З.Баянсэлэнгэ гэр хороололд тансаг хаус барьж, эрхэм гишүүдийг найранд урьжээ

Монголчуудын талаас илүү хувь нь гэр хороололд амьдардаг. Харин УИХ-д хууль батлаж суугаа эрхэм гишүүдээс ганцхан хүн гэр хороололд амьдардаг. Энэ бол УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ. Түүнийг гэр хорооллын шороо тоостой гудамжинд эгэл жирийн иргэдийнхээ нэгэн адил амьдардагийг түмэн олон мэднэ. Гэвч Төсвийн байнгын хорооноос 2013 оны төсвийн төслийг Сангийн яаманд хүргүүлэхдээ шинэ парламентын гишүүдийн орон сууцны хэрэгцээнд зориулан 220 сая төгрөг төсөвлөсөн нь багагүй дуулиан тарьж байлаа. З.Баянсэлэнгэ гишүүнд 220 саяар байр авч өгөх гэж байна хэмээн нэг хэсэг нь баахан шуугисан. Энэ мэдээллийг харсан эрхэм гишүүн “Өнөөдөр надад гэр хороололд амьдрах хэд хэдэн шалтгаан байна. Яагаад гэхээр манай аав 80 гарч байгаа хүн бий. Манай аав тайван орчинд байдаг хүн. Дүүргийн эмнэлэгт хяналтад байдаг. Би аав ээжээсээ холдож чадахгүй. Би өөрөө аавынхаа эмчилгээг хийдэг. Тэгэхээр хажуунаас нь холдож болохгүй, би ч чадахгүй. Энэ нэг шалтгаан. Мөн би энэ байшиндаа 1981 оноос хойш амьдарч байна. Гал голомт минь шүү дээ. Монголчуудын зан юм даа. Унаж байгаа машин, амьдарч байгаа байшингаа солихоор гомдчих вий гэдэг. Түүн шиг амьдарч байгаа хашаа байшингаа сольчихвол гомдчих вий гэж бодох юм. Мэдээж одоогийн нөхцөл байдлаа хараад өөрийгөө бодвол түлээ нүүрс гэхгүй байр нь амар. Мэдээж хүн юм болохоор тийм орчныг хүсч л байна. Гэхдээ надад эндээ байхгүй бол аав маань хэцүү. Түүнээс би ядуудаа гэр хороололд амьдраагүй. Миний нөхөр төрийн алба хаагч бидэнд лизингээр байр авах боломж бий. Би гэрийнхээ хойно орон сууц шиг хоёр давхар байшин барья гэж бодож байгаа. Гэр хороолол чинь бас сайхан шүү дээ. Мэдээж энэ байшингаа барихдаа хөрөнгө мөнгө зарсан болохоор нурааж чадахгүй юм” хэмээн ярилцлага өгч байсан удаатай. Тэгвэл тэрээр хоёр давхар хувийн хаустаа болох мөрөөдлөө биелүүлж, байшингаа барьж дуусгасан гэнэ. Шинэ байшингийнхаа нээлтийг хийхээр эрхэм гишүүдэд урилга тарааж эхлээд байна. Саяхан л надад мөнгө байхгүй, гэр хороололд л амьдарна гэж ярьж байсан эрхэм гишүүн юутай ч хаус барих мөнгөтэй болсон нь илт. Тиймээс З.Баянсэлэнгэ гишүүний хөрөнгө орлогын мэдүүлгийг сөхөж үзлээ. Түүнийжилийн орлогонь 30 сая 254 мянган төгрөг. Харин мэдүүлэг гаргагчийн гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 6 сая 876 мянган төгрөг. Орон сууц, үйлдвэрлэл үйлчилгээний барилга байхгүй. Тэрээр хуучин амьдарч байсан амины сууцаа 15 сая төгрөгөөр үнэлжээ. Автомашины тухайд нийт гурван машинтай хэмээн мэдүүлсэн байна. Эдгээр нь нийтдээ 55 сая төгрөгийн өртөгтэй. Адуу 28, хонь 120, үхэр 18 байгаа бөгөөд зах зээлийн үнэлгээ нь 24 сая 700 мянган төгрөг. Газрын тухайд 40536 мкв-т өмчлөх эрхтэй газраа тэрээр 45 сая төгрөгөөр үнэлжээ. Хадгаламж, бэлэн мөнгө, данс, картын үлдэгдэл гэсэн хэсэгт 3 сая 379 мянган төгрөг байгаа хэмээн бөглөсөн байна.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ