Хотын хоёр өндөрлөг хоргодох байрны лифтэнд гацжээ

Нийслэлийн өмчөөр баригдсан 300 айлын нэг өрөө байр буюу Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд баригдаж байгаа нийслэлийн хоргодох байр ажлаа эхэлсэн цагаасаа хойш асуудал дагуулж, хэл ам таталж байгаа. Мэргэжлийн бус баригдаж эхэлсэн тус барилга өнөөдөр оршин суугчдаа аваагүй хэрнээ хана тааз нь нурж салмарч, өнгөн хавтан нь салхинд хийсч байгаа.

Хоргодох байрыг Ахмадын орон сууц болгох шийдвэр гарсан ч асуудал ихтэй тус барилгад яаж 300 ахмадыг оруулах вэ гэсэн хэл ам, хэрүүл шуугиан хотын захиргаагаар тэнүүчлэх болсноос үүдэлтэйгээр “Үүлэн үст” Э.Бат-Үүл дарга, үсгүй толгойтой Д.Баттулга дарга хоёр хамтдаа барилгын явцтай танилцахаар очоод лифтэнд нь гацжээ.

Яах учраа олоогүй хоёр дарга яагаад ч ийм байранд ахмадуудыг оруулж болохгүй гэж эцэст нь шийдсэн байна. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр барьж байгаа энэ барилгыг улсын комисс хүлээж авсан гэдэг цуурхал байсан ч үнэн чанартаа улсын комиссоос бүрэн дүүрэн хүлээж аваагүй байна. Гаднах хавтан, ханын хөөсөнцөр нь салж унахын зэрэгцээ лифт нь хэн ч ажиллуулаагүй байхад гацдаг, ядаж байхад хотын хоёр өндөрлөг хоёулаа гацдаг нь ч юув дээ. Ямартай ч өөрсдөө гацаад зовлонг нь ахмадуудаас түрүүлж мэдэрсэн мээрүүд дорвитой шийдвэр гаргана гэж найдъя.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ