Ж.Д.Жюдиче: Сэтгэцийн эмнэлэгтэй улсад хүний эрх байдаггүй

Эл эрхмийн гол санаа энэ юм.Италийг сэтгэцийн эмнэлэггүй болгон, хүний эрхийг өндөрт тавьсан Франко Базалиягийн багийн гишүүн доктор Жиованна Дел Жюдиче Монголд ирж, Хүний эрхийн үндэсний комиссоос зохиосон сургалтад оролцон туулж өнгөрүүлсэн амьдралын туршлагаасаа хуваалцлаа.Түүний яриаг алмайран сонсч суухад бид мөн ч болоогүй байна даа гэх бодол тээгдээстэй байсныг хэлэх хэрэгтэй. Хүний эрх хэмээн цээжээ дэлдэгсэд олонтой манайд бол жинхэнэ амьд туршлага болохоор санагдав. Энд өгүүлэгдэх зүйл өнгөрсөн зууны жараад оноос Италид өрнөсөн хүний эрхийн төлөө тэмцлийн нэгэн юм.

Анх оюутнууд, эмэгтэйчүүд эрхээ хамгаалахаар тэмцэж эхэлжээ. Үүнтэй зэрэгцээд нэгэн шинэ тэмцэл гарч ирсэн нь тухайн үед хэний ч санаанд оромгүй өвөрмөц байлаа. Яг тэр цаг үед мэдрэлийн эмч байсан Франко Базалия гэдэг эр “Хүний эрх ярихад хүрвэл эхээс төрсөн болгон эдлэх ёстой” гээд, бараг адгуус мэт байсан сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн эрх яриад эхэлжээ. Сэтгэцийн эмгэгийн талаар 1904 оны хуультай асан италичууд түүнийг хэрхэн хүлээж авах билээ. Тэрхүү тэмцэгчийг тэр даруй Горица хотын Сэтгэцийн эмнэлгийн даргаар илгээжээ.

Мань эр тэнд очоод бүр шоконд орсон гэнэ. Германы шоронд хоригдож байснаас нь ч долоон дор байсан юм байх. Эмнэлэг нь давхар хашаа, төмрөн тортой, өвчтнүүдийг хорьдог агуйтай, хүлж, баглан, боодог аргамжтай, гав, гинж гээд юу эс мундах билээ. Манай СЭМҮТ одоо бараг ийм шүү дээ. Товчхондоо хүн эмчилдэг газар лав биш байжээ. Нийгмийн амгалан тайвныг хангахын тулд тэднийг нэг ёсондоо тусгаарладаг “шорон” байж. Манайхаар бол албадан эмчилгээний газар юм. Албадаж эмчлээд ямарч үр дүн гарахгүйг тэр үед мэдэрсэн нь гайхалтай санагдлаа. “Албадан” гэдэг үг тэдний ярианы хэлнээс байтугай, оюун санаанаас гарсныг тэр бараг энд ирээд л сэргээн санасан биз.

Одоо бодохноо нээрээ ч муухай үг юм. Ялгаварлан гадуурхах өнгө аястайг нь яана. Ингээд шат дараалсан арга хэмжээ авсан байгаа юм. Хамгийн түрүүнд өвчинд нь биш хүнд нь архаарах ёстойг ойлгожээ. Тэгээд төмөр торыг авч хаян, эмнэлгийн хаалгуудыг нээж, эр, эмээр нь ангилжээ. Тэнд ёстой л холион бантан байсан бололтой. Өвчтнүүдтэйгээ өдөр бүр санал солилцож эхэлжээ. Өвчтөн бус хамт олон болгосон хэрэг. Тэднийг цоожтой хаалганаас гарган, өдөрт хоёр удаа салхилдаг болгожээ. Байгаль болоод нийгэмд орууллаа гэсэн үг. Хөгжим, бүжиг, ногоо тарихыг ч заажээ. Гэр бүлийн харилцааг нь ч сэргээжээ. Аав ээж, ахан дүүс, анд нөхөдтэй нь холбожээ.

Төдөлгүй энэ нь хангалтгүй санагдсанд эмнэлгээ хаах бодол тээх болжээ. Ингэтэл улс төрийн зүгээс саад, бэрхшээл тулгарчээ. Тэр үед үйлчилж байсан хуулийн заалтаар бол тэднийг нийгмээс тусгаарлах нь мэдээж. Зорилгоо биелүүлэхийн тулд бүр том эмнэлэгт очжээ. Ажилтнуудаа дан залуус болгожээ. Залуу эмч, сувилагчдын оюун хиртээгүй нь олз байлаа. Ажилтнууд нь түүнийг хүрээлж, Сэтгэцийн эмнэлэгт ажиллахаас хүн зугатдаг байтал харин ч, өөр хотуудаас ажилд орохоор ирдэг болж. Энэ нь жинхэнэ амжилт байлаа. Бас нэг шат ахиуллаа. Өдөр тутмын эмчилгээ чухал биш өдөр бүрийн амьдралд сургах гол нь гэж үзэв.

Эмнэлгийг хаах болоход тэнд насаараа байсан хүмүүсийн асуудал хүнд байлаа. Ингэхийн тулд шинээр хүн авахыг болиулжээ. Богино хугацааны тусламж үзүүлдэг болов. Гэрээр үзэж, эмчилдэг болсон хэрэг. Эмч, сувилагчид айлаар явж, гэрт нь эмчилдэг болсноор тэдний өөрсдийнх нь үзэл бодол ч өөрчлөгджээ. Бид эмчилж, сувилахаас гадна асран хамгаалагчид гэсэн итгэл төрсөн байна. Гэр бүлүүд ч өөрчлөгджээ. Өвчтөнтэй бид зууралдахгүй, эмнэлгийнхэн туслах юм байна гэх найдвар тээхгүй юу. Ингээд гайгүй өвчтөнүүдийг гаргаж эхэлжээ.

Эхэндээ энэ нь нийгэмд айдас төрүүлснээс эсэргүүцсэн аж. Бүр жагсаал ч болж, цагдаа дууддаг байж. Тэгэхээр нь байр түрээслээд тэднийг оруулан хөршүүдтэй нь харьцжээ. Хамгийн түрүүнд хөршүүд нь айхгүй болжээ. Ямар ч хоргүй, гэм зэмгүй улс юм гэх сэтгэлтэй болсон нь ялалтын үндэс байлаа. Ингээд нийгмийн ч бухимдал арилжээ. Эмнэлгээ хаагаад, очих оронгүйчүүдийг хэсэг, бүлэг болгон хашаанд нь байлгасан аж. Ингээд, 1972 онд тэднийг эмнэлгийн хашаанаас гарган, тэр хавьд нь жижиг байшин бариулан оруулжээ.

Тэд хөдөлмөр эмчилгээнд хамрагддаг байсныг ч болиулжээ. Эмнэлгийн хамаг ажлыг хөлсгүй хийхийг хөдөлмөр эмчилгээ гэдэг байж. Яг манайд байдагтай адил. Эмгэгтэй хүмүүсээр ажил хийлгэж болно. Харин хөлс төлөхөө мартав гэдэг шаардлага тавих болж. Тэгээд хоршоо байгуулснаар тэднийг амьдралын баталгаатай болгох нь тэр. Өвчтнүүдийн зарим нь амьдрал дээшилж бүр гэр бүлтэй ч болжээ. Хамт олонд түшиглэсэн сэтгэцийн эрүүл мэндийн төв”-үүдийг 1975-1977 онд байгуулжээ. Хурц өвчтэй нэгэнд эмнэлгийн тусламжийг яаралтай үзүүлээд, гэрт нь буцаадаг газар юм. Шаардлагатай үед 24 цагаар ч хүлээн авдаг ажээ.

Ийнхүү Италид сэтгэцийн эмгэгтэй хүмүүс хамт олон, гэр бүл дотроо эмчлүүлж, сувилуулан, хөдөлмөр эрхэлдэг болжээ. Төдөлгүй Франко Базалияг багтай нь Ромын эмнэлэгт урьсан авч, харамсалтай нь 1980 онд нас баржээ. Тэгэв ч түүний үйл хэрэг зогссонгүй. Түүний залгамжлагчид ажлыг нь гүйцээжээ. Италид одоо Сэтгэцийн эмнэлэг гэсэн ойлголт огт үгүй гэнэм. Тэнд эхээс төрсөн л бол бүгд хүн агаад, хүний эрхийг адил эдлэх бүлгээ. Манайх шиг хүнийг галзуурав гээд эмнэлгийн оронд хүлэх тухай ойлголт бүү хэл зүүд ч итали хүнд үгүй гэх.

Г.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ