Ц.Оюунгэрэл: "Ц.Орхон МИАТ-д ашиггүй гэрээг зогсоосон хүн"

Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Өнөөдөр Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна. Энэ өдрийн хүрээнд ямар арга хэмжээ зохиож байгаа вэ?

-Дэлхийн аялал жуулчлалын өдрийг угтаж энэ жил манай яамнаас явган аялалд анхаарал хандуулахаар үндэсний семинар зохион байгууллаа.

21 аймгаас төлөөлөгч хүрэлцэн ирсэн бөгөөд явган аяллыг хэрхэн зохион байгуулах, тав тухтай орчинг яаж бүрдүүлэх талаар сургалт явууллаа. Мөн Биеийн тамирын газартай хамтран улс орон даяар өглөөний аялал зохион байгуулсан. Энэхүү аялалд 5000 хүн хамрагдсан. Үүнээс гадна энэ жилийн тухайд дэлхийн аялал жуулчлалд Монгол Улс юугаараа онцлог вэ гэдгийг ойлгох ёстой. Манай улсын хувьд нээлттэй буюу задгай орчин ихтэй гэдгээрээ өвөрмөц. Задгай орчин гэдэг нь уулын, нуурын, голын, хээрийн болон говийн аялал багтаж байгаа юм. Бид цөөхөн хүмүүст зориулсан аяллыг зохион байгуулж байна. Олон хүнд зориулсан аялал зохион байгуулах гэтэл буудаллах болон машин тавих газар байдаггүй. Нутгаа мэддэг цөөхөн хүмүүс аялахад л зориулагдсан байдаг. Иймд манай салбарынхан олуулаа аялахад тохиромжтой орчинг хэрхэн бүрдүүлэх тал дээр энэ жилээс анхаарч ажиллана.

-Та салбар тэргүүлээд жил гаруй боллоо. Энэ хугацаанд ямар ажил амжуулав?

-Аялал жуулчлал хөгжүүлэхэд юу саад болж байгааг салбарынхаа бүхий л оролцогч нараас судалласан жил байлаа. Хөдөө орон нутгаас асуухад татварын орлого ордоггүй, манай иргэдийг ажлын байраар хангадаггүй, хог тарьдаг. Жуулчны баазынхан ашигтай ажиллаад татвар төлөх гэхээр эргэн тойронд үүргэвчтэй аялагчид ирээд бидний орчинг ашиггүй болгочихдог. Харин тур компаниуд болохоор их хэмжээний хөрөнгө зарцуулан байж сурталчилгаа хийгээд аялагчдыг Монголд үнэгүй аялж болдог юм гэсэн ойлголтыг өгөөд байдаг.

Аялал жуулчлалын зохицуулалт байхгүй, улмаар шат шатандаа бие биенийхээ эрхийг зөрчиж, салбар чинь элгээрээ хэвтлээ гэдэг зүйл ярьж байсан. Ийм л салбар хүлээж авсан. Бид салбарынхаа бүхий л хүмүүстэй ярилцаж, аялал жуулчлалынхаа хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулсан. Энэхүү хуулиндаа орон нутгийнханд ямар эрх өгөх вэ, компаниудад хэрхэн ашигтай ажиллах боломж олгох вэ, энэ орчныг цэвэр, тогтвортой байлгах талаар ярилцаад бэлдээд дэлхийн аялал жуулчлалын байгууллагад явуулсан. Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргатай уулзаж, хууль эрх зүйн орчныг таатай болгох асуудал дээр туслалцаа хүссэн. Ирэх сарын сүүлээр дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас манай улсын аялал жуулчлалын тухай хуулийн төслийн найруулга дээр зөвлөмж авна.

Нэг жилийн ажлын үр дүнг ерөнхийд нь харах юм бол салбарынхаа хэмжээнд нэгдсэн ойлголтод хүрч чадсан. Нэгдүгээрт, аливаа аялал жуулчлалын арга хэмжээ хог хаягдлаа зохицуулахгүйгээр байж болохгүй. Энэ талаар хуулиндаа маш хатуу заалт тусгасан байгаа. Хоёрдугаарт, манай улс орон зайг зардаг. Европын орнуудад үзэсгэлэнтэй хотын гудамжийг борлуулдаг. Бид энэ орон зайгаа авч үлдэхийг яаж бүтээн байгуулалт хийх тухайгаа сайн төлөвлөх ёстой. Тэгэхгүй бол Зайсанд орон зайгаа алдсантай адил болно. Үзэгдэх орчингүй болвол монголын аялал жуулчлалын салбарын тогтвортой байдлыг бий болгоход хүнд болно. Иймд манай хуулинд орон зайг төлөвлөх, хуваарилах талаар хүчтэй тусгасан. Өмнөх хуулинд энэ талаар тусгасан зүйл байхгүй.

-Т-Батаарын найзууд хэзээ эх орондоо ирэх вэ?

-Хоёр хоногийн өмнө АНУ-ын Дотоодыг аюулаас хамгаалах газрын Хилийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс захидал хүлээж авсан. Тухайн байгууллагын агуулахад Т-Батаарын 22 найз байгаа гэсэн юм. Тус улсын шүүхээс монголын талынх гэдгийг баталсан. Гэхдээ мужаас хамаараад хуулиар давж заалдах хугацаа өгдөг. Таван өөр мужаас хурааж авсан тул давж заалдах хугацаа өөр өөр байна. Энэ хугацаа дуусмагц бид олдворуудыг монголын тал руу шилжүүлнэ гэсэн. Т-Батаарын хувьд ч мөн адил байсан. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-нд шүүхээс Монголын талд шилжүүлсэн боловч давж заалдах хугацааг хүлээж тавдугаар сар хүртэл хүлээгдсэн. Мөн Баянхонгор аймагт Т-Батаараас том Батаар бий.

-Т-Батаарыг АНУ-д дуудлага худалдаагаар зарах гэж байсныг мэдэгдсэн Монголын динозавр судлалын хүрээлэнгийн захирал М.Болорцэцэгийг энэхүү олдворын хэрэгтээ холбоотой гэсэн мэдээлэл цацагдах боллоо?

-Гавьяа байгуулсан нэгнийгээ сайхнаар бодож чадалгүй буцаад л сэжиглэж эхлэх юм аа. Хэрвээ М.Болорцэцэг хулгайлсан бол өдийд хэрэг нь илрээд баригдах байсан. М.Болорцэцэг бол шударга, ажигч гярхай палеонтологич бүсгүй. Манай улс гурав, дөрөвхөн палеонтологичтай. М.Болорцэцэг 26 олдворыг аваад гарах гэж байгаа талаар сонин дээр бичсэн байсан.

Би үүнийг уншсан даруйдаа М.Болорцэцэгтэй уулзсан. Гэтэл 26 ширхэг хумсны толин хэртэй жижигхэн шинжилгээний эд эс хэсгүүдийг үзүүлсэн. Түүнийг докторын зэрэг хамгаалах гэж байгаа шавьдаа судлуулахаар өгсөн байсан. Үүнийг өгөөгүй гэдэг шалтгаанаар эрүүгийн гэмт хэрэг үүсгэх гээд байгаа юм аа гэсэн. Тэгэхээр нь би Эрүүгийн цагдаагийнханд хэлсэн. Докторууд чинь шинжилгээ хийх боломжгүй юм бол яаж зэрэг хамгаалах болж байна. Та нар энэ 26 шинжилгээний дээжийг нь хурааж аваад олон нийтэд энэ хэргийн талаар тайлбарла гэсэн.

Уг нь бол бүх эрдэмтэд судалгааны дээж авах эрхтэй байдаг. Судалсан зүйлийнхээ дээжийг судалсныхаа дараа буцаагаад өгдөг. Гэтэл үүний адил буцаах гэсэн боловч авах газар байгаагүй. Бүх газар хүлээж авахгүй гэсэн. Тэгээд 26 дээжийг Үлэг гүрвэлийн музейд хүлээлгэж өгсөн. Энэ талаар тайлбарла гэсэн. М.Болорцэцэг “Би зөндөө тайлбарладаг. Гэтэл намайг авчраагүй гээд бичээд байдаг” гэсэн юм. Үзмэр, дээж хоёрыг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй.

-Хууль зүйн сайд Х.Тэмүүжин таны МИАТ-ийн хэрэгт хийсэн мэдэгдлийг гайхаж байна гэсэн байна лээ?

-Би 13 жилийн турш хүний эрхийн талаар дуугарсан. Анхны хүний эрхийн хэрэг бол Э.Бат-Үүл даргынх байсан. 2000 онд түүнийг баривчилсан. УИХ-ын гишүүн асан Э.Бат-Үүлийг гэм буруугүй байхад баривчлан хорьсон нь Хүний эрхийн түгээмэл тунхаглалын онц ноцтой шалтгаан байхгүй тохиолдолд баривчлан хорих ёсгүй гэсэн заалтыг зөрчсөн хэмээн бичиж байсан. Би хүнийг эрх мэдэлтэй байна уу , хөрөнгөтэй байна уу гэдэг дээр үндэслэж өмгөөлөл хийдэггүй. Мэдээжийн байгаа баримт дээр тулгуурлан хүний эрхийн талаас тайлбарладаг. Үүнээс гадна цаазын ял авсан таван иргэнд тийм ял өгөх ёсгүй. Эдгээр иргэн гэмт хэрэг хийгээгүй юм биш үү гэж өмгөөлөл үзүүлсний үр дүнд бүгдийг нь цагаатгаж чадсан. Тухайн иргэний үндсэн эрх нь зөрчигдөөд байгаа юм биш үү гэсэн үндэслэлээр ханддаг. Хүний эрхийн асуудал дээр өөрийнхөө Засгийн газрын эсрэг юм дуугарч болохгүй. Өөрийнхөө дүүгийн ажилладаг газрын хүний эрх нь зөрчигдөж байхад нь ярьж болохгүй гэж бодоод байна. Шударга шүүхээр шийдэгдэхэд нь хэрэг болж магадгүй, тэр баримтуудыг нь дэлгэх нь ерөөсөө гэмт хэрэг биш. Ашиг сонирхлын зөрчил ч биш. Тухайн хүнийг шударга шүүхэд нь хэрэглэгдэхгүй байгаа тэр баримтыг л гаргаж өгсөн. Ц.Оюунгэрэл өнөөдөр ямар албан тушаалтай байлаа, Х.Тэмүүжин ямар албан тушаалтай байлаа баримт бол баримтаараа л үлдэнэ. Ц.Орхон гэдэг хүн МИАТ-ийн мөнгийг буруу зүйл рүү зөөгөөд байсан Данийн сангийн гэрээг цуцалсан хүн. МИАТ-д ашиггүй гэрээг зогсоосон хүн. Энэ бол факт. Энэ бол миний албан тушаал болон Засгийн газраас хамаарахгүйгээр МИАТ-д хийсэн ач тус. Энэ баримтыг шүүхийнхээ процесст ашиглаач ээ гэж ярьсан. Үүнийг хүмүүс өөр өөрөөр тайлбарласан. Гол баримтыг нь биш мөртлөө эргэн тойронд намайг няцаагаад байгаа. Намайг няцаах нь чухал биш. Баримт няцаагдахгүй байна. Энэ баримт дээр тулгуурлан шийдвэр гарвал хүмүүнлэг юм биш үү гэдгийг л ярьсан.

-МЗЭ-ийн хуралд танай яамнаас хөрөнгө, мөнгө төсөвлөсөн. Үүнийг зарим хүмн төсвийн мөнгийг дэмий зүйлд зарцуулж байна хэмээн шүүмжилж байсан?

-Соёл, спорт, аялал жуулчлалын сан гэж байдаг. Энэ санд олон зүйлийг дэмжиж өгөөч, санхүүжүүлж өгөөч гэсэн хүсэлт ирдэг. Энэ жил бид зохиолчдыг дэмжихийг хүссэн. Шилдэг хүүхэлдэйн болон шинэ драмын зохиол шалгаруулья хэмээн зохиолчдын дунд уралдаан зарласан. Бүх театрынхан сайн зохиол өгөөч гэж хүсдэг. Урлаг соёлыг дэмжлээ гэхэд тэрхүү үрийг цацаж байдаг анхдагч нарыг дэмжих ёстой. Зохиолыг дэмжихийн тулд зохиолчдыг нь дэмжих хэрэгтэй болж байгаа юм. Иймд тэднийг уулзуулж, чиг хандлагыг тодорхойлохын тулд боломжийг нь олгож өгөх хэрэгтэй. Тэр хүрээнд МЗЭ-ийн хурлыг онцолж, ирсэн хүсэлтийнх нь дагуу дэмжсэн. Харин биднээс авсан санхүүжилтийг зөв зүйлд зарцуулсан уу, 800 хүнийг цуглуулсан уу гэдэг нь удахгүй тодорхой болно. Учир нь санхүүжилтийн тайлан гарна. Түүнээс л хэрхэн зарцуулсан талаар дүгнэж болно.

-Гадаад харилцааны сайд Л.Болдтой хамтран нэгэн тогтоолын төсөл өргөн барьсан. Зарим хүмүүс үүнд шүүмжлэлтэй хандаж байна?

-Өөрсдөө авах ямар нэгэн зорилго байхгүй. Зайсангаас байнга хөөгдөж байдаг иргэд маань уулзалтад очих бүрт бид нарт эрхийг минь өгөөч ээ гэж шаарддаг. Сонгогчид маань байнга улаан шугам татсан “та эндээс зайл” гэсэн бичиг үзүүлдэг. Нэг удаагийн уулзалтан дээр 100 гаруй айлыг хөөчихсөн, сонгогчид маань энэ асуудлыг шийдэж өгөөч гэсэн. Тэгээд бид түр зуурын арга хэмжээ болох өмгөөлөгч авч өгсөн. Харин дараагийн алхам бол энэхүү тогтоолын төсөл юм. Европын орнуудад дархан цаазтай бүс нутагтөмнө нь амьдарч байсан иргэдэд тухайн хэсгийн газрыг өгдөг. АНУ-д ч гэсэн мөн адил. Гэхдээ дархан цаазтай бүс нутгийн зориулалтыг өөрчилж болохгүй гэсэн нөхцөлтэйгээр өгдөг.

Хөвсгөл аймгийн Хатгал сумын иргэдэд ч ийм зүйл тохиолдолж байсан. Дархан цаазат газар учир аялал жуулчлалын газруудад өгөөд нутгийн иргэдийг зайл гэсэн. Аялал жуулчлалын баазууд байж болдог боловч нутгийн иргэд зайл гэсэн улаан бичигтэй цаас авсан. Тэгээд тухайн тойргоос сонгогдсон Ц.Сэдваанчиг гишүүн УИХ-д тогтоолын төсөл өргөн барьж, энэхүү асуудлыг шийдвэрлэсэн.

Б.Даваатогтох

СЭТГЭГДЭЛ БИЧИХ