НИТХ-ын тэргүүлэгчид юу л хийгээд байна аа

Аливаа түүх дурсгалын зүйлс удах тусмаа улам үнэд орж, үзэх харах дурсамжтай зүйл болон хувирдаг гэдгийг ойлгох хэрэгтэй байна НИТХ-ын тэргүүлэгчидээ.
Лениний хөшөөг буулгах, Сүхбаатарын талбайн нэрийг өөрчилөх нь тийм чухал уу. Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд хүндрэлтэй олон асуудал байна. Уртаас урт шийдвэрлэх ёстой гэсэн жагсаалт тэдний ширээн дээр байгаа. Гэр хорооллын багачууд нь цэцэрлэг байхгүйн улмаас гэртээ цоожлуулан үлдэж байна. Зарим нь ч энэ байдлаас болж амиа алддаг. Сургуулийн сурагчид нь хичээллэхгүй танхимгүй бусдыг царайчилан хичээллэж байна. Орон сууцны оршин суугчид дулааны асуудалд санаа зовнин сууж байхад гэр хорооллынхон харанхуй гудамжаа гэрэлтэй болохыг хүлээж байна. Энэ мэтчилэн шийдэх ёстой олон асуудал байна. Үүнийг жагсаах юм бол дуусахгүй.
Манай тэргүүлэгчид энэ асуудлуудыг харахгүй байна уу аль эсвэл шийдвэрлэхийг хүсэхгүй байна уу тойроод л, тойроод л байх юм.
Хамгийн сонин нь өнгөрсөн дөрөвдүгээр сард Нисэхийн “Цагаан хаалга"-ыг засварлаж, ойр орчмыг гэрэлтүүлж, тохижуулахаар болж, таван сая төгрөг төсөвлөжээ. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Н.Батаа “Нисэх хүртэлх зам засварын ажлын хүрээнд “Цагаан хаалга”-ыг нураана гэж яригдаж байсан ч НИТХ-ын төлөөлөгчид “Цагаан хаалга”-ыг буулгахгүй гэх шийдвэрийг гаргасан. Тиймээс энэ түүхийн дурсгалт өвийг яаралтай сэргээн засварлах хэрэгтэй байна” гэжээ. Гэтэл түүнийг нураах шийдвэрийг өчигдөр гаргалаа. Буулгахгүй хэмээн хэдхэн сарын өмнө санал өгч, тэр ч бүү хэл засвар тохижилтын ажил хийж байсан атал олон зан гаргаж, өнөөдөр ийм шийдвэр гаргаж байгаад гайхаж байна.
Бүхэл жарныг үдэх гэж байгаа дурсгалыг эрх мэдлийнхээ хүрээнд ийнхүү буулгаж байгаад олон хүн дургүйцэж байна. Гэхдээ ч НИТХ-ын тэргүүлэгчдийн утгагүй шийдвэртэй эвлэрч байх шиг байна. Арга ч үгүй биздээ, Сүхбаатарын талбайг нь Чингисийн талбай болгож, түүний хаягийг өөрчлөхийн тулд чамгүй их хөрөнгө төсөвлөсөн. Үүнээс гадна Ленин хөшөөг нь буулгаж, “хогийн цэг” рүү нүүлгэсэн гээд энэ олон зүйлийг өөрчилж байх шиг байна. Түүхийн дурсгалаар оролдож суухын оронд өөр зүйл хийвэл нийслэлчүүд бидэнд л хэрэгтэй. Тийм л зүйл хий гэж бид сонгосон. Тэрнээс бус түүх дурсгалаар тоглоом хий гэж сонгоогүй байлтай.
Буянт-Ухаад баригдан энэ хаалга 1957 онд ЗХУ-ын дээд зөвлөлийн дарга К.Е.Ворошиловын Монгол Улсад хийх айлчлалыг тохиолдуулан барьжээ. Тус хаалганд хоёр улсын сүлд байдаг нь энэхүү үйл явдлыг илтгэдэг. Тухайн үедээ “Найрамдлын хаалга” гэгддэг байсан ч он цаг өнгөрсөөр “Цагаан хаалга” хэмээн нэрлэх болжээ. Мөн сүүлд Буянт-Ухаа гэсэн нэрийг нь авч хаяаад Улаанбаатар болгон хувиргасан байна.
Коммунистууд урд өмнө баригдсан байсан уран хийцэт, уран баримлууд болох хамаг сүм хийд, түүх дурсгалт зүйлсээ устгаад хаясан. Бидэнд үзэж харах олигтой юм ер үлдээгээгүй. Эд нар мөн энэ л коммунист араншингаараа Социализмийн үеийн жаахан бүтээн байгуулалтаа нураагаад дуусах нь дээ.
Байгаа юмаа бага зардлаар өөд нь татаж, Байхгүй зүйлсээ бүтээн байгуулмаар л байх юм даа.
Өнгөрсөн үеээ гар буугаар буудвал ирээдүй чамруу их буугаар буудна гэдгийг санах хэрэгтэй.
Б.Тэнгис
СЭТГЭГДЭЛ БИЧИХ