Ноолууран цамцыг гараар 20 минутын дотор нэхдэг

Энэ удаагийн "Бизнесийн эхлэл” булангаараа “Нарантуул” олон улсын худалдааны төв дээр хувиараа ноос, ноолууран бүтээгдэхүүн хийж зардаг О.Батсүрэн гэх оёдолчин бүсгүйтэй уулзсан юм.

Тэрээр 2006 оноос хойш ноос, ноолууран бүтээгдэхүүн хийж зарж байгаа аж. Анх зах дээр хүний бараа зарж зогсдог байснаа өөрийн гэсэн худалдаа наймаа эрхлэх, түүнийгээ өргөжүүлэх бодлоор ноос, ноолууран бүтээгдэхүүн хийж эхэлсэн гэнэ.

Энэ бүсгүй мөнгөө цуглуулж байгаад 9:7 хэмжээтэй ноос, ноолууран бүтээгдэхүүний цех барьснаар худалдаа наймаагаа эхэлж байсан түүхтэй гэнэ. Одоогоор 11 хүнийг ажлын байраар хангаад байгаа аж.

Тус үйлдвэр нь сарлагийн хөөвөр, хонины ноос, ноолууран бүтээгдэхүүн хийж зардаг юм байна. Тэрээр хэлэхдээ “Миний бизнес өдрөөс өдөрт өргөжин тэлж байгаа. Цаашид өшөө олон хүнийг ажлын байраар хангахын төлөө ажиллах болно. Манай ажилчид бүтээгдэхүүнээ хурдан нэхдэг чадварлаг оёдолчид байдаг. Зарим оёдолчид 20 минутын дотор нэг ноолууран цамц нэхдэг. Өдөртөө таван хос зарим нь бүр арван хос цамц, өмд нэхэх тохиолдол ч байдаг” хэмээн ярих түүний нүдэнд хийж бүтээхийн их гал дөл бадарч байлаа.

Түүний хань, хүүхэд нь хувиараа портер машинаар ажил, үйлчилгээ явуулдаг бөгөөд гэр бүлээсээ ганцаараа энэ ажлыг хийж байгаа аж.

Одоо “Нарантуул” олон улсын худалдааны төв дээр ноос, ноолууран бүтээгдэхүүний наймаа эрхэлж байгаа 300 гаруй иргэд байдаг юм байна. Ихэнх нь гэр бүлээрээ бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж зах дээр авчирч зардаг гэнэ.

Монголд ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэж зардаг олон компани байдаг. Сүүлийн жилүүдэдноолууран бүтээгдэхүүний дотоод, гадаад захиалга эрс нэмэгдэж байгааг худалдагчид ярьж байв.

Хүйтний улирал дөхөж байгаатай холбоотой худалдаа наймаа ихэсч байгаа нь “Нарантуул” захаас анзаарагдаж байв. Ер нь хүмүүс эрээний чанаргүй бараа сонгохоо больж эх орныхоо үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж ноос, ноолууран бүтээгдэхүүнийг хүйтний улиралд их хэмжээгээр худалдан авдаг болжээ.

Зах дээр зарж буй сарлагын хөөвөр, ноос ноолууран бүтээгдэхүүн Говь, Эвсэг, Гоёо үйлдвэрүүдээс ялгарах зүйл байхгүй чанарын хувьд ч гологддоггүй гэдгийг хэлж байв. Харин үнийн тал дээр ялгаатай байдаг гэнэ.

Томоохон дэлгүүрүүдээр худалддаг ноолууран бүтээгдэхүүнүүд олон хүний хүч хөдөлмөр шингэсэн “Монголын брэнд” гэдэг утгаараа маш үнэтэй байдаг. Гэтэл хувиараа хийсэн ноолууран бүтээгдэхүүнээ иргэд брэндийн дэлгүүрийн талд хүрэхгүй үнээр оёдолчид зардаг юм байна.

Ноос ноолууран бүтээгдэхүүний ид гүйлгээтэй үе нь наймдугаар сарын 15-аас хоёрдугаар cap хүртэл үргэлжилдэг гэнэ.

О.Батсүрэн өдөрт доод тал нь 600 мянган төгрөгний орлоготой байдаг бол дээд тал нь нэг сая гаруй төгрөгийн ашигтай ажилладаг гэнэ. Тэрээр энд, тэнд явж байхдаа цамцныхаа загварыг гаргачихдаг аж. Тус үйлдвэрт кеттельчин, сүлжигч, ээрэгч зэрэг мэргэжилтэй хүмүүс ажилладаг юм байна.

Ихэнхдээ “Монголын ноос, ноолуурын холбоо”, “Ээрмэл”, “Буян” компаниудаас утас авдаг гэнэ. Ноолууран утас кг нь 210.000 төгрөгөөс эхлээд янз бүрийн үнэтэй байх аж. Нэг кг ноолууран утсаар дээд тал нь гурван нимгэн цамц нэхэх бөгөөд нэг ноолууран цамц зузаан нимгэнээс шалтгаалаад 110 мянган төгрөгөөс дээш үнэтэй юм байна. Залуу охидын сонирхдог дэгжин даашинз 70 мянган төгрөгөөр зарагдаж байв.

Монголын мал аж ахуйн гаралтай түүхий эд, ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэх түүнчлэн дэлхийн зах зээлд “Монгол брэнд”-ийг бий болгосноор малчдын орлогыг тогтворжуулахад ихээхэн чухал нөлөө үзүүлэх юм.

Ингээд энэхүү бизнесийг эрхэлж буй О.Батсүрэнтэй цөөн хором ярилцлаа.

-Та анх бизнесээ хэрхэн эхэлж байв?

-Анх судалж байгаад ноос, ноолууран бүтээгдэхүүн зарвал ашигтай болов уу гэж бодоод цех байгуулаад ажиллаж эхэлсэн. Манайх ээрэгч, сүлжигчийн хоёр машинаар ажлаа гүйцэтгэдэг. Хамгийн сүүлийн үе шат болох индүүдэх ажлыг би өөрөө хийдэг. Цехээ байгуулаад зургаан жил болж байна. Энэ хугацаанд чамгүй өргөжин тэлж байна.

-Ажилчдаа хэрхэн цалинжуулдаг вэ?
-Цалингаа сард гурван удаа тавьдаг. Хийсэн оёдлоосоо шалтгаалаад янз бүрийн л цалин авдаг. Арав хоногтоо ажлаа сайн хийлээ гэхэд 300 гаруй мянган төгрөг авдаг. Хүн яаж ажиллахаас шалтгаална даа.

-Захаас авсан ноос, ноолууран бүтээгдэхүүн ноолордог гэсэн иргэдийн санал, гомдол тасардаггүй. Энэ юунаас болдог вэ?
-Надаас авсан бүтээгдэхүүн ноолорлоо гэсэн санал гомдол ирээгүй байгаа учраас манай оёдолчид сайн хийж гүйцэтгэдэг гэж хэлж болно. Гэхдээ “Говь” ХК-ний хийж байгаа ноолууран бүтээгдэхүүний утас манай цехийн утастай яг ижилхэн. Утасны чанараас шалтгаалаад өөр байдаг. Иргэдийн зүгээс ноолууран бүтээгдэхүүнийг сайн арчилж өмсөх хэрэгтэй. Наад зах нь индүүдлэг маш их хэрэгтэй байдаг.

Б.Анхтуяа "Нийслэл таймс" сонин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ