Хог хаягдлаар эрчим хүч үйлдвэрлэнэ гэнэ шүү

Нэг хүн өдөрт дор хаяж хоёр кг хог тарьдаг. Ийн тооцоолбол 24 цагийн дотор дэлхийд 1.2 тэрбум тонн хог бий болох нь. Өдрөөс өдөрт “өнгө зүсээ гээж”, тарчлан буй дэлхий ийм их хогийг элгэндээ шингээж чадахгүй. Тиймээс л хогийг мөнгө болгох гарцыг хүн төрөлхтөн хайж байна. Хиймэл зүлэг ургуулж, хаймран цэцэг “тарьж” биесээ хуурахын оронд эх дэлхийнхээ төлөө хогоо боловсруулах хэрэгтэй байна. Хогийг мөнгө гэж хардаг болсон цагт л Монгол хөгжинө.
Манай улсын хэмжээнд жилд дунджаар 1,2-1,3 сая тонн хог хаягдал гардаг. Үүний 30 гаруйхан хувийг нь л Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны гишүүн байгууллагууд цуглуулан ангилан ялгаж, боловсруулан экспортод гаргадаг. Харин үлдсэн 70 орчим хувийг ямар ч боловсруулалт хийлгүйгээр ландфилын аргаар буюу шууд хөрсөнд булдаг. Гэтэл тэрхүү булж устгаж буй хог хаягдлыг ашиглан эрчим хүч, хий гарган авч ашиглах өргөн боломж бий.
Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад хэдийнээ нэвтэрч хөгжсөн энэхүү технологийг өөрийн оронд нутагшуулах талаар Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооныхон багагүй хүчин чармайлт гаргаж, судалгаа хийсний эцэст ХБНГУ-ын “PSE Engineering” компанитай энэ чиглэлд хамтран ажиллахаар болж, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Хог хаягдлыг дахин боловсруулах талаараа европдоо төдийгүй дэлхийд тэргүүлэх технологитой германчуудтай Монгол Улсад тулгамдаж байгаа хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх, байгаль орчинд ээлтэй техник технологийг нэвтрүүлж, хог хаягдлыг дахин боловсруулан эрчим хүч, хий гарган авах талаар хамтран ажиллахаар болжээ. Тэд эхний ээлжинд Улаанбаатар хот болон 21 аймгийн хог хаягдлын нэгдсэн судалгаа гарган, боловсруулах технологийн шийдлийг сонгох ба энэхүү судалгаан дээр үндэслэн үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөг гарган, хэрэгжүүлэх төслөө тодорхой болгох гэнэ.
“PSE Engineering” компани нь хог хаягдлыг өндөр температурт нэрж, цахилгаан, дулаан, хий гарган авдаг бөгөөд эрчим хүчээ Цахилгаан станцын шүлжээнд оруулан тухайн хот суурин газрын хэрэглээнд нийлүүлдэг байна. Ийм төрлийн боловсруулах үйлдвэрүүд хүчин чадлаараа янз бүр байх ба жижгэвтэр нь л гэхэд жилд дунджаар 45,000 гаруй тонн хог хаягдал боловсруулдаг аж. Харин “PSE Engineering” компани жилд 100,000 гаруй тонн хог хаягдал боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг манай улсад барих боломжтой гэж үзэж байна. Сайхан мэдээ байна шүү.
Үүнээс гадна Хог хаягдал, хоёрдагч түүхий эд ашиглаад бараа бүтээгдэхүүн хийдэг компаниуд манайд бий. Дархан-Уул аймагт л гэхэд “Сан-Оргиу” гэсэн компани ажиллаж байгаа. Мөн хаягдал цаас ашиглаад ОО-ын цаас хийж байгаа “ОБ Капитал” ХХК байна. Энэ мэт хог хаягдал ашиглаад олон нийтэд хэрэгтэй үйл ажиллагаа явуулж байгаа компаниудаа төр, засаг бодлогоор дэмжиж, үйл ажиллагааных нь чиг үүргийг тодорхойлж хамтарч ажиллах хэрэгтэй байгаа юм. Тэгвэл өнөөх газарт булж байгаль орчин бохирлуулаад байгаа хог хаягдлын багахан хэсэг ч дахин ашиглагдах боломжтой болно.
Оршин сууж, ажиллаж, амьдарч байгаа хотоо цэвэр байлгах нь иргэд биднээс өөрсдөөс эхэлнэ. Хог хэн хаяж байна вэ гэхээр иргэд биднээс л гардаг, хаядаг. Нэг хүн хог хаячихаар дараагийн хүн нэмээд хаячихна. Ингэж л уул овоо шиг хур хог үүсдэг. Тэгснээ гэнэт нэг өглөө нөгөө хогоо хараад хаанаас гараад ирэв гэж гайхдаг. Жишээ нь, та машиныхаа цонхоор хог хаялаа гэхэд түүнийг нь хүүхдүүд дуурайна. Гэтэл хүүхдээ хоггүй орчинд байхыг та хүсч л байгаа шүү дээ. Тиймээс иргэдийн өөрсдийн байдлаас хотын соёл эхэлж байгаа биз. Энэ соёлд нь суралцмаар, суралцуулмаар байна, эхний ээлжинд.
Өнөөдөр их нүүдлийг дагаад хотын хөдөлгөөн, төвлөрөл нэмэгдэж, 2,8 сая хүн амтай улсын 1,4 сая нь нийслэлд амьдарч байна. Нийт хүн амын 50-иас дээш хувь нь гэсэн үг. Ингэж өсч байгаа ч бүгдээрээ нэг хүн шиг хотоо хайрлаж болно доо. Хүн бүр хогоо ил задгай хаялгүй, зориулалтын саванд хийж, нэг нэгнээсээ “ичихгүйгээр” бие биенээсээ шаардаж байя гэж хэлэх байна.
Б.Цовоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ