Мэргэжлийн удирдлагагүй мал эмнэлгээр малын шүлхий даажигнаад байна уу

Монгол Улсын мал сүргийн эрүүл мэндийн асуудал нь улс төрийг тойрон хүрээлэгсдийн мөнгө олох баавлигалын хэрэгсэл болсоор олон жилийн нүүр үзлээ. Үндсэн хуульд мал сүрэг төрийн хамгаалалтад байх тухай нэгэн зүйл байдаг нь хэзээ ч биелж байгаагүй хуулийн заалт юм. Ган гачиг, зуд турхан, үер усны аюул тулгарч,мал, амьтны халдварт, хордлогот өвчнүүд тохиолдох үед төрзасаг мал сүргийг хамгаалж байсан тохиолдол үгүй бөгөөд төр хамгаалья гээд ч ямар нэгэн арга хэмжээ авч чадахгүй юм.

Хамгийн сайндаа л зудын үедцөөхөн хоног цөөн толгой мал тэжээхэд хүрэлцэхүйцжаахан өвс, тэжээл дөхүүлж өгөх, зарим халдварт өвчний дэгдэлтийн үед вакцин тарих, халдварын голомтын эргэн тойронд хөл хорио тогтоохоос өөр арга хэмжээ авч чаддаггүй. Эндээс дүгнэхэд үндсэн хуулийн дээрх заалт улстөрчдийн популизм хийх хэрэгсэл болохоос цааш хэтэрдэггүй.

Тэгээд ч сүүлийн жилүүдэд мал сүргийн эрүүл мэндийг хамгаалах үүрэгтэй мал эмнэлгийн мэргэжлийн салбар нь улс төрчдийн мөнгө олох хэрэгсэл болсон учраастөр засгийн зүгээс мал эмнэлгийн салбарын бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлдэг бараг бүх албан тушаалд нь зоотехникч, эдийн засагч, хүний эмч, агрономич гэх мэт мэргэжлийн хүмүүсулс төрчид, фракци, намын дэмжлэгтэйгээр очиж суугаад бизнес хийдэг болжээ.

Өөрөөр хэлбэл, мал эмнэлгийн мэргэжлийн ажлыг малын эмч нар хийх боломжгүй болсон гэдэг. Тэдний ажлыг улс төрийн нөлөөллөөр зоотехникч, эдийн засагч, хүний эмч гэх мэт өөр мэргэжлийнхэн булаан авч гүйцэтгэдэг болжээ. Мэргэжлийн бусчууд нь мал эмнэлгийг удирдаж чадахгүй байгаагаас мал эмнэлэг нь мал амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, улмаар нийтийн эрүүл мэндийг хамгаалах, мал сүргийн эрүүл мэндийг хамгаалах, мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гадаад, дотоод худалдаанд баталгаа гаргах зэрэг үндсэн үүргээ биелүүлж чадахгүй байна.

Нэг хүнд ногдох малын тоогоороо дэлхийд дээгүүрт ордог, мал эмнэлгийн боловсон хүчин сайтай гэгддэг манай улсад малын эмч нар мэргэжлийн ажлаа хийх боломжгүй болсон байна. 2007, 2010 онд Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагаас мэргэжлийн экспертүүд ирж ажиллаад ,2011 онд Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс“мал эмнэлгийн салбарыг бие даасанмэргэжлийн салбар байлгах ёстой” гэдэгүнэлгээ, зөвлөмж гаргаж өгсөн ч Засгийн газар, Үйлдвэр хөдөө аж ахуйн яам нь тэдгээр зөвлөмжийг нь үл ойшоон, тус салбарыг авилгалын үүр уурхай болгосоор өнөөдрийг хүрч байна.

Энэ талаар өнгөрсөн хугацаанд олон удаа мэдээлэл гарсаар байсан боловч засгийн газар нь нүд, чихгүй мэт байсаар л байна. Хамгийн сүүлийн мэдээллээс үзэхэд мал эмнэлэг мэргэжлийн удирдлагагүй болсноос малын шүлхий өвчин Монголд байнга голомтлох болов. Энэ оны долдугаар сард Баян-Өлгийн Сагсай суманд гарсан шүлхий, өнгөрсөн 7 хоногт Дорнод аймгийн Халхгол суманд дахин гараад иржээ. Тэнд 30-аад үхэр өвчилж устгаад байна.

2011 оноос ОХУ-аас тусламж болгосон 380 гаруй сая рубль буюу 17 тэрбум гаруй төгрөгийн ихэнхийг нь ОХУ-аас шүлхийн вакцин худалдаж авахад зарцуулсан байдаг. Тухайн үед Монголд тийм их хэмжээний вакцины шаардлага байхгүй байсан бөгөөд ОХУ-аас шахсан хэрэгцээгүй вакциныг манай улсын Хөдөө аж ахуйн яамныхан хуйвалдаанаар авч мал сүрэгт тарьж байна.

Өнгөрсөн 2012-2013 оны өвөл илүүдэл вакцинаа Дорноговь аймагт зориулалтын бус газар хадгалж байгаад бүгдийг нь хөлдөөчихөөд 400-гаад сая төгрөгийн вакцин нь хөлдсөн гэж устгачихаад,700-аад сая төгрөгний вакцин нь хөлдөөгүй байсан гээд одоо Хэнтий аймгийн төвд хадгалаад мал амьтанд тарих гээд байж байна. Нэг хөлдүү байшин дотор өвөлжингөө хэдэн сарын турш хадгалагдсан шүлхийн вакцины хагас нь хөлдөөд, хагас нь хөлдөөгүй гэхэд итгэх хүн байх уу?. Ийм л тоглоом болж байна. Малын эмч, малчдын мэдлэг багатай байдал дээр ингэж л тоглож байна. Бас дээр нь мал амьтан үг хэлж, эсэргүүцэл үзүүлэхгүй учраас авлигачид луйварчид ашигласаар л байна.

Ийнхүү шүлхийн вакцин худалдах, уг вакциныг хүлээж авч тарих үйлчилгээ эрхэлдэгсүлжээний бизнесийн уршгаар манай улсад шүлхийн дэгдэлт ойр ойрхон тохиолдоод байгаа юм биш биз. Шинжлэх ухааны болон холбогдоххяналтын байгууллагууд нь анхаарлаа хандуулж, ажлаа чиглүүлэх цаг болжээ.

Г.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ