О.Амгаланбаатар: Ж.Энхбаяр гишүүн "Чи муу надаар оролддог хэн бэ" гэсэн

-Ж.ЭНХБАЯР ГИШҮҮН "АЛТАЙН ХҮДЭР" КОМПАНИАС 450 САЯ ТӨГРӨГИЙН ХАНДИВ АВСНЫГ ШАЛГУУЛАХААР АТГ-Т ӨГЧЭЭ-
УИХ-ынгишүүн Ж.Энхбаяр, Ц.Дашдорж нарыг Говь-Алтай аймгийн АН-ынхан Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар өгснийг манай сонин өмнө нь мэдээлсэн билээ. Энэ асуудал юу болсныг Говь-Алтай аймгийн АН-ын дарга О.Амгаланбаатараас асууж сонирхлоо.
-УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Ц.Дашдорж нарыг АТГ-т шалгуулахаар өгсөн хэрэг ямар шатандаа явна вэ?
-Би зургаан сарын өмнө АТГ-т тэднийг шалгуулахаар өгсөн. Гэтэл өнөөдрийг болтол ямар нэгэн хариу алга. Энэ хэрэг дэндүү удаашралтай байна. Ер нь АТГ энэ хэргийг шалгах сонирхолгүй байгаа бололтой. Эсвэл Ж.Энхбаяр, Ц.Дашдорж нар УИХ-ын гишүүний бүрэн эрхээрээ далайлгав уу. Эрхэм гишүүд төсвийн мөнгийг хувьдаа дураараа зарцуулсныг нотлох аудитын дүгнэлтийг бэлдэж өгч байхад үүнийг шалгаж чадахгүй юм бол АТГ гэж байхын хэрэг байна уу.
-Аудитын дүгнэлт юу гэж гарлаа?
-2008-2012 оны УИХ-д сонгогдсон гишүүдийг орон нутагтаа бүтээн байгуулалт хий гэж улсаас нэг тэрбум төгрөг хуваарилсан. Гэтэл манай аймгаас УИХ-д сонгогдсон хоёр гишүүн энэ мөнгийг тойрогтоо зарцуулах нь битгий хэл үрэн таран хийсэн юм. Ж.Энхбаяр, Ц.Дашдорж хоёр улсын төсвөөс жил бүр хуваарилсан мөнгийг юунд зарцуулсныг аудит шалгаад дүгнэлт гаргасан. Өнгөрсөн онд хийгдсэн аудитын дүгнэлт бидэнд ирсэн учраас дээрх гишүүдийн хууль зөрчсөн баримтууд ил болж, АТГ-т шалгуулахаар өргөдөл гаргасан хэрэг. Тэгтэл хагас жилийн өмнө өгсөн өргөдлийн хариу алга. Аудитын дүгнэлтээс харахад 10-200 сая төгрөгийг МАН-ын гишүүд, тойрон хүрээлэгчдэдээ ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр тарааж өгсөн байгаа юм. Энэ мөнгийг ямар нэгэн тендер хэлбэрээр олгосон тухай баримт бичиг архивт байхгүй. Зөвхөн Ж.Энхбаяр гишүүний гарын үсэгтэй батламжаар тараагдсан. Тухайлбал, жижиг дунд үйлдвэрийг дэмжих зорилгоор 73 иргэнд 893.8 сая төгрөгийн зээл олгосон байна лээ. Үүнээс 16 иргэнд 231.5 сая төгрөгийг эргэн төлөх нөхцөлгүйгээр өгсөн байдаг. Ийм маягаар 2009-2011 онд л гэхэд нэг тэрбум 700 сая төгрөгийг хууль бусаар иргэдэд тараасан аудитын дүгнэлт гарсан. 2009 онд Говь-Алтай аймгийн хүнсний битүү захын барилгыг барихад зориулж, 200 сая төгрөгийг эргэн төлөх нөхцөлтэйгөөр олгосон. Энэ мөнгийг авсан газар нь эргүүлж төлөөгүй, аудитын шалгалтаар ч нотлогдсон. Нийтдээ 40 гаруй хуудас аудитын дүгнэлтэд олон баримт бий. Ямар ч тендер, сонгон шалгаруулалтгүйгээр төсвийн мөнгийг ингэж тараасан нь сонгуульд ялахын тулд иргэдэд бэлэн мөнгө тараасантай адил биз дээ. Тэд ингэж мөнгө тараасныхаа дараа 2012 оны сонгуульд орж, парламентад суудалтай болсон.
-Өөрсдийнхөө тойрон хүрээлэгчдэд мөнгө тараасан гэлээ. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юу?
-Тэд төсвийн мөнгийг сонгуулийн менежер, шадар туслахууд, сумдын МАН-ын дарга нарт урамшуулал болгон өгч, тэдний бизнесийг дэмжих зорилгоор цацдаг байж. Сонгуулийн үр дүнд нөлөөлж, өөрсдийгөө парламентад дахин сонгуулахын төлөө иймэрхүү хууль бус үйл ажиллагаа явуулж байсан нь аудитын дүгнэлтээр ил болсон. Тиймээс өнөөдөр төсвөөс тойрогт зарцуул гээд өгсөн мөнгөнөөс бүтээн байгуулалт хийсэн юм алга. Бодит байдал дээр Говь-Алтай аймагт сургууль, цэцэрлэг баригдах мөнгийг тэд тойрон хүрээлэгчдэдээ тараагаад өгчихсөн.
-Ж.Энхбаяр гишүүн "Алтайн хүдэр" компаниас 450 сая төгрөгийн авлига авсан гэх мэдээлэл цацагдсан. Та энэ хэргийн талаар АТГ-т өргөдөл өгсөн юм уу?
-Тиймээ. Энэ бол гишүүд тойрогтоо зарцуулах мөнгөө үрэн таран хийсэн аудитын дүгнэлтээс тусдаа асуудал. Өөр эх сурвалж мэдээлсэн юм. Ж.Энхбаяр гишүүнийг "Алтайн хүдэр" компаниас авлига авсан тухай АТГ-т хандаад бүтэн зургаан сар боллоо.
-Түүнийг 450 сая төгрөгийн авлига авсан гэх яг ямар баримт байна вэ?
-Ж.Энхбаяр гишүүн "Алтайн эрин сан" гэдэг төрийн бус байгууллагатай. Гэтэл энэ компани "Алтайн хүдэр" компаниас өнгөрсөн арванхоёрдугаар сард хоёр удаа буюу 100, 350 саяар нь нийтдээ 450 сая төгрөгийг хандив нэрээр авсан байгаа юм. Уул уурхайн бизнес эрхэлдэг компаниас ТББ хандив авах нь хуулиар хориотой.
-ТББ нь энэ мөнгийг юунд зарцуулсан юм бол?
-"Алтайн эрин сан" ТББ "Алтайн хүдэр" компаниас их хэмжээний мөнгө авчихаад юунд зарцуулсан нь тодорхойгүй байгаа. Ямартаа ч хууль зөрчсөн энэ үйлдлийг авлигын хэрэг гэж үзэн АТГ-т шалгуулахаар өгсөн нь тэр юм.
-Өөрсдийг нь АТГ-т шалгуулахаар өгсний дараа тэд тантай уулзсан уу?
-Өнгөрсөн зургадугаар сарын эхээр Говь-Алтай аймгийн нисэх буудал дээр Ж.Энхбаяр гишүүнтэй таарсан юм. Гэтэл тэр "Чи муу надаар оролддог хэн бэ. Чамайг яасан ч яадаг юм" гэж заналхийлсэн. Би хариуд нь "Та УИХ-ын гишүүн хүн. Ёс зүйтэй байгаач. Би иргэнийхээ үүргийг биелүүлсэн" гэж хэлээд явсан. Би түүнээс айхгүй. Шударга ёсны төлөө тууштай тэмцэнэ. Мөн "Алтай улиастай" ТӨХК-ийн захирал байсан Д.Дорждагвыг шалгуулахаар холбогдох газарт нь өгөөд байгаа. Тус компани "Хаан", "Хадгаламж" банкинд хоёр данстай байсан. Дансны өдрийн тогтмол үлдэгдэл нь 500 саяас нэг тэрбум төгрөг байдаг. Энэ хугацаагүй хадгаламжийн дансанд байгаа мөнгөний хүүг Д.Дорждагва өөрийнхөө хүүхэд юм уу, найз нөхдийнхөө дансаар дамжуулж авдаг. Угтаа төрийн мэдлийн мөнгөний хүү нь ч төрд очих естой. Гэтэл албан тушаалаа ашиглан ийн хувьдаа шамшигдуулсан байгаа юм.
-Танай аймагт орон нутгийн сонгууль дахихаар болсон гэсэн. Хэзээ болох вэ?
-Өнгөрсөн есдүгээр сарын 23-нд Дээд шүүхийн шийдвэр гараад манай аймагт орон нутгийн сонгуулийг дахин явуулахаар боллоо. Одоогоор хэзээ болох нь тодорхойгүй байгаа. Учир нь шүүхийн шийдвэр дөнгөж гараад байна. Орон нутгийн дахин сонгуулийн товыг Сонгуулийн хороо зарлана.
м.мөнх
medee.mn
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ