Г.Нямдорж: Бие хамгаалагч нь дундуур орж ирээд Н.Номтойбаярт эсгүүлчихсэн

Зураг: Мунзуй хэмээх Г.Нямдорж "Авдрантын онцгой дэглэмтэй хорих анги 2005 он"

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Le Triskell” бааранд “Мунзуй” хэмээх Г.Нямдоржтой маргалдан хутгалсан, хутгалуулсан гэх мэдээлэл гараад байгаа юм. Энэ мэдээллийг тодруулах үүднээс Ганбаатарын Нямдоржтой ярилцлаа. Өдгөө 37 настай, 40 мянгатын 11 дүгээр байрны унаган хүүхэд. Багадаа чөлөөт бөхийн 55 кг жинд барилдаж улсын аваргаас мөнгө, хүрэл медаль хүртэж байсан гэдэг. 1989 оноос эхлэн “Квантуны арми” хэмээн бүлэглэлд багтан орон байрныхулгай, танхай гэх мэтийн хэрэг өдүүлж Дарьт, Мааньт, Авдрантын онцгой дэглэмтэй шоронд ял эдэлж байсан. Бага дунд боловсролтой.

“Центрпойнт”-ын хэмээх хэрэгт холбогдон есөн жилийн ял эдлээд гарсан тэрээр эхнэр хүүхэдтэй нэгэн. Тодорхой хэмжээний ажил эрхэлдэггүй ч“Хаймер” жип хөлөглөдөг Г.Нямдоржийг эрүүгийн ертөнц андахгүй. Ингээд “Le Triskell” бааранд юу болсон талаар ийн тодруулсан юм.

-УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр та хоёр хэзээнээс эхэлж нөхөрлөсөн бэ?

-Мань хүн өчигдрийн сонинд “Намайг танихгүй” гэж ярьсан байна лээ. Бид хоёр чинь нэг байрны багын найзууд байгаа юм.

-Тагнуулын Ерөнхий газар хамт ажиллаж байсан уу?

-Өдөөд байна уу. Тийм юм байхгүй. Нэг ангид ч сурч байгаагүй. Баярааг УИХ-ын гишүүн болохоос өмнө гурван жил хамт явсан гэхэд болно.

-Хаагуур?

-Цаадахыг чинь дагуулаад баар рестроноор их явдаг байлаа. Миний нэр нөлөөгөөр л явна шүү дээ. Түүнээс биш захын бацаан цаадахыг чинь цохиод унагачихна шүү дээ.

-Бие хамгаалагч гэсэн үг үү?

-Үгүй найзууд.

-“Le Triskell” бааранд яг юу болсон бэ?

-Мөнгөтэй болохоороо хүний зан авир эвдэрдэг юм байна. Ширээн дээр байсан хутга бариад надруу дайрсан. Төрөлхийн зан чанар нь гэх үү дээ.

-Таныг хутгалсан хэрэг үү?

-Намайг бол амжихгүй. Харин бие хамгаалагч нь дундуур орж ирээд Баяраад эсгүүлчихсэн байх.

-Хэнд бэ?

-Баяраад л байхгүй юу. Хоол идэж байсан хутга бариад давшилсан.

-Тэр залуугийн бие гайгүй юу?

-Сүртэй юм болоогүй шүү дээ. Баяраа өөрөө л сенсааци болгоод байгаа юм.

-УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр та хоёр юунаас болж муудсан юм бэ?

-Цаадах чинь их овгор болсон байна лээ. Би хаана ч хэнд дээрэлхүүлж яваагүй юм шүү.

-Солонгос улсад солиулаад ир гээд явуулсан арван мянган ам.долларыг нь аваад бултчихсан юм биш үү?

-Би тийм жижигхэн юм хийдэг гар биш. Надтай үзвэл хэн ч биш болно. Би бол түүний амьд гэрч шүү дээ. Яг үнэндээ мөнгөтэй луйварчин, мөнгөгүй луйварчнаа дээрэлхэх гэж оролдоод байх шиг байна. Чадахгүй шүү дээ.

-Юуны гэрч бэ?

-Гэмт хэргийнх нь. Хэн хэнийг зодсон, авлигадсан гээд хүүрнэн өгүүлж чадна. Бие хамгаалагч Б.Батзориг бид хоёр адилхан амьд гэрч шүү дээ. Дургуй хүргээд байвал бүх бузар булайг нь дэлгэж чадна.

-Та чинь хүн хутгалаад Солонгос улс руу зугтаачихсан юм биш үү?

-Надад ямар ч асуудал байхгүй. Би цэвэрхэн хүн. Намайг адгуус араатан болгож харуулах сонирхол зарим нөхдөд байх шиг байна.

-Та яаж яваад шоронд орчихсон юм бэ

-1994 онд хүүхэд байхдаа Бодибилдингийн аварга Ганзориг гэдэгзалууг зодоод шоронд орсон. Тэгээд шоронд очоод янз бүрийн хэргээр ял нэмүүлж байсаар 2001 онд суллагдсан.Дөнгөж суллагдаад л “Центрпойнтын хэрэг”-т холбогдчихсон. Ер нь “Центрпойнт”-ын зодооноос ганцхан би л ял авсан шүү дээ. Бусад нь өөр хэргээр ял авсан. Би таван хохирогчтой. Үүндээ есөн жилийн ял авч байгаа юм гэж ярилаа.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын тухайд шоронд суусан, “атаман” гэгдэх улсаар өөрийгөө тойруулах дуртай нэгэн. Одоо түүний дэргэд Майдарын Баянмөнх, Төрмөнхийн Товуудорж, Бэгзсүрэнгийн Гантулга хэмээх эрүүгийн ертөнцөд нөлөөтэй гэгдэх залуус бий. Эдгээр залуус бие хамгаалагчаас гадна компанийн үйл ажиллагаанд оролцдог гэх яриа байдаг аж.

Т.Эрдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ