Л.Эрдэнэбаатар: Нэвтрүүлнэ гэдэг урлаг юм шүү дээ

-Нэвтрүүлэгч эх хэлээ хамгаалагч байх ёстой-

TV-9 телевизийн нэвтрүүлэгч, МУСТА Л.Эрдэнэбаатартай ярилцав. Улсын “үй түмэн” зурагтын нэвтрүүлэгчдээс унаган хэлээрээ илүү уран тансаг ярьдаг хуруу дарам цөөхөн хүний нэг түүнийг гэж би боддог юм.Ингээд яриаг нь хүргье.

-Уламжлалт асуултаар яриагаа эхэлье. Нутаг ус, хүүхэд насаа дурсвал сонин байх болов уу?

-Дундговийн Мандалговь сумын шороон дунд төрж өссөн хүүхэд дээ. Манай нутгийг чинь дуу, хуурын өлгий гэдэг юм ш дээ. Ямарч байсан “зүгээргүй” хүмүүс байдаг шүү. Наадамд гурван даваатай, найранд гурван дуутай улс даа. Тийм л нутаг, тийм л хүмүүс дунд бага нас минь өнгөрчээ. Сургуулийн урлагийн үзлэгээр “этюд”-эрхүү юм хийнэ. Шүлэг уншиж, дуу дуулж явсангүй ээ. Өсвөр насандаа харин багагүй нүгэл хийчихсэн гэж байгаа. Тарвага овоо шоглосон доо. Сахиж ч, гүйгээд ч буудчихдаг байлаа. Аав маань муугүй анчин байв шүү. Аравдугаар ангиа төгсөөд шууд цэрэгт явчихсан. Цэргүүд, дарга нараа уйдаахгүйн тулд бөх тайлбарладаг байлаа. Цэргүүдээ барилдуулаад, эсвэл хоосон тайлбарлана. Зарим дарга уйдахаараа дуудна. Тэгж байтал “Тангаргийн баяр” болов. Цэргүүд барилдаад, би тайлбарлаад л... Тэгтэл салааны дарга Үйтүмэн дуудаж байна гэв. За баларлаа гэж бодоод л очлоо. Рапорт өгтөл, “Бөх тайлбарлагч нь чи байсан юм уу. Холоос цангинаад байхаар нь мэргэжлийн тайлбарлагч ирсэн юм болов уу гэж бодлоо. Сайн байна” гээд 24 цагийн чөлөөгөөр шагнаж билээ. Санаанд одоо ч их тод байна. Анхны тайлбар, анхны шагнал, сайхан дурсамж байгаа биз.

-Тийм байна аа. Тэгээд юу болов?

-Цэргээс халагдаад харьсан. Миний найз аймгийн заан Ганхуяг хоёр жил дараалан залуучуудын улсын аварга шалгаруулах үндэсний бөхийн тэмцээнд ирсэн юм. Тэд тусгай унаагаар явчихна. Би бензины машинаар Чойр ороод, тэндээс вагоноор Улаанбаатарт ирж, Спортын төв ордныг сураглан очиж үзнэ дээ. Тэгж байхдаа бөх тайлбарлагч, Улсын начин, хожмоо Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн болсон А.Ганбаатар агсан бөх тайлбарлахыг сонсоод ихэд биширсэн дээ. Хариад л Ганбаатайгаа барилдаад, гараа амандаа авч бөхөө тайлбарлаад явчихна даа. Тэгж байтал, 1995 онд МҮОНТ нэвтрүүлэгч шалгаруулж авна гэсэн зар тараалаа. Түүнийг сонсоод л нааш давхичихсан. Янз бүрээр шалгуулаад, 200 хүнээс дөрөвт үлдээд “уналаа”. Урам хугараад шалгалтын комисс дээр нь тавиад орлоо. “Сахал” хэмээх Энхжаргал ах “Чамтай уулзая гэж бодож байтал өөрөө хүрээд ирлээ. Нас чинь бага байна. Үндэсний нэвтрүүлэг хөтлөхөд хоолой чинь ч болоогүй. Тэгэхдээ өөрийгөө манай хүн гэж бодож яваарай” гэв. Ингээд харилаа. Бусдыг дагаад наймаанд явав. “Гурван хор”-ыг ч хэрэглэж сурлаа.

-Хил дамнан наймаа хийдэг ганзагачин болоо юу?

-Тэр үед бараг нийтээр тийм л байсан ш дээ.

-Тийм л дээ, хэр ашигтай наймаалцаж байв гэдгийг чинь л сонирхсон юм?

-Наймааны “алтан” үе болохоор бусдын адил явлаа. Одтой байсан шүү.

-Тэр чигтээ бизнес хөөхгүй яав?

-Ер нь тэгж бодож байлаа. Манайх Багануурт шилжээд байлаа. Хоёр жил тойрч байсан шиг санагдана. Манайхан, хотоос яръя гээд байна гэв. Оройхон утас дуугарлаа. Авбал, радиогийн Цэенханд эгч ярьж байна. Өмнө нь шалгуулахад комисст байсан юм билээ. Радиод нэвтрүүлэгч шалгаруулж авах болсон. Хүрээд ир гэв. Ирээд дамжаанд суугаад, хоёр жил дагалдаад жинхэлсэн. Олон ч хүнд загнуулсан даа. Цагаан гуй их загнана. “Буддизм ба шинжлэх ухаан” нэвтрүүлгийн энэ хэдхэн үгтэй толгой унших гэж зүдэрсэн шүү. Болоогүй ээ. Чи ер нь мал юм уу, хүн юм уу гээд л авч гарна. Найруулагч Болор эгч их ч уншуулсан, их ч аашилсан. Одоогийн хүүхдүүд ийм юмыг давахгүй байх аа. Нэвтрүүлэгчид тавих шаардлага тийм л өндөр байсан юм. Одоогийнх шиг царай, хоолой тохирлоо гээд шууд эфирт орохгүй ш дээ. Чөлөөтэй сайхан ярьдаг болж байж л тийшээ шагайдаг хуультай. Чөлөөтэй ярина гэдэг чөлөөтэй чалч гэсэн үг биш. Сүүлд нь Билигээ эгч, Чука ах нартай зэрэгцээд уншаад ирэхээр зүгширдэг юм билээ. “Аваргууд”-ыг дагах шиг сайн сургууль хаана байхав. Тэдний гараар ороод л “хүн болсон” гэж боддог.

-Нэвтрүүлэгч яггүй мэргэжил. Зарим хүн өнгөц ойлгодог юм билээ. Сэтгүүлчдийн бэлдсэн бэлэн материал уншаад л болдог гэж боддог бололтой?

-Харин тийм ээ. Их гүехэн хардаг болов уу. Үг, үсгийн алдааг бол ч яахав, засаад явчихна л даа. Туршлагагүй байхад логик алдаа гаргана шүү дээ. Тухайлбал, жижиг гинжтэй эксковатор гээд л ороод ирж байгаа юм. Шууд уншчихаар эксковатор нь томроод явчихна. Жижиг гинжит эксковатор гэхэд болох жишээний. Сэтгүүлч, редакторын үүрэг байлгүй яахав. Гэхдээ туршлагатай нэвтрүүлэгч эгзэгтэй юмыг аваад л гардаг юм. Заримдаа гүйлгэж хараад л орно ш дээ.

-Сүүлийн үед эх хэлний талаар их ярих болжээ. Хэл эвдэрч байна. Радио, телевизийн нөлөө байна ч гэх шиг. Өөрийн чинь саналыг сонсоё?

-Би мундаг хүн биш. Чулуунбат гавьяатын үгийг хэлчихье. “Аливаа зүйл жанжин шугамаа алдах нь ихэслээ. “ FM” бий болсон нь нөлөөлж байна. Олдмол хэлтэй боллоо. Түүнээс олдмол сэтгэхүй үүсдэг. Тэгээд “хагас” хоолойгоор уншихаар юу болохов дээ” гэж. Үнэн байх шүү. Тэд Явуугийн “Би хаана төрөө вэ”-г уншихгүй ш дээ. Шүлэг сайхаан. Зүйрлэх юм алга даа. Хагас цаг, цаг, цаг гаруй үргэлжилдэг найраглал уншихад огт хөдлөхгүй сонсдог хүн байдаг. Хоёр, гуравхан мөр шүлэг сонсож чаддаггүй нэгэн ч бий. Адарсүрэн ахыг 17 дахиулж байсан удаатай гэдэг байх аа. Аливааг хүнд яаж хүргэхээс их шалтгаална.Залуусыг шүүмжлээд яахав. Цаг үе нь ч тийм юм уу. Хар яриагаар ярьчихаж байна ш дээ. Уг нь нэвтрүүлнэ гэдэг чинь урлаг байгаа юм. Би боддог л доо. Нэвтрүүлэгч эх хэлээ хамгаалагч байх ёстой. Хэлний нэг мэргэжилтэн надад “Чи эх хэлээрээ 60 гаруй хувьтай ярьж, 70 хувьтай ойлгодог хүн юм” гэсэн шүү. Тэгэхээр би бас л болоогүй байгаа биз. Нэг бодлын сайхан, нөгөө бодлын хэцүү ажил. Нэвтрүүлэгч, хөтлөгч болохын тулд уйгагүй л хөдөлмөрлөх хэрэгтэй. Бас их унших ёстой.

-Та нарын дуу, хоолой тусгай биз?

-Мэдээж. Минийхийг баритон гэдэг.

-Төрөлхийн гэсэн үг үү?

-Тэгэлгүй яахав. Байгалиас заяасан материал байхгүй юу. Зүйрлэвэл, хичнээн бэлдээд жир хүн Бат-Эрдэнэ аварга шиг бөх болохгүй биз дээ. Адилтгавал тийм л юм. Хичээл зүтгэл байлгүй дээ. Ер нь манай говийнхны хоолой өөр ш дээ. Тэр цэлийсэн талд хол харна. Хол харж байгаа юм чинь чанга дуугарч таарнаа даа. Намайг багын дуу чангатай гэдэг байсан юм шүү. Хэн нэгийгээ дуудахад цуурайттал хашгирдаг байлаа. Дагийранз гавьяатын ярианы, Норовбанзад гавьяатын дууны өнгө сонгодог гэвэл таарна. Давтагдахгүй шүү. Би Адарсүрэн, Өлзий-Орших, Норовбанзад, Банзрагч, Түмэндэмбэрэл гээд гайхамшигт дуучдыг л сонсдог доо. Мартсанаас эмээ маань хэлдэг байж билээ. “Адарсүрэн, Адарсүрэн гээд л явахаар радиод очоод нэвтрүүлэгч хийгээч” гээд л... Бараг тэр ерөөлөөр болсон байх гэж бэлгэшээдэг. Нэг юм нэмээд хэлчихье. Хүн, амьтан байгалиа дагамтгай санагддаг юм. Жишээ нь, эрчүүдийг чармай нүцгэлээд харъя л даа. Увсын хийц тусдаа. Тэндээ улбагарт ордог эр бусад газарт мах чангатай л гэгдэнэ. Төвийн хийц бий. Холимог, саармаг талдаа. Говь, зүүн чигийн хийц өөр. Эм махтай, улцайсан нөхөд байдаг. Түүнтэй адил эд, эрхтэн нь ч тийм. Тал, говийнхон тавиун хол хараад, тэр хэмжээгээр дуугарах жишээтэй.

-Яаж яваад телевизэд урваж орхив?

-Цэвэр тохиолдол гэх үү дээ. Хэсэг хугацаанд гудамж метрлэж яваад “TV-9” телевизийн захирал Энхбат ах дээр очоод үнэнээ л хэллээ. Хөтөлж очоод нэг юм уншуулаад, маргааш ирж “дурандуул” гэлээ. Камераар харахыг хэлж л дээ. Дурандуулчихаад л явсан. Төдөлгүй дуудаад л нэвтрүүлэгч болсон доо. Бямбацогт багш өмнө нь хэлдэг байсан юм. “Заавал радиогоор дамжина шүү” гээд л... Одоо бодоход учиртай үг байж.

-Нэг зүйл асуухгүй өнгөрчих шахлаа. Нэвтрүүлэгч хийгээд бөх тайлбарлагч, бөх тайлбарлагч бөгөөд нэвтрүүлэгч байдаггүй гэж сонссон юм?

-Нарийндаа бол тэс өөр шүү. Бөхийг мэдэрч тайлбарлана. Бөх мэддэг байх хэрэгтэй. Нэвтрүүлэг унших өөр. Жишээ нь эмгэнэлийг мэдээ шиг уншихгүй л дээ. Одоогийн залуусын нэг алдаа бүхнийг хуурай жүжиглэлтээр аргалах гэдэгт байгаа юм. Нэвтрүүлэгч хүн нэвтрүүлэгтээ орж байж уншвал амьдардаг. Амьд нэвтрүүлэг хүнд хүрэх нь ойлгомжтойш дээ. Нэг нь эмоцитой, нөгөө нь тогтуун ч гэдэг юм уу. Баярын нэвтрүүлэг хөтлөх бас ондоо. Ёстой л тухайн хүний төрөлх авьяас, чадвар их нөлөөлнө.

-Тийм байх аа. Ажиглаад байхад радио, телевизийн нэвтрүүлэгчид уулзалт, үдэшлэг, хурим, ойн арга хэмжээ хөтөлж харагддаг. Ийм урилга дарна биз?

-Дарнаа. Гэхдээ улирлын чанартай гэж болно. Намрын сар найм биш. Гуравхан сартай. Дотроо хэдхэн сайн өдөртэй. Түүнд нь тохируулаад хэдэн “юм” хийгээд авнаа. Сүүлийн үед хуримд их гаршаад байгаа шүү. Хуримыг бэлгэ дэмбэрлийн өнгөөр, ёс жаягийн дагуу, жудагтай удирдаад, зохицуулаад явна гэсэн үг. Нарийн шүү. Миний муу 91053955 наадмын дараагаас байнга л хангинадаг даа. Нэг юм хэлье гэж бодлоо. Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол, тэмдгийг би 15 жил хөдөлмөрлөж байж авсан. Гэсэн ч ичээд зүүж чаддаггүй. Би ер нь юу хийсэн хүн бэ гэж бодогдоод болдоггүй юм.

- Нэг сайхан дурсамжаа хуваалцаач?

-Би өөрийгөө их азтай гэж боддог. “Бурхан багшийн сургаал” хэмээх Монголдоо анхных болох “СД” цомгийг унших санал нутгийн лам Дагва тавьснаар амилуулсан гэх үү дээ. Адьша, Ерэнтэй ах хоёрын “Монгол бөхийн хөгжлийн түүх” “СД”-ний танилцуулга, холбоосыг уншсанаа бэлгэшээдэг.

-Ойрд сэдсэн, бодсон юу байна?

-Монголчуудын сэтгэлийг сэвэлзтэл, намар гэж юу байдгийг ой тойнд нь буутал “Ургацын далай”-г дуулсан дуучин Эрдэнэгомбо ах хүнд өвчтэй байгаа. Тэр хүний эмчилгээнд зориулсан хандивын тоглолт хийхээр ажиллаж байна. Манай тариаланчид, уран бүтээлчид, баянхонгорчууд, ер нь дээрх дууг сонсох дуртай хүн бүхэн сэтгэлийн дэм өгч оролцох байхаа гэж найдан бэлдэж байна даа.

-Гэр бүлээ танилцуулаад яриагаа өндөрлөх үү?

-Эхнэр Хишигээ нягтлан бодогч. Охин Бүжинлхам сурагч. Гурвуулаа амьдардаг.

-Сэтгэл харамгүй ярилцсанд байрлалаа.

-Танай хамт олонд ажлын амжилт хүсье.

Г.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ