2050 онд дэлхийн хүн 10 тэрбумд дөхнө

2050 он гэхэд дэлхийн хүн ам бараг 2,6 тэрбумаар нэмэгдэж, 9,731 тэрбумд хүрнэ.Францын хүн ам зүйн судалгааны хүрээлэнгээс нийтлүүлсэн илтгэлд ийм таамаглал дэвшүүлжээ. Одоо манай гарагт 7,141 тэрбум хүн ажтөрж байгаа юм.

Гэхдээ дэлхий нийтийн хүн амын өсөлт үүгээр зогсохгүй бөгөөд ХХI зууны сүүлч гэхэд манай гарагт 11 тэрбум орчим хүн аж төрнө гэж илтгэлд онцлон тэмдэглэсэн байна. Зургаан тэрбумын босгыг 1999 онд давсан бол, бүр 12 жилийн дараа 2011 он гэхэд дэлхийн хүн ам бас 1 тэрбумаар нэмэгдсэнд эрдэмтэд анхаарал хандуулжээ.

Одоо төрөлтийн нийлбэр коэффициент /амьдралдаа нэг эмэгтэйн төрөх дундаж тоо/нь дэлхийд дунджаар нэг эмэгтэйд 2,5 хүүхэд байна. Гэвч зарим бүс нутагт энэ үзүүлэлт дээш, доошоо байдаг бөгөөд хамгийн их төрөлт Нигер улсад бүртгэгдэж, энд нэг эмэгтэйд 7,6 хүүхэд ногдож байхад, харин Босни Герцеговин улсад ердөө 1,2 хүүхэд байсан нь бүртгэгджээ. 2050 он гэхэд дэлхийн хүн амын дөрөвний нэг нь Хар тивд төвлөрч, тэнд 2,435 тэрбум хүн суухаар байна. Харин эрдэмтдийн таамаглаж байгаагаар, Европ хүн ам нь цөөрөх цорын ганц тив болох ажээ. 2013 онд энд 740 сая хүн аж төрч байгаа бол, 2050 онд 726 сая болж цөөрөх юм байна. Одоо хүн амын тоогоор Хятад улс тэргүүлж /1,36 тэрбум хүн буюу манай гарагийн нийт хүн амын 19%/, дараа нь Энэтхэг улс / 1,27 тэрбум, 17,4% / орж байгаа юм. Удаа нь АНУ / 316,2 сая, 4,4% / их зөрүүтэйгээр хоцорч байна. 2013 оны наймдугаар сарын 1-ний байдлаар Оросын хүн ам 143,4 сая / 2,03% / байжээ. Энэ нь дэлхийд ес дэхүзүүлэлт юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ