэмийн талбай дээр буулгасан буудайг удаахгүй цэвэрлээд л тушаадаг болмоор байгаа юм.

-Дотоодын хэрэгцээгээ бүрэн хангана гэлээ. Тэгэхээр гадаад руу экспортлох тухай яригдана гэсэн үг үү?

-Үгүй ээ. Гадаадад экспортлох гэхээсээ өмнө дотооддоо бүрэн дүүрэн хангах учиртай байгаа.

-Гаднаас авах уу?

-Хүсэлгүй байна. Гэхдээ яах вэ ОХУ-д буудай гурилын үнэ нэлээд буурч байна. Тиймээс дотоодынхоо үйлдвэрийг хамгаалах, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих залшгүй шаардлагатай. Импортын бараа орж ирээд үндэсний үйлдвэрлэлийг маань унагаж магадгүй. Тиймээс зохицуулалт хэрэгтэй.

-Тариаланчдаас буудайн үнийг нэмэх саналтай байгаа гэсэн. Буудайн үнэд өөрчлөлт орно гэсэн үг үү?

-Хамгийн гол зүйл нь тогтвортой үнэ. Үнэ дээш доош яваад байхаар хэрэглэгчдэд хүндрэлтэй байдаг. Гурилын үнэ жаахан өсөхөд л талхных нь дагаад нэмэгдчихдэг. Инфляцийн түвшин жилийн дундаж нь 10 орчим хувьтай байгаа. Үүнийг бодоод үзэхээр энэ жил гурил, буудайн үнэ зайлшгүй бага бага өсөх магадлалтай байгаа. Гэлээ гэхдээ дарамт болтлоо өсөхгүй.

-Ойролцоогоор хэчнээн төгрөг болох бол?

-Өнгөрсөн жил буудай 280 мянга орчимоор борлуулж байсан бол энэ жил 300-320 мянгаар борлуулах байх гэсэн тооцоо гарсан. Суурь үнэ өснө гэхээр гурилын үнэ мөн 10-20 төгрөгөөр өсөх нөхцөл байдал үүсэх магадлалтай. Гэхдээ өслөө гээд нэг кг гурилын үнэ 600 төгрөгөөс хэтрэхгүй байхаар харагдаж байна.

-Агуулах савны хувьд хүрэлцээтэй юу?

-Хангалттай байгаа. Улсын хэмжээнд 400 гаруй мянган тонн буудай хадгалах хүчин чадалтай агуулах бий. Үүнээс манай тариалан эрхлэлтийг дэмжих санд 146 тоннын багтаамжтай агуулахтай болж байна. Гурилын үйлдвэрүүд л гэхэд 240 гаруй тоннын багтаамжтай агуулахтай. Гэвч ихэнх агуулах төв суурин газарт төвлөрсөн байдаг учраас алслагдмал нутагт байгаа тариаланчид агуулахын дутагдалтай байдаг. Тухайлбал, Увсын Баруунтуруун, Дорнодын Халх голын бүс нутаг байна. Тиймээс цаашдаа алс бүс нутгийнхаа агуулахыг сайжруулахад хөрөнгө оруулалтынхаа бодлогыг чиглүүлэх зорилттой байгаа.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ