Б.Эрдэнэбаяр: Манай төмөр замд 20 компани санхүүжилт хийх хүсэлтээ ирүүлээд байгаа

“Монголын төмөр зам” компанийн Барилга, угсралтын менежер Б.Эрдэнэбаяраас төмөр замын ажлын бүтээн байгуулалтын явц, санхүүжилт, үйл ажиллагаа явуулахад тулгарч байгаа асуудлын талаар тодрууллаа.

-Ухаахудаг-Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр замын гүйцэгтгэгч нь тодорч, бүтээн байгуулалтын ажил нь эхэлчихсэн явж байгаа. Ажлын явц одоо ямар түвшинд байна вэ?

-Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын сунгамал урт 217,9 км байгаа. Харин 267 км гэж ярьж байгаа нь өртөө зөрлөгийн болон ачилтын тойргийн зам нь ороод ийм хэмжээтэй байгаа юм. Одоогоор замын доод бүтэц буюу газар шорооны ажлыг хийж байна. Энэ сарын 1-нээс гүүр, хоолойн ажил эхэлсэн. Одоогоор газар шорооны ажлын явц 40 гаруй хувьтай байгаа.

-Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам хэзээ ашиглалтад орох вэ?

-Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг Солонгосын барилга, зам тээврийн салбартаа тэргүүлдэг “Samsung C&T” компани гүйцэтгэж байгаа. Бид 2015 оны аравдугаар сар гэхэд төмөр замын суурь бүтцийг бүрэн ашиглалтад хүлээж авахаар гэрээ байгуулсан байгаа. Ерөнхий гүйцэтгэгч “Samsung C&T” компани нь дотоодын 11, Хятадын нэг компанийг туслан гүйцэтгэгчээр авч, газар шорооны ажлыг хийлгэж байгаа.

-1800 км төмөр замын ажлынхаа санхүүжилтийг хэрхэн босгохоор төлөвлөж байгаа вэ?

-Монголын төмөр зам төслийн хүрээнд нитй 1800 км замын ажил хийхэд 5,2 тэрбум ам.долларын санхүүжилт хэрэгтэй гэсэн ерөнхий тооцоо байдаг. “Чингис” бондын хөрөнгөөс манайд 400 сая ам.доллар өгнө гэснээс одоогоор 200 сая ам.долларыг олгосон байгаа. Дээр нь манай санхүүгийн зөвлөх компаниуд гадны хөрөнгө оруулагч, олон улсын банз санхүүгийн байгууллагаас хөрөнгө босгохоор ажиллаж байгаа. Тэгвэл одоогоор манай Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам барих ажлын гүйцэтгэгч компанид шаардлагатай үнийн дүнгийн 20 хувийг нь өгөөд ажиллуулж байна. Харин уаашдаа ажлынхаа гүйцэтгэлийн дагуу манайд нэхэмжлэлээ өгч, санхүүжилтээ авах юм.

-Төслийн санхүүжилтийг босгохоор гадны томоохон хөрөнгө оруулагч, банк санхүүгийн байгууллагуудад танайхаас санал тавьж байгааг та онцоллоо. Энэ ажил ямар түвшинд явж байна вэ?

-Монголын төмөр зам төслийн 51 хувь нь төмөр замын эзэмшилд үлдэх бол үлдсэн 49 хувь нь гадаад болон дотоодын хөрөнгө оруулагч, томоохон компаниуд хувь нийлүүлж оролцох бүрэн боломжтой байгаа. Манайх төслийнхөө ажлыг ийнхүү эхлүүлсэн, одоо та бүхэнд ийм боломж байна гэсэн мэдээлийг хөрөнгө оруулагчдад хүргэхээр манай санхүүгийн зөвлөх компани ажиллаж байгаа. Энэ тэр компанитай хамтарч ажиллана гэсэн шийдвэр гараагүй ч хэлэлцээрийн шатанд явж байгаа. Одоогоор 20-иод компани санхүүжилт хийх саналаа ирүүлсэн байгаа. Тэдний олонх нь гадаадын компани юм.

-Үлдэж байгаа буюу зүүн чиглэлийн 1600 орчим км төмөр замын ажил хийгдэж байгаа юу?

-Зүүн чиглэлд буюу Таван толгой-Сайншанд, Баруун-Урт-Хөөт-Бичигт, Хөөт-Чойбалсан-Эрээн цав чиглэлийн 1600 орчим км төмөр замын зураг төслийн ажлыг “Hippon Koei” хэмээх Япондоодээгүүрт ордог том компани хийж байгаа. Одоогийн байдлаар эдний ажил 30 орчим хувьтай байна. Тэдний хувьд замын зураг төсөл хйих, тендерийн материал бэлтгэх ажлыг хийж өгөх юм. Бид тэднээс энэ ажлыг нь ирэх жил хүлээж аваад гүйцэтгэгчээ шалгаруулахад бэлэн болгож өгнө гэсэн үг. Ирэх оны зургадугаар сараас бид газар шорооныхоо ажлыг эхлүүлж, 2017 оны сүүлчээр дуусгахаар зорилт тавчихсан байгаа. Гэхдээ төмөр замын ажлыг гүйцэтгэгч тодорсны дараа хугацаа нь илүү тодорхой болох юм.

-Бүтээн байгуулалтын ажил хийхэд хүндрэлтэй, ажлыг уяж байгаа зүйл юу байна вэ?

-Хүндрэлтэй зүйл олон байна. Хамгийн эхэнд машинаар нүүрс зөөдөг хуучин шороон зам нь манай төмөр замын трасстай таван хэсэгт огтлолцсон. Гэтэл үүнийг шилжүүлье гэхээр зардлыг нь хэнээс авах нь тодорхойгүй байна. Засгийн газар “Говийн зам” гэж автозамыг өөртөө авах юм бол асуудал шийдэгдэх байх. Энэ жилдээ бид газар шорооны ажлаа болж өгвөл дуусгана гэж төлөвлөж байгаа ч энэ байдал саад болж байгаа юм. Дараагийнх нь орон нутгийн асуудал.трасс дээр гурван айлын өвөлжөө дайрчихсан байгаа. Гэтэл нүүлгэе гэхээр зах зээлийн ханшаас илүү мөнгө нэхэж байна. Дээр нь орон нутгаас авах түгээмэл тархацтай ашигт малтмалын төлбөр асуудал үүсгэж байна. Нэг шоо метр газар 1550 төгрөгийн үнэтэй байдаг. Гэтэл зургаа, долоо орчим сая шоо метр газар ашиглах хэрэгцээтэй байгаа болохоор 10,4 тэрбум төгрөг үүнд зарцуулахаар болчихоод байгаа юм. Орон нутагт үүнийг хөнгөлж өгөөч гэж санал явуулсан ч хүлээж аваагүй. Орон нутгийнхаа авто зам дээр энэ төлбөрийг нутгийн удирдлагаас 65 хүртэлх хувиар хөнгөлсөн байна лээ. Гэтэл бидэндтийм боломж олгохгүй байгаа.

-Орон нутгийнхан яагаад төмөр зам барих ажлыг дэмжихгүй байгаа юм бэ?

-Өмнөговь аймгийн Ханбогд суманд уул уурхайн том төслүүд хэрэгжиж байсан болохоор тэдэнд аль болох л биднээс мөнгө салгах сонирхол их харагдаж байгаа нь хамгийн хүнд байна. Уг нь орон нутагт нь хөгжил авчрах төмөр зам тавих гэж байхад үүнд харин ч баярлаж дэмжмээр юм. Бид аль болох л орон нутгийн иргэдийг ажилд авч, хүнсээ ч тэндээс бэлтгэж байгаа.

-Төмөр зам дагасан бусад ажил болох өртөө зөрлөгийнх нь барилга байгууламжийг барих болон вагон, зүтгүүрээ худалдаж авах чиглэлд бодит ажил хийж байна уу?

-Төмөр зам барина гэж яриал байгаа болохоос биш энэ чиглэлийг хүмүүс анхаарах нь сул байна. Гэхдээ бид өртөө, зөрлөгийн барилга байгууламжийг барих, вагон зүтгүүрээ худалдаж авах зэрэг ажлын тендэрийн материалыг бэлтгэж байгаа. Вагоны хувьд 15 сая тонн ачаа тээвэрлэнэ гэж бодвол түүндээ таарсан вагоныг авах шаардлагатай болох юм. Цаашдаа эрэлт нь нэмэгдээд ирвэл бид хүчин чадлаа уламл нэмэх болно. Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлд ачаа зөөх бол зүүн тал руугаа хүн тээвэр хийх ч боломжтой болох юм.

Ярилцсан: Б.Ууганбаяр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Мэдэгдэл
Өчигдөр 15 цаг 42 мин

Улаанбаатарт 19 хэм дулаан
Уржигдар 07 цаг 51 мин