Сувилагч нар нойроо харамлаж, эмчилгээ хийгээгүйгээс гурван настай охин амиа алдлаа

Ийм хэрэг өнгөрсөн сарын 27-нд гарчээ. Сүхбаатар дүүргийн 1 иргэн Төрмөнхийн гурван настайохин Маралжингоо нь хордлогын оноштойгоор дүүргийнхээ Нэгдсэн эмнэлэгт есдүгээр сарын 26-нд хүргэгдсэн байна. Хүлээн авах тасгийн эмч Б.Соёл-Ундрах охиныг хүлээн авч хэвтүүлжээ. Тэр шөнийн 02 цагаас охины гэдэс хүчтэй базалж, өвдөж эхэлсэн байна. Ээж нь охиноо өвдөөд уйлах бүрт ээлжинд гарч байсан сувилагч Л.Оюунгэрэл, Н.Сувд-Эрдэнэ нарт хандан "Жижүүрийн эмчийг дуудаад өгөөч. Болохгүй бол би өөрөө дуудъя" гэж хүсэлт тавьсан ч өнөөдүүл нь тоосон шинжгүй "Чи эмчийг дуудахгүй. Сувилагч эмчийг дууддаг юм" хэмээн нойроо харамлаад буруу харан унтаад өгснийг охины ээж П.Ариунаа ярьж байна. Охин тэр шөнө олон удаа гүйлгэж, маш их тамирдаж, сүүлдээ уйлах ч тэнхэлгүй болжээ.

Ар гэрийнхэн нь тэр шөнө мөн л шаналж хоносон учир болохгүй бол охиноо Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв рүү авч авъя гэж ярилцаж байжээ. Охины биеийн байдал эрс дордсон учир П.Ариунаа аргаа бараад өглөө долоон цагийн үед өнөө хоёр сувилагчид дахин хандаж, нулимс дуслуулан байж охиныхоо биеийн байдлыг хэлсэн байна. Ингээд сувилагч нар жижүүрийн эмч Г.Оюунчимэгийг дууджээ. Жижүүрийн эмч охиныг хараад "Хүндэрчихсэн байна. Эртхэн хэлэхгүй яасан юм" гээд яаралтай сэхээн амьдруулах тасаг руу шилжүүлсэн байна.

Охин шөнөжингөө шингэн алдсанаас бие нь ихэд сульдаж цусны шинжилгээ авах гэтэл судас нь хагараад, шинжилгээ авч чадаагүй аж. Охиныг уг эмнэлэгт хүнд өвчтэй гэсэн оноштойгоор хэвтүүлсэн байна. Гэтэл жижүүрийн эмч, сувилагч нарт эл оношоор нь хүлээлгэн өгөөгүйгээр барахгүй тэр даруйд нь ганц ч шинжилгээ, эмчилгээ хийгээгүй аж. Ийнхүү эмч, сувилагчдын хариуцлагагүйгээс болж гуравхан настай Т.Маралжингоо охин сэхээний тасагт очоод сэхэл авалгүй байсаар нас барсан байна.

Охины ээж П.Ариунаа Эрүүл мэндийн сайд Н.Удвалд хандан бичсэн ил захидалдаа "Миний охины өвчиндөө хэрхэн шаналж, зовж байсан нь одоо ч нүдэнд харагдаж сэтгэл минь өмөрч гол гонсойж сууна. Эмнэлгийн ажилтнууд ажил үүргээ нэр төртэй биелүүлж чадсангүй. Тэд хүйтэн хөндий цэвдэг сэтгэлээр хандсанаас миний охин хорвоог орхилоо" хэмээгээд эмч Б.Соёл-Ундрах, Г.Оюунчимэг, сувилагч Л.Оюунгэрэл, Н.Сувд-Эрдэнэ нарт хариуцлага тооцохыг хүссэн байна.

Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн дарга М.Чимгээ болсон явдалд чин сэтгэлээсээ уучлал гуйгаад "Өргөсөн тангаргаа умартаж унтах нойрондоо анхаарал хандуулсанхоёрсувилагчийг ажлаас нь халсан. Тэр шөнө жижүүрт байсан эмч маш их гэмшиж, буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Өвчтөний биеийн байдлыг зөв оношлоогүйгээс ийм хэрэг гарлаа. Бид энэ асуудлаар нухацтай ярилцсан. Ёс зүйн хороо хуралдаж, энэ асуудлыг хэлэлцэнэ" гэж ярьж байна.

Харин талийгаач охины эцэг, эхтэй утсаар холбогдоход "Буяны ажил нь болж байна. Яг одоо энэ талаар ярих тэнхэл алга" хэмээн санаа алдаад "Ах дүүстэйгээ зөвлөлдөж байгаад болсон хэрэг явдлын талаар ярья" гэсэн хариулт өгсөн юм. Эднийх хоёр хүүхэдтэй. Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаад оршин суудаг юм байна. Талийгаач охин 2010 онд төрсөн, отгон хүүхэд нь, байж. Харин ууган хүүхэд нь одоо найман настай аж.

Д.САРУУЛ

Эх сурвалж:Өдрийн сонин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ