Сиймхий ч гэсэн “гэр” чинь

Зуны ганц хоёрхон сарыг монголдоо vдээд л нvvдлийн шувуу шиг буцаад харийн нутаг руу зvглэдэг хvмvvс олон болжээ. Зарим нь ажил амьдралын эрхээр ингэдэг бол бололцоотой хэсэг нь хотын утаа, стресс бухимдлаас зугтан, гадаадад тvр хугацаагаар гардаг.
Миний эргэн тойронд ч гадаад дотоодод ажиллаж амьдарч, сурдаг найз нөхөд ах дүү нэлээд хэд байна. Тэд маань хааяа нутагтаа амралтаараа ирэх л юм. Тэгээд их л яаралтай буцмаар байна гэсэн үгийг олонтаа хэлэхийг сонсов. Манай ах Солонгост ажилладаг юм. Монголдоо ирээд нэг сар болоод буцдаг ажилтай. Гэтэл энд ирэхээрээ л бухимдаж, уурлаж, “Замын түгжрээ гэж бүтэхгүй юм, ийм газар яаж удаан байна” гээд үглэнэ. Тэр Солонгост нь дандаа хурдны замаар давхидаг юм байх аа. Найз маань хүртэл хэдхэн хоног Бээжин явж ирчихээд Монголоо муулж суугаад надаар загнуулав. Гэхдээ энэ хүмүүс "Халуун элгэн нутаг"-аа дуулахаараа уйлж, сонингийн тасархай байсан ч дамжуулаад л уншицгаадаг. Хаа холоос Монголоо гэсэн сэтгэл нь оволздог ч нутагтаа ирэхээрээ л ийм зан гаргаад байдаг юм шиг ээ.
Уг нь гадагшаа явсан хүмүүс маань үзэх гэснээ үзчихээд, сурах гэснээ сурчихаад ирдэг бол сайнсан. Даанч тэгэхгүй юм. Дээр нь “Бид очвол ийм ийм зүйл нь тийм тийм байх ёстой” гэсэн шаардлага тулгах болж. Заримдаа гадаадад байгаа монголчууд маань эх орныхоо зарим нэг онцлог талуудыг мартаад байна уу даа гэж бодогдох юм.
Манай орон ардчиллын замаар замнаад 20 гаруйхан жил болж байна. Хөгшин Европ, Америкийн дэргэд нялхаараа. Тэр Солонгостой харьцуулахад хөгжлөөрөө бараг 20-иод жилээр хоцорч яваа байх шүү. Тэдэн шиг сайхан хөгжилтэй орон болоход дахиад нэлээд хэдэн жил шаардлагатай нь мэдээж.
Энэ цаг үед болохгүй, бүтэхгүй зүйл олон байна. Хэзээ өөрчлөгдөх бол гэж хүлээх, эсвэл өөрчилж өгөөч ээ гэж гуйх бус, эрс шийдвэр гарган зоригтой хөдлөх хэрэгтэй байгаа юм. Эс бөгөөс улс хөгжихийг 100 жил хүлээх хүн байх уу. “76-н тэнэг байсан цагт улс хөгжихгүй” гэж муулаад гадаадад суухын оронд эх орондоо ирээд тэдний эсрэг тэмцээд үзэх л хэрэгтэй юм даа.
Гадаадад, тэр дундаа хөгжингүй орнуудад амьдрах сайхан байх нь ойлгомжтой. Гэхдээ та нутгаа нэг эргэн дурс. Юм болгон 100 хувь байдаггүйн адил та бүхнийг нутагтаа ирэхэд хачин сайхан орчин угтана гэж хэлж зүрхлэхгүй. Улиг болтлоо яригддаг утаатай Улаанбаатар чинь та бүхнийг угтана. Энэ үнэхээр хурц асуудлын нэг мөн боловч, түүнийг арилгах талын мэргэжил эзэмшсэн нэгэн та бүхний дунд байгаа бол сурсан мэдсэнээ хэрэгжүүлэх таатай нөхцөл энд л байна.
Дандаа цөцгийтэй талх идүүлнэ гэж юу байхав. Зарим тохиолдолд хоосон талх идэх үе гарч мэднэ. Талхан дээр түрхэх цөцгийнийхээ төлөө тэмцэх шаардлага тулгарч магад гэдгийг ойлгоорой. Байр, унаагүй болчихно гэж бодож байгаа бол санаа зовох хэрэггүй. Монголд өдгөө цахилгаан бараанаас авахуулаад машин, байр бүгдийг нь лизингээр авч болно. Тиймээс хаа холоос унаагаа ачуулж нэлээдгүй мөнгө зарах шаардлага байхгүй л болов уу.
Биднийг өнхрөөд өгсөн хойно хойч үеийнхэн маань “Бат гэж нөхөр байж билээ. Тэр машинтай, орон сууцтай, гадаадад амьдардаг байсан сан” гэж ярихгүй нь лав. Харин “Бат гэж мундаг хүн байж билээ. Тэр улс эх орондоо, боловсролын салбарт маш том өөрчлөлт, шинэчиллийн эхлэл тавьж билээ” гэж түүхэнд тод ул мөрөө үлдээхийн төлөө амьдрах хэрэгтэй байх. Ингэсэн тохиолдолд л хүний амьдрал утгатай болдог бололтой юм. "Сиймхий ч гэсэн гэр минь" гэдэг байх аа
Б.Цовоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ