Г.Гэрэлхүү: Миний бүтээл худалдааных биш

Монгол урлаг тэр дундаа монгол зургийг гайхамшгийг харуулсан үзэсгэлэн “Blue moon” арт галлерейд үүдээ нээлээ. “Монгол урлаг” нэртэй энэхүү үзэсгэлэнгээс Монгол үндэсний урлаг хэрхэн уламжлагдан хөгжиж буйг тольдож болох нь. 10 орчим уран бүтээлчийн 20 гаруй бүтээлийг энд дэлгэжээ. Зураач Т.Нурмаажав “Увс нуур”, Л.Хонгорзул “Загас”, С.Хөгжил “Өөрийгөө чагна”, Г.Гэрэлхүү “Хэн нь ялах ёстой вэ”, “Өөрсдийгөө танихгүй цэргүүд” бүтээлээрээ оролцож уран зураг сонирхогчдын мэлмийг мялааж байна. Зураач бүхэн өөрийн гэсэн өнгө аяс илтгэсэн зургуудаараа олонд танигдсан байдаг. Тэгвэл зураач Л.Хонгорзул гэхэд уран зургаар дамжуулж эмэгтэй хүний гоо сайхан, зан чанарыг харуулдаг байна. Тэрбээр энэ удаагийн үзэсгэлэнгээр дамжуулж үсээ задгай тавьсан бүсгүй хүнийг дүрсэлсэн “Загас” бүтээлээ толилуулжээ.
“Монгол урлаг” нэртэй энэххүү үзэсгэлэнгийн шилдгийн шилдгээр Г.Гэрэлхүүгийн “Хэн нь ялах ёстой вэ” зураг шалгарчээ. Уг бүтээлийг ямар шалгуураар шилдгээр нэрлэснийг “Blue moon” арт галлерейн захирал Э.Тэмүгэгээс тодруулахад, “Шударга зарчмаар шалгаруулсан. Нээлтэд уригдсан мэргэжлийн уран бүтээлчдээс санал асуулга авсан. Тэгээд хамгийн олон санал авсан бүтээлийг шилдгээр нэрлэсэн. “Хэн нь ялах ёстой вэ” бүтээл нь олны сонирхлыг хамгийн их татсан, сайн бүтээл байж чадсан” хэмээв. Мөн тэрбээр “Бид ирэх сард модерн уран зургийн үзэсгэлэн гаргана. Үүний дараа уран зураг, уран баримлын үзэсгэлэнг дэлгэж шилдэг бүтээл шалгаргуулна. Ингээд оны эцэст “Дүрслэх урлагийн шилдэг бүтээл шалгаруулах” наадам зохион байгуулах болно” хэмээн сонирхуулж байлаа.
Энэ үеэр шилдэг бүтээл “төрүүлсэн” чөлөөт уран бүтээлч Г.Гэрэлхүүтэй уулзаж, зургийнх нь талаар ярилцлаа.
-Таны бүтээл шилдгээр шалгасанд баяр хүргэе. “Хэн нь ялах ёстой вэ” зургийнхаа талаар сонирхуулаач?
-Үүнийг орчин үеийн болоод хийсвэр хэв маягийг хослуулан зурсан. Чоно, морь, техник гурваар төсөөлүүлэн зурсан. Хүмүүс чоныг сөрдөг, хүчирхэг, дайчин амьтан гэж ойлгодог. Морь бол уналга эдэлгээнд хэрэглэдэг, дасан зохицох чадвартай гэдэг. Тэр ч утгаараа сөрөх, дасан зохицох чадварыг энэ хоёр амьтнаар дүрсэлсэн. Сөрөх чадвар нь дасан зохицох чадвараа үгүйсгэчихээр энэ чанар нь хүн рүүгээ нөлөөлнө. Ингэснээр хүн нь устгалд орж, техникийн хөшүүн байдалд орчихдог. Гэхдээ энэ гурав хүнд зайлшгүй байх ёстой.
-Хэдий хугацаа зарцуулав?
-Энэ зургийг зурахдаа сэдэв санаагаа эхэлж олчихоод боловсруулахад гурваас дөрвөн сар зарцуулсан. Тэгээд зургаа зурж эхлээд сар гаруйн дараа дуусгасан даа.
-Гурваас дөрвөн сарыг зарцуулахад багагүй хөдөлмөр, хөрөнгө санхүү хэрэгтэй байх. Энэ бүхэнд хэнээс тусламж дэмжлэг авч байв даа?
-Хөрөнгө санхүүгийн асуудал хэцүү шүү. Будаг, хүрээгээ авна, урлангийн түрээс төлнө гээд л багагүй мөнгө зарцуулах шаардлагатай. Гэртээ болоод дүрслэх урлагт зарцуулах мөнгө хоёр тусдаа байх хэрэгтэй болдог. Энэ бүхэнд ойр дотныхон, багш маань тусалж дэмжсэн. Хааяа зурагт үзэж байхад, “Цирк, ардын дуу, хөгжмийн салбар хэцүүдлээ. Төрийн бодлого хэрэгтэй байна” гэж ярьж байгаа сонсогддог. Ялгаагүй дүрслэх урлагийн салбарт ч гэсэн төрийн бодлого, дэмжлэг хэрэгтэй л байна.
-Нууц биш бол энэ зургийг зурахад хэчнээн төгрөг зарцуулав?
-Үүнийг тооцоолоход хэцүү шүү дээ. Дунджаар 300-400 мянган төгрөг зарцуулсан болов уу.
-Хэрэв таны энэ зургийг худалдаж авья гэвэл хэдээр зарах вэ?
-Миний үзэсгэлэнд тавьсан гурван зураг худалдааны чиглэлийнх биш. Цэвэр уран бүтээл хийх гэж зорьж байгаа. Сүүлийн үед зарим зураачийн зургийг ажиглаад байхад худалдааных, бүтээл хоёр нь холилдчихоод аль нь жинхэнэ урлагийн бүтээл вэ гэдэг нь ялгагдаж өгөхгүй байгаа.
Б.Бурмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ