Зарц охин үгээр хэлэхийн аргагүй тамлуулж байжээ

Энэтхэгийн нийслэл Дели хотод нэгэн жигтэй хэрэг гарчээ. Өсвөр насны нэгэн охин айлд зарц хийдэг бөгөөд гэрийн эзэгтэйд үгээр хэлэмгүй тамлуулж байсан байна. Охин одоо эмнэлэгт байгаа бөгөөд биеийн байдал нь тийм ч сайнгүй байгаа аж. Хохирогч охины биед зодуулж занчуулсан олон шарх, хутга мэсний ч сорвиуд байгааг эмч нар хэллээ. Тэр ч бүү хэл нүүр нь хүн танихын аргагүй болтол түлэгдсэн байгаа юм.

Харин цагдаа нар үйлчлэгч охиныг тамлан зовоож байсан гэрийн эзэгтэйг баривчилсан байна. Цагдаа нарын мэдүүлж буйгаар хохирогч охин 18 настай бол өөрийнх нь хэлж буйгаар ердөө 15 настай гэнэ. Энэ мэтийн ажлын байрын хүчирхийлэл маш их байдаг тухай хүмүүс ярьж байгаа. Ядуу буурай иргэд ихэвчлэн айлуудад үйлчлэгч, зарцын ажил хийдэг бөгөөд эздүүд нь тэдэнтэй нохойноос ч дор харилцах тохиолдол элбэг. Гэсэн ч тэдний эрхийн төлөө дугарах хүн байхгүй.

Өнгөрсөн жил эмч хосууд гэрийн зарц 13 настай охиныг гэртээ цоожлон амралтаа өнгөрүүлэхээр урт хугацаагаар Тайланд руу явсан хэрэг гарч байсан. Охин хэд хоног уйлж хашгирхыг хөршүүд нь сонсож цагдаа нарт дуулгаснаар аврагдсан юм.

Энэтхэгт энэ мэтээр охид, хүүхдүүдийн туулах зовлон бэрхшээл их байна. Хаа сайгүй тэднийг аюул занал мөрдөж байгаа нь эмзэглүүштэй асуудал болоод байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ