Тулгат: Хип хоп миний анхны хайр

Энэ удаагийн хип хоп буландаа реппер Тулгатыг урилаа. АНУ-ын Лос Анжелос хотод ажиллаж, амьдардаг түүнийг Рокит бэй, Gee-тэй хамтарсан “Микрофоны ард” дуугаар нь хүмүүс таньдаг болсон.

Англиар цэвэр дуудлагатай үглэж, үнэн сэтгэлийнхээ үгийг дуугаараа илэрхийлдэг тэрбээр 2011 оны “MTV Video music awards”-ын оддын үдэшлэгийн үеэр уран бүтээлээ толилуулж, Монголынхоо нэрийг гаргаж байсан.

Дуучин Номинжинтой хамтран дуулсан “Time is flying” дууг нь биллбоардад өрсөлдөхүйц чанартай бүтээл хэмээн үнэлдэг хүн олон байдаг юм билээ. 15 настайдаа хорт хавдраар өвчилсөн ч хип хопын тусламжтай ялан дийлж чадсан Тулгат хүүгийн амьдралаас сэдэвлэсэн “Маргаашгүй” кино ч байдаг. Түүнтэй фэйсбүүк хуудсаар харилцсанаа хүргэе.

-Шинэ цомог гаргах гэж байгаа гэсэн үү?

-10 уран бүтээлтэй цомгийнхоо шүлгийг нь зохиочихсон. Одоо хоолойгоо бичүүлэх л үлдлээ. Хип хопыг регги, поп, dubstep зэрэг төрөл бүрийн урсгалтай хослуулсан өвөрмөц цомог гаргахаар төлөвлөөд байна.

-Америкийг зориод хэдэн жил болж байна вэ. Хэзээ ирэх вэ?

-Одоогоос 12 жилийн өмнө Америкт ирсэн. “Матрикс Бленд” хэмээх компанитай хамтарч ажиллахаар болсон. Америкийн зах зээлд гарч, зорилгодоо хүрэхээс нааш очихгүй. Харин Монголдоо очихоороо тоглолт хийнэ.

-Хорт хавдартай зоригтой тэмцэж, эдгэснээр чинь олон хүн бахархдаг. Энэ хэцүү үедээ хип хопод дуртай болсон гэж сонссон.

-15 настайдаа хорт хавдар тусахад миний амьдрал орвонгоороо эргэж, дэлхий хөмрөх шиг болсон. Амьдрал ямар үнэ цэнэтэйг энэ үед л ойлгосон. Мэс засалд орж, лазерын эмчилгээ хийлгэсний дараа миний үс халцарсан. Тэр үед шинэ сургуульд дөнгөж элссэн учир найзалж эхэлж байсан хүмүүс зайгаа барьж, шоолдог болсон. Сэтгэлээр унаж, амиа хорлох тухай ч бодсон удаатай. Нэг өдөр англи хэлний багш өөрийнхөө яг одоо мэдэрч байгаагаа үгээр илэрхийлж, шүлэг зохиох даалгавар бидэнд өглөө. Яаж шаналж, сэтгэлээр унаж байгаагаа, тэдний намайг шоолох яаж өвтгөж буйг шүлэгтээ бичээд ангийнхны өмнө уншихад өмнө нь мэдэрч байгаагүй сайхан мэдрэмж төрсөн. Надтай харилцдаггүй байсан хүүхдүүд уйлж, зарим нь алга ташсан. Тэр цагаас хойш өдөр бүр шүлэг бичиж, сэтгэлээ онгойлгох дуртай болсон.

-Тэгээд хэзээнээс хип хоп дуулдаг болсон бэ?

-Удалгүй би хуучин сургууль руугаа шилжсэн юм. Сайн найз Робертдоо шүлэгнүүдээ уншиж өгөхөд хип хопод дуртай эсэхийг минь асуугаад “Welfrare records” нэртэй хамтлагийнхантай танилцуулсан. Тэдний продюсер Кеннет Торрес надад хип хоп гэж юу байдгийг мэдрүүлсэн. Өөрийн бодлоо хип хоп дуугаар илэрхийлснээр дотор онгойж, хэцүү үеийг даван туулсан.

-Ямар дуу хип хопод дурлуулсан бэ?

-Нүгэл хийж, хорон санаа агуулбал хэзээ ч сайн зүйл болохгүй гэдгийг өгүүлдэг Слик Рикийн “Children’s story” дуунд анх дуртай болсон. Хип хоп миний анхны хайр. Бусдын туулж байсан амьдрал, зовлонгоос үүссэн. Репперүүд туулсан бүхнээ дуугаараа илэрхийлж, сонсогчид түүнээс ухаарал авдаг.

-Үхэлтэй нүүр тулсан хүн амьдралын амтыг илүү мэдэрдэг гэдэг. Хүнд өвчин туссан нь таныг илүү хөдөлмөрч болгожээ.

-Би хорт хавдартай болсондоо харамсдаггүй. Амьдрал ямар үнэ цэнэтэйг ойлгож, хүмүүжил, зан араншинд ч сайнаар нөлөөлсөн. Хорт хавдар тусаагүй бол шүлэг бичиж, хип хоп дуулахгүй, бусдыг хүндэлдэггүй, зорилгогүй амьдрах байсан. Бид хайртай хүмүүсээ, байгаа бүхнээ алдсаныхаа дараа ямар үнэ цэнэтэй байсныг нь ойлгодог. Надад хором, мөч, секунд бүхэн үнэтэй. Үхэлтэй хоёр ч удаа нүүр тулсан болохоор одоо айхгүй. Цаг нь болохоор бүгд хорвоогоос явна. Гэхдээ өдөр бүрийг маргаашгүй юм шиг өнгөрүүлэх хэрэгтэй.

-Саяхан нэгэн сонгодог урлагийн хамтлагаас ярилцлага авахад хип хопыг урлаг биш, репперүүдийг уран сайханчид гэж байсан. Энэ тал дээр ямар бодолтой байна вэ?

-Тэгж боддог бол харамсалтай юм. Бидний бичиж байгаа шүлэг, ая, үглэж байгаа бүгд сэтгэлээс гарч байхад ингэж ойлгож байвал урам хугармаар юм. Сүүл толгой холбож, адилтгал зүйрлэлээр өөрийгөө илэрхийлж, үгээр тоглож, захирч чаддагаараа хип хоп гайхамшигтай.

-Хип хопын өлгий нутагт олон жил амьдарлаа. Монголын хип хоп юугаараа ялгаатай вэ?

- Америкт мөнгө олох хэрэгсэл болж машин хүүхний тухай магтан дуулж утга учир, үнэ цэнээ алдсан. Гэтэл хип хоп туулах зам, амьдралын үнэн шүү дээ. Монголын хип хопчид энэ утга учрыг нь алдуулалгүй дуулж байгаа нь бахархмаар.

-Яагаад Монголоор дуулдаггүй юм бэ? Эх хэлээрээ үгэлсэн дуу бий юү?

-Анхнаасаа үг бичихдээ англиар сэтгэдэг болчихсон. Монголоор үглэх миний хувьд хэцүү. Англиар үг бичих чадвараа сайжруулахыг зорьж байна. Нэг нартай өдөр Монголоороо дуулна аа.

-Цаашдын зорилгоосоо хуваалцахгүй юу?

Дуу хөгжим хүнийг 360 градус эргүүлж чадах шидтэй. Би хүмүүст дуугаараа нөлөөлж сэтгэлдээ сайн сайхан бодол тээж, өөдрөг амьдрахад нь тусалмаар байна.


Б.ДӨЛ www.mongolnews.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ