Герман “aмерикжих” уу

Канцлер Ангела Меркель гурав дахь удаагаа улсынхаа удирдагчаар сонгогдсон нь анх удаа эмэгтэй хүн гурав дараалан ерөнхий сайдаар сонгогдсон түүхэн үйл явдал боллоо. Түүний энэхүү бахдам амжилтыг европчууд тэмдэглэж байна.

Меркелийг сүүлийн дөрвөн жил дараалан оны хамгийн хүчирхэг эмэгтэйгээр нэрлээд байгаа.

Харин одоо түүний дараагийн алхмууд дэлхий нийтийн анхааралд оров. Сонгуулийн сурталчилгааны үеэр амлаж байсан амлалтуудаа хэрхэн биелүүлэх, улс орон, бүс нутгийнхаа эдийн засгийг яаж сайжруулах гэхчлэн шийдэх асуудлууд олон бий. Германчуудын өнөөг хүртэл явж ирсэн замнал хэр зэрэг ашигтай байв. Ангела Меркелийн улс орноо удирдсан он жилүүд хэр амжилттай байсан. Одоо түүний хэрэгжүүлэх бодлого ямар байх зэргээс олон зүйл шалтгаална.

Евопын зузаан хэтэвч гэгдэж буй Германы мөнгөний хатуу бодлого нь ирэх өдрүүдэд хөрш орнууддаа ихээхэн нөлөөлнө. Германы сонгуулийн үр дүнг хүлээж цаашдаа хэрхэхээ шийдэхээр хүлээж суусан улсууд одоо Меркелийн юу хэлэх, юу хийхийг анхааралтай ажиж буй.

Сүүлийн үед Германы хатуухан бодлого нэг л суларч улс төрийн систем нь “Америкжих” хандлага ороод байгааг ажиглагчид хэлж байна. Германы дараагийн алхмууд тодорхой бус, улс төрийн замнал нь нууцлаг хэвээр байгаа энэ байдал нь тэдний нууц хөзөр ч байж мэдэх юм. Гэхдээ “Америкжихдаа” тэд бодлоготой хөдлөх нь тодорхой. Анхнаасаа эдийн засгийн нарийвчилсан бодлоготой ханддаг тэдний хувьд улам хүчирхэг эдийн засагтай болохыг зорьж байгаа. Хамгийн хэцүү үед ч гал алдаагүй германчууд одоо бүдэрнэ гэж байхгүй. Үйлвэржилтээ улам нэмэгдүүлж хэтэвчээ улам зузаатгаж, гадаад харилцаагаа илүү хүчирхэг болгох нь тэдний нэн тэргүүний зорилго.

Угаас тооцоотой, хянамгай ханддаг тэднийг сонгуулийн сурталчилгаанд хэр их мөнгө зарцуулснаас нь харж болно. Өнгөрсөн оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиар тэрбум ам.доллар зарцуулсан бол Германы сонгуулиар ердөө 25-30 сая ам.доллар зарцуулсан байгаагаас харж болохоор байна.

Ерөнхийдөө ажиглагдаж буй төлөв гэвэл АНУ цаашдаа хэтэвчээрээ Азиас Хятад, Европоос Германтай нэгдэх сонирхолтой байгаа. Тиймдээ ч эдийн засгаараа дамжуулан улс төрд нь нөлөөлөхийг санаархах нь гарцаагүй. Гэхдээ угийн “чоно” германчууд өөрсдийн эрх ашигт нийцсэн зүйлд л нийцэхүйц сонголт хийнэ биз ээ.

Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ