Ахмад Ч.Эрдэнэжаргал төрсөн өдрөөрөө дээрэм хийжээ

Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн ажилтан, ахмад Чамбайн Эрдэнэжаргал Чингэлтэй дүүргийн IV хорооны 14 дүгээр байранд байрлах "Толла" хүнсний дэлгүүрийг дээрэмдэх гэж байгаад үйлдэл дээрээ баригдсан юм билээ. Энэ сарын 18-ны өдрийн 21 цаг 30 минутад хий буу ашиглан дээрэмдэх гэж байхад нь эргүүлийнцагдаа саатуулсан аж. Багтай дээрэмчин нь цагдаагийн ахмад цолтой нэгэн байсан нь олныг цочирдуулаад байгаа билээ. Өдгөө түүнийг хэргийг Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба шалгаж байгаа юм. Тэрээр баригдсан даруйдаа дөрвөн дээрмийн хэрэг хүлээгээд байгаа аж. Өнгөрөгч наймдугаар сарын 27-нд "Миний дөт" хүнсний дэлгүүрт дайран орж хийн буугаар буудан дээрэмдсэн байна. Мөн есдүгээр 9-ний өдөр "Толла" хүнсний дэлгүүрт дайран орж 606.300 төгрөг дээрэмдсэн аж. Түүний үйлдсэн хэргийн талаар янз бүрийн таамаг яриа байгаа юм. Тухайлбал сэтгэцийн өөрчлөлттэй гэх яриа байна. Энэ талаар Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанаас тодруулахад "Цагдаагийн ахмад Ч.Эрдэнэжаргалыг хэрэг хүлээх чадвартай юу гэдгээс үүдэн шинжээч томилоод байна. Хэрвээ сэтгэцийн ямар нэг өөрчлөлттэй бол Цагдаагийн байгууллагад эрүүл бус хүн ажиллаж байсан уу гэсэн асуулт үүснэ. Шинжээч нарын эхний шинжилгээр хэрэг хүлээх чадвартай гэдэг нь тогтоогдож байна. Манай цагдаа нар "Сэтгэл мэдрэлийн өвчтэй байж магадгүй" гэдэг мэдээллийг тарааж байх шиг. Томоохон асуудлаас мултрах гэсэн арга юм уу" гэж ярьсан юм. Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанаас ахмад Ч.Эрдэнэжаргалыг ажлаас нь түдгэлзүүлэх санал Эруүгийн Цагдаагийн газарт хүргүүлснээс гадна ар гэрийнхэнтэй нь уулзуулсан аж.
Ч.ЭРДЭНЭЖАРГАЛ ГЭЖ ХЭН БЭ?
1980 есдүгээр сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотод төрсөн 33 настай нэгэн аж. Бага, дунд сургуулиа онц дүнтэй дүүргээд ОХУ-ын Москва хотод хууль эрхзүйн чиглэлээр 2007 онд сургууль төгссөн нэгэн. Сургуулиа төгсөөд Эрүүгийн Цагдаагийн газрын Эдийн засагтай тэмцэх тасгийн ажилтнаар ажилд орсон байна. Аав Н.Чамбай нь Зүүнхараа хотын цагдаагийн газарт ажиллаж байгаад тэтгэвэрт гарчээ. Цагдаагийн ахмад цолтой юм байна, Ахмад Чамбайн аав Намсрайжав цагдаагийн хурандаа цолтой нэгэн байсан агаад Төв, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт ажиллаж байсан гэнэ.
Эднийхэн дөрвөн үеэрээ цагдаагийн ажилтнууд гэхэд болно. Н.Чамбайн ач хүү нь цагдаагийн байгууллагад ажилладаг аж. Нутаг ус, хамт олондоо нэр хүндтэй хүмүүс байдаг байна. Хүүгийнхээ хэрэгт холбогдсон талаар Н.Чамбай сонсоод хотод ирсэн хэдий ч уулзаж чадалгүй буцжээ. Тэрээр хүүгээ томоохон хэргийн золиос, бусдын дарамтанд орсон байж болзошгүй хэмээн үзэж байгаа аж.
Энэ талаар Улсын Ерөнхий Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албаны ажилтнуудаас тодруулахад "Ахмад Ч.Эрдэнэжаргал тодорхой хэрэг дээр ажиллаж байгаагүй. Тэр гүйцэтгэх ажилтан байсан. Ямар нэг хэргийн золиос, гүтгэлгэд өртсөн гэх мэдээлэл байхгүй" гэсэн юм. Өндөр настай аав, ээж, ах дүүгээ сандаргаж, цагдаа нараа "шок"-нд оруулаад буй Ч.Эрдэнэжаргал эхний хоёр дээрмээ эрүүл, үлдсэнийг нь буюу энэ сарын 18-нд төрсөн өдрөөрөө хийсэн хэргээ согтуугаар үйлдсэн байна.
Тэгэхээр согтохоороо дээрэм хийдэг байж болзошгүй гэх таамаг батлагдахгүй байгаа юм. Ахмад Ч.Эрдэнэжаргалын тухайд эхнэр хүүхэдтэй байж байгаад салсан бөгөөд найман настай охинтой аж. Эхнэртэйгээ цуг Баянгол дүүргийн 15 дугаар хороонд амьдарч байсан бол хэрэг гарахаас өмнө Сүхбаатар дүүргийн есдүгээр хороонд эгчийндээ байсан аж. Өндөр боловсролтой, ажил мэргэжилдээ дуртай түүнийг ийм хэрэг үйлдсэн гэдэгт сургууль төгссөн найз нөхөд, хамт олон, ойр тойрны хүмүүс нь эргэлзэж байгаа гэнэ.
Т.ЦОГТ-ЭРДЭНЭ
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ