МИАТ-ийн асуудлаас үүдсэн Х.Тэмүүжин, Ц.Оюунгэрэл нарын зөрчил гүнзгийрлээ

Шинэчлэлийн Засгийн газрын залуу сайд Х.Тэмүүжингийн бодлогыг олон нийт ихээхэн дэмжих болсон. Харин тэрээр олон нийтээс дэмжлэг авдаг шигээ нам дотроо дэмжлэг авч чадахгүй байна.

Анх Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдахад Х.Баттулгыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар томилогдох ёс зүйн эрхгүй. Ашиг сонирхлын тухай хуулийг зөрчиж байна. Хувьдаа мах, гурилын үйлдвэртэй хүн Үйлдэр, хөдөө аж ахуйн салбарын тэргүүлэх нь Ашиг сонирхолын тухай хуулийг зөрчиж байгаа тухай байр сууриа илэрхийлсэн. Хүмүүс ч энэ томилгоон дээр ашиг сонирхолын асуудал хөндөгдөлөө гэж тайлбарласаар байтал Х.Баттулгыг томилсон. Дараа нь Х.Баттулга сайд Х.Тэмүүжин андуурч тайлбар хийсэн тухай байр сууриа илэрхийлээд энэ асуудал чимээгүй болсон. Өөрөөр хэлбэл Х.Тэмүүжин МоАХ-ныхноос сануулга аваад чимээгүй болсон байх магадлалтай.

Хамгийн сүүлд л гэхэд Х.Тэмүүжин сайд танхимын гишүүн ССАЖ-ийн сайд Ц.Оюунгэрэлийн байр суурьт эргэлзэх болсноо олон нийтэд сонордуулав. Учир нь ССАЖ-ийн сайд Ц.Оюунгэрэл МИАТ-ийн захирал асан Бат-Эрдэнэ, Ц.Орхон нарыг буруугүй хэмээн хэвлэлээр зарласан юм. Тэгэхдээ хууль шүүхийн байгууллага үнэнийг ялгаж салгахгүй байна, буруугүй хүмүүсийг хоморголон шийтгэлээ, хуулийн байгууллага иргэдийг хэлмэгдүүллээ гэх мэт тайлбаруудыг хийсэн юм. Тухайн үед авлигатай тэмцэж буй Засгийн газрын танхимын сайд авлигатай орооцолдсон хүмүүсийг “манай тойрог” гэсэн үндэслэлээр өмгөөлж шүүхийн ажиллагаанд нөлөөлөх гэж оролдлоо гэсэн шүүмжлэл хүчээ авч байсан.

Тэгвэл энэ асуудлаас болж Хууль зүйн сайд Х.Тэмүүжин ССАЖ-ийн сайд Ц.Оюунгэрэл хоёр сүүлийн үед ихээхэн зөрчилдөх болжээ. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин МИАТ-ийн асуудлыг хуулийн дагуу шударга шийдвэрлэсэн гэж салбарын ажилчидаа өмгөөлж байгаа. Харин Ц.Оюунгэрэл хуулийн байгууллага гэмгүй иргэдийг хэлмэгдүүллээ гэсэн байр суурийг баримтлах болсноос тэдний зөрчил гүнзгийрчээ. Тэд МИАТ-ийн асуудлаас бол танхимын гишүүдийнхээ өмнө чи, би-дээ тулсан тухай яриа шаргал орндоор тарсан байна. Улс төр судлаачид МИАТ-ийн асуудал дээр гэхээсээ АН-ын бүлэглэлүүд хоорондын зөрчил ингэж илэрч байгаа хэмээн тайлбарлаж байгаа юм.

Саяхан Хууль зүйн сайд Х.Тэмүүжин энэхүү зөрчлийнхөө талаар “Тодорхой гэмт хэргийг шүүхээс шийдвэрлэж байгаа асуудалд УИХ-ын гишүүн оролцох бүрэн эрх байхгүй. Мөнгөтэй хүнд хаанаас бол хаанаас ч өмгөөлөгч олддог гэдэг нэг үг байдаг юм. Засгийн газрын гишүүн хүн хүртэл мөнгөтэй хүнийг өмгөөлөөд дуугараад байгаа юм биш биз гэсэн болгоомжлол төрсөн” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. Өөрөөр хэлбэл сайд Ц.Оюунгэрэлийг мөнгөтэй хүмүүсийг өмгөөлөөд УИХ, Засгийн газрынхаа гишүүний нэрээр шүүхэд нөлөөлөх гэж дуугарсан гэсэн санаа л даа. Харин Ц.Оюунгэрэл сайд цаашид ч тойргийнхоо хэлмэгдсэн хүмүүсийн эрх ашгийг хамгаалах талаар анхаарна гэж ойрынх нь эх сурвалж мэдээлэв.

Ийнхүү Засгийн газрын нэг танхимын хоёр гишүүн МИАТ-ийн асуудлаас болоод хоёр тийшээ харж суучихаад байна.
24tsag.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ