“Бахархлын долоо хоног” ардчиллыг батлав

Монголын ЛГБТ/лесби, гэй, бисексуал, трансжендэр/ хүмүүс “Бахархлын долоон хоног”-оо тэмдэглэн өнгөрөөж байна. Онол-практикийн бага хурал хүртэл хийхийг бодоход тэд юутай ч айдасгүй болжээ. Хуралд тавьсан илтгэлүүдийг тоймлон хүргэхээр шийдэв.
Энэ талаар ажилладаг ТББ-уудын зарим удирдах ажилтны илтгэл гэсэн үг. А.Балдангомбо, Д.Мягмардорж, Г.Эрдэнэтуяа нарын илтгэлийг базсан гэхэд болно. ЛГБТ хүмүүсийн асуудал нэг үеэ бодвол арай ил тод болсон нь сайн хэрэг.
Шуудхан хэлэхэд ардчиллын буян гэхэд хилсдэхгүй. Хүчнийхэн тэднийг барьж, байцааж, бороохойдож, шийтгэхээ байж. Харин ярилцдаг болж.
Энэ бол яалт ч үгүй дэвшил мөн. Гэвч алдаа эндэл байсаар. Хүн болгон халдашгүй дархан эрхтэй гэчихээд тэдний хил хязгаар руу өнгийх нь арилаагүй гэх. Энэ юугаар батлагдах вэ гэхээр, тэд ямар нэг хохирол амсчихаад цагдаагийн байгууллагад ханддаггүй гэдгээс харагдаж байгаа юм. Яагаад гэж үү. Итгэдэггүй гэнэ. Нэг “юм” байгаад л тэгдэг биз. Нууцыг нь задруулах, нэр төрд нь халдах гээд есөн бусын явдал гардаг болов уу.
Хуулиар хамгаалуулах эрх нь ч зөрчигддөг юм байна. Асуудал тэдний биш эсрэг талд нь ашигтайгаар эргэчих гээд байдгийг тайланд дурджээ. Хэрэв цагдаад очвол харгислуулах магадлал ихтэй гэсэн нь аймшигтай санагдлаа. Тэднээр тохуурхдаг нь дамжиггүй. Энгийн биднээр хүртэл цагдаа нар даажигнадаг шүү дээ.
Үзэл бодлоо илэрхийлэх нь хязгаарлагддаг нь баараггүй болов. Энэхүү долоон хоногийн ажлыг сурвалжилахаар өдөр тутмын олон хэвлэлийн сэтгүүлч сургалтад хамрагдсан ч олонх нь очсонгүй.
Ганц, хоёр сурвалжлагч л ажиллав. Ийм байхад тэдний дуу хоолой хаана хүрэх билээ. Эрүүл мэндээ хамгаалахад нь ч саад байна. Манайд илэрсэн ХДХВ/ДОХ-ын халдварын дийлэнх/70%/ ЛГБТ хүмүүст хамаарч байгаа.
Гэтэл тэдний эрүүл мэндэд зориулсан хөрөнгө ДОХ-ын төслийн санхүүжилтийн 10 хувьд ч хүрэхгүй байх жишээний. Ажиллах эрх. Энэ ёстой бүтэхгүй юм шиг санагдав. Тэд голдуу албан биш байранд ажилладаг. Гадуурхал гэдэг чинь үүнээс л үнэртдэг юм. Боловсрол эзэмшихэд ч юм буй. Хүссэн газраа дураар суралцах боломж өнөөхөндөө үгүй л болов уу. Орон байр ч яригдана.
Гэрээсээ шахагдсан ЛГБТ хүмүүсийг түр орогнуулах байртай болох юм гэсэн. Бага боловч нэмэр болох нь мэдээж. Нэг иймэрхүү бэрхшээл байсаар байгааг илтгэгчид хэлэв. Гэсэн хэдийч зарим талаар нааштай үр дүн цухалзаж эхэлжээ.
Монгол Улсын Засгийн газрын 159 дүгээр, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны тогтоол гаргуулсан, Хүний эрхийн Үндэсний комиссын 12 дахь илтгэл тавиулсан, зарим судалгаа хийсэн гээд давгүй шүү. Анхаарах зарим зүйл байна. Нэр томьёог цэгцлэх шаардлагатай нь ажиглагдлаа. Тухайлбал, эрчүүдтэй бэлгийн харьцаанд ордог эрчүүд/ЭБЭ/ гэдэг үг зарим талаар тийм таатай биш шиг санагдсаныг нуух юун.
Тэр бүхнийг эмхэлж, нэг тийш болгон, хууль зүйн үүднээс ч нэгмэл ойлголтод хүрэх нь зүйтэй биз ээ. Ялгаварлан гадуурхалтыг бүрэн цэглэхгүй юм гэхэд ядаж мэдэгдэм бууруулах цогц арга хэмжээ авууштай байна. Одоо нийтлэг зарим тоо, баримтаас хүргэе.
Судалгаагаар, тухайн улсын хүн амын 2-7 хувийг ЛГБТ хүмүүс эзэлдэг магадлалтай юм байна. ДЭМБ-ын тооцоогоор Монголд 7000 орчим бий гэжээ. ХДХВ-ын нөлөөгөөр тэдний 8 хувь амьд явах, 10 хувь сурах, 60 хувь ажиллах эрхээ алджээ. Нууцаа алдсан хүн 18, сэтгэл гутралтай 90, амиа хорлохыг бодсон 48 хувь гэсэн дүн харагдана. Бэлгэвчийн хэрэглээ 50-иас доош хувьтай байна. Энэ мэтийн эндэл байв ч “Бахархлын долоон хоног”-ийг амжилттай тэмдэглэж байгаа нь ардчиллын баталгаа боллоо гэхэд хилсдэхгүй.
Г.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ