О.Баасанхүү: Оффшор данс нээчихсэн биш юунд нь ичих юм

УИХ-ын намрын чуулганы нээлтэд О.Баасанхүү цэнхэр өнгийн касктай хүрэлцэн ирсэн нь сэтгүүлчдийн анхаарлыг татсан юм. Түүнээс ямар учраас “барилгачин” болсныг тодрууллаа.

-Ордон нурах гэж байгаа юм биш биз дээ. Яагаад каск өмсчихөв?
Магадгүй гэж яриад байгаа биз дээ. Энэ бол хувийн үзэл бодлоо илэрхийлэх нэг хэлбэр юм л даа. Өнгөрсөн намрын чуулганы үеэр шилээ дарсан барилгын олон осол гарсан. Тухайн үед УИХ-ын дарга З.Энхболд зөвшөөрөлгүй барилгын асуудлыг цэгцлэх ажлын хэсэг байгуулж буйгаа сүр дуулиантай мэдэгдсэн. Удалгүй чив чимээгүй болсон. Ажлын хэсгийн ахлагчаар Ж.Батзанданг томилж байсан юм. Бид Ерөнхийлөгчийн өвлийн ордны хашаанд байгаа барилгаас авахуулаад Авлигатай тэмцэх газар хүртэл алхсан. Эрх мэдэлтэй байж ийм барилга барих зөвшөөрөл авна даа гэж бодмоор олон барилга харсан. Ерөнхийлөгчийн өвлийн ордны хашаа, Онцгой байдлын газрын эзэмшил, дунд сургуулийн хашаанд хүртэл барилга сүндэрлүүлчихсэн байна. Тухайн үед ажил хариуцаж байсан дарга нар нь албан тушаал дэвшээд явчихлаа. Барилгын салбарын асуудал шийдэгдээгүй байхад албан тушаал дэвшиж байна шүү дээ. Чуулганы нээлтэд касктай ирсэн нь сануулга өгсөн хэрэг. Хүчирхийллийн бус замаар үзэл бодлоо илэрхийлж байгаа хэлбэр. Энэ каскны зургийг харж байна уу. Бяцхан охин байгаа биз. Барилгын ослоос болж дунд сургуулийн охин амиа алдлаа. Охид, эмэгтэйчүүдийн эрх манайд их зөрчигдөж байна. Ард түмэн ууртай байна. Шатахууны үнэ 50 төгрөгөөр нэмэгдчихлээ. Миний ширээн дээр Засгийн газрын гарааны жил гэж ном байна. Гарааны жилд шатахууны үнэ, долларын ханш өслөө. Эдийн засгийн байдал хүндэрлээ. Эрх баригчид надад шинэ номоо бэлэглээд би малгайгаа өмсөөд чуулганаа эхлүүллээ дээ.

-Таны бодлоор хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын тулд юу хийх хэрэгтэй байна ?
-Наад зах нь Төрийн тусгай албан хаагчийн нэгдсэн эмнэлгийг түр хугацаагаар ч гэсэн хүүхдийн эмнэлгийн зориулалтаар ашиглах хэрэгтэй. Эмнэлгийн барилгыг булааж авчихаад юу хийж байгаа юм. Энэ дотор MRI аппарат байгаа. Үүнийг үгүй хийх гэж байна. Зориулалтаар нь ашиглавал ямар олон хүнд тус болох вэ гэдгийг бодох хэрэгтэй. “Урт нэртэй” хуулийн дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хамтдаа хэлэлцэх ёстой. Энэ хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч Д.Арвин. Надтай уулзахгүй наагуур цаагуур хурал зохион байгуулаад гүйгээд байх юм. Уг нь хамтарч шийдэх хэрэгтэй биз дээ. Гэнэтхэн ажлын хэсгийн ахлагч болчихсон. “Урт нэртэй” хуулийн төслийг батлах гэж яагаад яараад байгаа юм.

-Таныг “Шударга ёс” эвслээс “Урт нэртэй” хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч болгох санал тавьсаныг УИХ-ын дарга яагаад хүлээж аваагүй юм бэ?

-Би хэлж мэдэхгүй юм. Цаагуураа лобби ороо биз. Ер нь ард түмэнтэйгээ хамт байж эрх баригчдад сануулга өгөх хэрэгтэй гэж боддог. Ер нь эрх баригчид иргэдээ тоохгүй байна. Бид барилгын салбарын алдаа дутагдлыг олоод өглөө. Яагаад шалгаж, хяналт тавьдаггүй юм. Зарим гишүүд намайг О.Баасанхүү ичээч гэх нь холгүй байна. Би яагаад ичих ёстой юм. Оффшор бүсэд данс нээчихсэн биш. Би ичмээр биш тэд ичмээр байгаа юм.

Ц.ОЮУНТУНГАЛАГ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ