О.Магнай: Шатахууны үнийг тогтворжуулах гэрээнд намайг оролцуулаагүй

"Шатахууны жижиглэнгийн үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр"-ийг Монголбанк, Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа.

Гэтэл тэснэ тэснэ гэхэд яаж удаан тэсэхэв гэсэн шиг “Жаст ойл”, “МТ” компаниуд өнөөдөр үнээ 50 төгрөгөөр нэмчихлээ.

Албаныхан дээрх хоёр компаниуд албан хүсэлт илгээж нефть импортлогчид өнөөдрийг хүртэл 1680 төгрөгөөр иргэдэд үйлчлүүлсээр байна.

ШӨХТГ-ын дарга О.Магнайгаас энэ талаар тодруулахад “Шатахууны үнэ тогтворжуулах гэрээнд Уул уурхайн яам, Монгол банк, нефть импортлогчид хоорондоо тохиролцож гарын үсэг зурсан. Энэхүү гэрээнд манай байгууллагыг оролцуулаагүй учраас бид үүнд ямар нэгэн хяналт шалгах хийх эрх байхгүй. Газрын тосны газар үүний учрыг олох байх. Гэхдээ манай байгууллагын зүгээс яагаад үнэ нэмэх болсон талаар мэдээлэл авахаар албан бичиг илгээсэн ч хариу өгөөгүй байна” гэсэн хариултыг өглөө.

“Надад байгаа мэдээллээр “МТ” “Жаст ойл”-ыг авсан гэсэн. Зах зээлд ижил төстэй үйл ажиллагаа явуулж буй компаниуд нэгдэж үйл ажиллагаа явуулах бол манайд хандаж зөвшөөрөл авах ёстой. Гэтэл манайд энэ талаар албан ёсоор хандаагүй”гэдгийг тэрээр нэмж хэллээ.

У.Бадам

СЭТГЭГДЭЛ БИЧИХ