Г.Мандахнаран: Хүрэл медалийн төлөө хамаг хүчээ л шавхсан

Монголын чөлөөт бөхийн эрэгтэй баг тамирчид өнөөдөр өглөөний 5:55 минутад эх орондоо ирэв.

2007 оны дэлхийн аваргад Баяраагийн Наранбаатарын үзүүлсэн амжилтаас хойш тасраад байсан медалийн буухиаг Ганзоригийн Мандахнаран хүрэл медалиар эхлүүлсэн.

Ингээд дэлхийн аваргын хүрэл медальтны ярилцлагыг сонирхуулъя.

-Юуны өмнө дэлхийн аваргын медальтнуудын эгнээнд багтсан танд баяр хүргэе?
-Баярлалаа.

-Хэсгийн барилдаануудад өрсөлдөгчөө илт давуу ялж байгааг хараад бэлтгэл үнэхээр сайн хангагджээ гэж бодогдсон?

-Бэлтгэл үнэхээр сайн байсан. Эхний тойрогтоо Украйныг 10:4, Унгарын Герго Вёллерийг 9:2, Грекийн бөхийг 11:3-аар ялж хэсгийн аварга болсон.

-Хагас шигшээд 2012 оны олимпын хүрэл медальт, 2011 оны дэлхийн аваргын хүрэл медальт Кубын Ливан Лопестой барилдсан. Хожиж явснаашийдвэрлэх мөчид техникийн оноо гэхээр л харамсаар?
-Миний хувьд яах аргагүй тактикийн алдаа гаргачихсан л даа. Алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрнө би. Хуучин дүрмээр удаан барилдчихсан болохоор яалт ч үгүй өөрийн мэдэлгүй алдаа гаргасан. Би ч гэлтгүй Кубын бөх ч бас шинэ дүрмээ мэдээгүй байсан. Би бол дотроо Кубыг хожчихлоо л гэж бодсон тэр ч адил. Гэтэл шүүгч Кубын бөхөд ялалт өгөхөд өнөөх чинь хүртэл гайхаад итгэж ядаад л байсан. Гэхдээ дараа, дараагийн удаад болох байлгүй дээ.

-Хүрэл медалийн төлөөх барилдаан хамгийн хариуцлагатай шүү дээ. Хожиж авдаг медаль болохоор?
-Яалт ч үгүй хамгийн хүнд барилдаан байсан. Хамаг хүчээ л шавхсан. Ямар ч гэсэн 14, 15 жилийн хөдөлмөрөө хүрэл медалиар үнэлүүлж чадсан.

-Гэхдээ цаашид ч илүү өндрөөр үнэлүүлэх олон дэлхийн аварга, 2016 оны олимп бас бий. Азийн наадмын алт, Азийн аваргын мөнгөн медаль, дэлхийн аваргын хүрэл, одоо олимпийн..?
-Мэдээж үүний төлөө бэлтгэл сургуулилтаа зориулна. Миний жинд дотооддоо гэхэд олон шинэ хүүхдүүд хүч түрэн гарч ирж байгаа учраас өрсөлдөөн улам хүчтэй явагдах болно. Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн шинэ залуучууд хүч түрэн орж ирж барилдсан. Рио-гийн олимпийн циклийн анхны дэлхийн аварга учраас улс орнууд 2016 онд сойж буй тамирчдаа л гаргасан.

-2007 оноос хойш медаль эрэгтэйчүүд хүртээгүй байдаг. Будапештийн дэвжээнээс хоосон ирж байгаагүй гээд бодохоор сэтгэлзүйн хувьд бас л дарамттай юм шиг ?
-Дарамт болохгүй ээ. Манай эрэгтэй баг тамирчид бэлтгэл үнэхээр сайн байсан. Өмнөх дэлхийн аваргуудаас илүү л амжилт гаргасан. Медаль нэгээр тогтохгүй л байлаа. Багийн дүнгээр наймдугаарт шалгарч сүүлийн 20 жил гаргаагүй амжилтанд хүрсэн. Будапештэд дөрвөн удаагийн дэлхийн аварга болоход нэг ч удаа медальгүй ирээгүй. Тийм болохоор манай баг медаль хүртэх нь тодорхой харин хэн, хэн бэ гэж хоорондоо ярьцгааж байлаа.

-Таны багш Ц.Цогтбаяр 1993 оны Торонтогийн дэлхийн аваргаас хүрэл медаль авчирч байсан. 20 жилийн дараа өөрийнх шавь нь амжилтыг нь давтаад дэвжээнээс бууж ирээд хамтдаа тэврэлдээд уйлж байгаа тэр агшин үнэхээр гайхалтай байлаа?
- Миний багш ч мундаг хүн л дээ. Надаас гадна маш олон шавь нар цаашдаа түүний амжилтанд хүрнэ. Багшдаа маш их баярлаж хайрлаж хүндэтгэж явдаг даа.Миний анхны багш Зоригоо гэж сайхан хүн бий. Төв аймгийн Борнуурт ажиллаж амьдарч байгаа. Таныхаа ач гавъяаг амжилтаараа мялааж явах болно гэдгээ бас хэлмээр байна.

-Дэвжээнд гарахад багш нь юу гэж хэлсэн бол?
-Медалийн төлөө барилдах гээд гарахад бараг л юм хэлээгүй. Бэлтгэлийн үеэр хангалтай хэлээд захисан учраас хэлэхгүй байх гэж дотроо бодож байсан. Миний хувьд ч өөрөөсөө шалтгаалах бүх зүйлээ л хийхэд болох байсан.

-Жин өгч 66кг-д барилдаад Азийн аваргын мөнгө, дэлхийн аваргын хүрэл гээд нэлээд ээлтэй байна?
- Тийм ээ. Надад их л өгөөжтэй байгаа. Цаашид жингийнхээ өрсөлдөгчдийг судлаж улам их туршлага хуримтлуулна даа. Дэлхийн аваргад явахын өмнө Европын аварга шалгаруулах тэмцээн, Универсиад наадмын барилдаанууд үзэж судалгаа хийгээд барилдсан даа.

-Таны хүрэл медаль ихэд булган сүүлтэй байлаа. С.Батцэцэг, Т.Мөнхтуяа нар гэхэд өчигдөр дэлхийн аваргын хошой медальтай болчихлоо?
-Та бүхэн тэгж бодож байгаа бол баяртай байна. Мэдээж тамирчин бүр л булган сүүлтэй байгаасай гэж л боддог.

-“Аав аа” гээд л хүү тань танхим дүүрэн орилсоор л гүйгээд ирлээ. Аавыгаа их санасан байлгүй. Хоёр хүүхдээ хараад, ар гэрээ дааж явдаг гэр бүлийнхнийгээ танилцуулаач?
-Эхнэрийг маань Ууганцэцэг гэдэг. Бид дунд сургуульд нэг ангид хамт сурдаг байсан болохоор хар багаасаа л нэгнийгээ мэднэ. Миний эхнэр их ухаалаг сайн бүсгүй. Тэмцээн уралдаан бэлтгэл гээд л ар гэрийнхэндээ надад зарцуулах цаг үнэхээр хомс. Энэ бүхнийг минь эхнэр минь ойлгодог. Би эхнэртээ 30 нас хүртлээ амжилттай барилдаж амьдралаа баталгаатай болгоод түүнээс цааш үр хүүхэддээ цаг зав гаргаж үргэлж хамт үлдсэн амьдралынхаа төлөө зүтгэх болно гэдгээ амалчихсан байгаа.

-Таны энэ амжилт аав, ээжтэй нь бас салшгүй холбоотой шүү дээ?
-Тэгэлгүй яахав. Дүү бид хоёрыг бага байхад аав маань осолд орсон болохоор ээж минь ганцаараа хөдөлмөрлөж өдий зэрэгт хүргэсэн. Аавын минь бие гайгүй болсон болохоор хүүхдүүдээсээ мөнгө авахгүй гээд бас ажил хийгээд л байдаг. Ийм хөдөлмөрч аав, ээжээрээ бахархаж амжилт гаргаж баярлуулахыг хүсч явдаг даа.

У.Бадамцэцэг

gogo.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ