С.Батболд Ерөнхий сайд байсан бол эдийн засгийн өсөлтийг 30 хувьд хүргэж чадах байсан уу

Эдийн засгийн хүндрэл өмнөх Засгийн газраас болсон гэж Н.Алтанхуяг удаа дараа мэдэгдэх болсон. Харин түүний энэхүү мэдэгдэлд өмнөх Засгийн газрын тэргүүн С.Батболд жинтэйхэн хариу өглөө. Ерөнхий сайд асан С.Батболд Н.Алтанхуягийн өмнөхөөсөө боллоо гэдэг удаа дараагийн гомдолд гадаад, дотоод нөхцөл байдлыг үндэслэн сонирхолтой тайлбар хийсэн нь олон хүний анхаарлыг татаж эхлэв. Олон хүн энэ асуудлыг тойрон маргалдаж байна. С.Батболдыг Ерөнхий сайд байхад Монголын эдийн засаг анх удаагаа 17.3 хувьд хүрч өссөн юм. Харин тэрээр эдийн засгийн энэхүү амжилтыг “өмнөх бүх Ерөнхий сайдуудын зөв бодлогын нийлбэр” гэж даруухан тайлбар хийсэн удаатай.

Ерөнхий сайд С.Батболд “Чингэс бонд бол энэ Засгийн газрын үед орж ирсэн ч гэсэн өмнөх Засгийн газрын суурин дээр босгосон мөнгө. Зарим хүмүүс өмнөх Засгийн газар юу ч үлдээгээгүй гэх мэтээр улс төржиж байна. Үнэн хэрэгтээ манай Засгийн газар 2012 оны тавдугаар сард босгосон 580 сая.ам долларын бондыг Хөгжлийн банкинд үлдээсэн. Мөн Засгийн газрын үйл ажиллагааг дэмжсэн гурван их наяд төгрөгийн урсгалууд эдийн засагт орж ирсэн. Ийм их хэмжээний мөнгөний урсгал аль ч Засгийн газрын үед байгаагүй. Миний өмнөх бүх Ерөнхий сайдуудад ийм сайхан таатай боломж олдоогүй. Надад ч олдоогүй. Ганцхан Н.Алтанхуяг гэдэг хүний үед ийм сайхан боломж тохиосон. Гэтэл энэ боломжийг хямрал болгож хувиргалаа. Хамгийн том боломжийг энэ Засгийн газарт олгосон шүү дээ. Энэ нь дотоод талаасаа өмнөх Засгийн газарт бурууг нялах ямар ч шалтаг, шалтгаан алга. Нөгөө талаас гадаад зах зээл рүү бурууг чихэх ямар ч үндэс байхгүй. АНУ-ын эдийн засаг өсөх хандлага руу орлоо гэж томоохон уулзалтууд дээр албан ёсоор мэдэгдэж байна. Европын эдийн засаг сааралтаж байгаа ч тогтворжлоо. БНХАУ-ын эдийн засаг хүлээгдэж байгаагаар 7.5 хувийн өсөлттэй гэж мэдэгдлээ. Японы эдийн засаг өсч эхэллээ. Гадаад орнуудын эдийн засаг ийм өсөлттэй, эерэг мэдээлэлтэй байхад манай эдийн засаг хямарч байна. Хэрвээ өнгөрсөн хоёр жилд 7.4 их наяд төгрөгийн төсөвтэй, 1.5 тэрбум ам.долларын “Чингэс” бондтой, Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондтой, Монгол банк гурван их наяд төгрөгийн Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөр дэмжлэг үзүүлсэн бол манай эдийн засаг 30 хувийн өсөлттэй байх боломжтой байсан гэж эдийн засагчид дүгнэж байна. Ийм их мөнгөтэй мөртлөө эдийн засаг яагаад хямраад байна вэ. Энэ бүхнийг дүгнэж үзвэл одоогийн эдийн засгийн хямрал Засгийн газрын буруу бодлогоос шууд үүдэлтэй” хэмээн дүгнэлт хийв. Түүний дүгнэлтэд Засгийн газрын гишүүд олигтойхон хариу өгч чадсангүй. Ерөнхий сайд Н.Алтанхуяг ч өмнөх Засгийн тэргүүний энэхүү ноцтой дүгнэлтэд тайлбар хэлж чадахгүй байна.

Өөрөөр хэлбэл одоогийн Засгийн газар түүхэнд байгаагүй их хэмжээний мөнгөтэй байна. Ийм их мөнгө мэдэж зарцуулсан Засгийн тэргүүн Н.Алтанхуягаас өөр байхгүй. Гэвч ийм алтан боломж тохиож байхад эдийн засаг хямарч, төгрөгийн ханш суларч, төсөв тасарч, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаа нь олон хүний анхаарлыг татах боллоо.

Эдийн засаг мөнгөний ийм урвуу хамаарлыг олон хүн Засгийн газрын буруу бодлоготой холбон тайлбарлах болов. Харин Засгийн газрын гишүүд өөрсдийгөө буруугүй гэж мэдэгдсээр байна. Тэгэхээр хэн буруутай байж таарах вэ? Хямарлаа гэж гомдоллоод байгаа ард түмэн үү?

24tsag.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ