Эрүүдүүлж, элэгдүүлсэн манай хэвлэлийнхэн

“Freedom house”-аас Монгол Улсыг хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орон хэмээн тодорхойлдог.
Тэгвэл “Хил хязгааргүй сэтгүүлчид” олон улсын байгууллагаас гаргадаг индексжүүлсэн судалгаагаар сүүлийн жилүүдэд тогтмол ухралт хийсээр 53-р байрнаас 98-д жагсах болжээ. Энэ бол манай нийгмийн бас нэгэн эмгэнэл.
Үүнийг дуртай болгон сэтгүүлчдийн эрхэнд халддаг, сүүлийн жилүүдэд 28 сэтгүүлч эрүүгийн хэрэгт татагдан ял тулгагдсан жишээ батлаад өгнө.
Сэтгүүлч бол онцгой эрхийн мэргэжил. 1998 онд манай улсад хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хууль батлагдсан ч өнөөг хүртэл тунхаг бичиг төдий байсаар ирсэн юм.
Тиймээс ч сэтгүүлчийн онцгой эрхийг төрийн албан хаагчид хамгийн ихээр зөрчдөг, шуурхай мэдээллийн мөрөөр үйл явдлын халуун цэгт очиход гартаа бүлтэй, цочмог ууртай хэнбугай нь ч барьж авчих гээд байдаг, элэг буруу харийнхан хүртэл эх орных нь төв цэгт буланд шахаж, зодож нүдээд байдаг явдал удаа дараа гарсаар байгааг энэ хуулиар зохицуулах чадамжгүй болжээ.
Ард түмний эрхээ эдлэх гүүр нь болох ёстой сэтгүүлчдийг бичсэн нийтлэлтэй нь холбож иргэний бус эрүүгийн хуулийн заалтаар шүүж ялладаг тогтолцоо манайх шиг ардчилсан орон хэмээн дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн улсуудад байхгүй.
Харин эсрэгээрээ хэвлэлийн эрх чөлөөгүй хэмээн улаанаар тэмдэглэгддэг урд, хойд хөршийн маань хуулинд л сэтгүүлчээ эрүүгийн хуулиар ялладаг.
Сүүлийн нэг жилийн хугацаанд хэвлэл, мэдээллийн байгууллагатай холбоотой шүүхэд ирсэн гомдлын 80 гаруй хувь нь улстөрийн хүрээнийхнээс иржээ. Үүнээс үзэхэд улстөрчид хэвлэл, мэдээллийн салбарын заналт дайснууд аж.
Улстөрийн хүрээнийхнээс гадна хууль бус үйл ажиллагаа явуулж иргэдийг хохироож буй компаниуд, мөнгөний төлөө нүдээ ухаж өгөхөөс буцахгүй болсон зарим захирлууд хэвлэлийнхний дайсан.
Тэд өөрсдийнх нь хууль зөрчсөн үйлдлийг илчилсний төлөө сэтгүүлчдийн амыг мөнгөөр таглах, цаашлаад шүүхийн нэрээр далайлган сүр үзүүлдэг.
Гэхдээ энэ бүхний дэргэд гал дээр тос нэмэх мэт манай хэвлэлийнхний дунд сүүлийн үед тогтоод буй шантаажны сэтгүүлзүй гэгч зүйл Монголын сэтгүүлзүйг гутааж, нэр хүндийг нь шавартай хутгаж буйг энэ салбарт хамаарах толгойтой бүхэн мэдэх бизээ.
Мөнгөтэй, мэдэлтэй хэн нэгнийг шантаажлан өөрийн эрх ашгийн үүднээс асуудалд хандагчид, гар утаснаасаа мессеж илгээн дарамтлагсад, сэтгүүлзүйг өнгө мөнгөөр харагчид л сэтгүүлч хэмээх эрхэм нэрийг унагаж муу бүхнийг сэтгүүлчтэй холбох нийгмийн сэтгэлзүйг өрдөж байгааг бид нууж болохгүй.
Ард иргэдийнхээ эрх ашгийн төлөө дуу хоолойгоо хүргэсэн сэтгүүлчийг хуулийн буруу тогтолцоогоор айлган сүрдүүлэх явдал дээрх шантаажны сэтгүүлзүйтэй холилдон хутгалдаж, зарим нөхцөлд сэтгүүлчид бид өөрсдөө хэвлэл мэдээллийнхээ дайсан болж байна.
Дээр дурдсан хэвлэлийн эрх чөлөөний дайснууд уншигчийнхаа захидлыг нийтэлснийх нь төлөө, сонгуульд өөрийг нь дэмжээгүйн төлөө, бусармаг алхмуудыг нь шүүмжилж илчилсний төлөө авлигач, аялдан дагалдагч элдэв багийнхантайгаа нийлж хэвлэл рүү довтолдог.
Хэвлэл мэдээллийн салбар хэн дуртай нь довтлоод байдаг хөлбөмбөгийн хаалга гэж үү. Сэтгүүлчид өдөр бүр хаа нэгтээ хохирч, эрхэндээ халдуулсаар байх уу.
Сэтгүүлчид өмөөрөх эзэн, хамгаалах төргүй учраас хаа газраас гуяа зайдлаж ирсэн харийнханд зодуулж нүдүүлэх ёстой юу.
Эзэн орны ард иргэд нь байна уу, хэвлэлийнхэн нь байна уу хамаагүй мөнгөөр хэмжиж, эзэрхдэг харийнхны зан хүртэл хэвлэлийнхэнд халтай. Нэгэн цагт тэд монголчуудын босгоны шороо явсансан. /
Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Дашдондов гуай нэгэнтээ хэвлэлийн эрх чөлөөг гуйж биш тэмцэж олж авдаг хэмээсэн байдаг. Тэгвэл тэмцэж олж авсан хорь гаруй жилийн настай ардчиллын маань хэвлэн нийтлэх эрх чөлөө харийнхантай сүлбэлдсэн улстөрчдийн өнгө, мөнгөнд дарагдан зэвэрч эхэлжээ.
Дээрхийн адил олон асуултуудын хариуг дээр “Хил хязгааргүй сэтгүүлчид”-ээс гаргадаг жагсаалтад уруудсаар 100-д бичигдсэн судалгаа өгч байх шиг.
Ардчилсан Монгол орон гэх мөртөө хэвлэлийн хагас эрх чөлөөтэй, Ардчилсан нам нь төрийн бүх эрхийг гартаа атгасан хэрнээ сэтгүүлзүйгээ эрүүгийн хуулиар тамгалдаг Монгол орон хэмээн цоллуулах цаг гэж үү. Анхааралдаа аваарай.
Н.Умард
СЭТГЭГДЭЛ БИЧИХ