Хамба ламтан самурайн сэлмээр хулгайчийг айлгажээ

АНУ-ын Солт Лэйк Сити хотын оршин суугч бөгөөд Есүс Христийн хожуу үеийн ариун сүм хийдийн хамба ламтан Кент Хэндрикс хөрш эмэгтэйгээ халдлагад өртсөн үеэр аварч чадсан байна.

Ламтаныг дуг нойрондоо дугжирч байтал нь өсвөр насны хүү нь сэрээжээ. Хүү нь түүнд хөршийн эмэгтэй аврал эрэн хашгирч буйг хэлсэн аж.

Кент удаан тээнэгэлзэлгүйгээр ханан дээр өлгөөтэй байсан самурайн том илдийг шүүрч аваад гадагш гүйн гарчээ. 35 настай хөрш эмэгтэй нь өглөө ажилдаа явахаар гэрээсээ гартал гараажийнх нь үүдэнд түүнийг нэгэн гэмт этгээд амдаж зогссон бөгөөд бүсгүйг түлхэж унагаад түлхүүрийг нь аван гэрт нь нэвтрэхийг оролдсон гэнэ.

Хөрш эмэгтэй балмагдаагүй бөгөөд гудамжинд гүйн гарч аврал эрэн хашгирч эхэлсэн байна.

Түүнд туслахаар гүйж ирсэн хүмүүсийн анхдагч нь Хэндрикс байлаа. Тэрбээр гэмт этгээдийг үүдний дэргэд гүйцэж очоод сэлмээрээ сүрдүүлж байгаад газар хэвтэхийг тушаасан гэнэ. “Түүний нүд бүлтрэхээ шахсан. Өмнө нь тэр самурайн сэлмийг хараагүй байсан байх” хэмээн Хэндрикс болсон явдлыг өгүүлэв. Айсандаа хулгайч эр огло харайн зугтсан бөгөөд Кент араас нь хөөжээ. Харамсалтай нь, гүйцээгүй байна. Нэг цагийн дараа гэмт этгээд өөрөө цагдаагийн хэсэг дээр очин өөрийн буруутай үйлдлийг хүлээсэн аж.

Кент ламтан олон тооны сонирхолтой цуглуулгатай нэгэн юм. Зургаан хүүхдийн эцэг тэрбээр мормоны сүмд ажиллахын сацуу 30 жил тулааны урлагаар хичээллэж байгаа бөгөөд кишиндо урлагаар дөрөвдүгээр зэргийн хар бүстэй нэгэн гэнэ. Түүний гэрт тулааны зэвсгүүд хадгалаастай байдаг аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ