Ш.Мягмарсамбуу: С.Зоригийг ерөнхий сайд болох гэж байхад нь хөтлөлцөж гүйгээд яахав гээд тэр өдөр хамт яваагүй юм


Монголд ардчилсан хувьсгал ялахад онцгой үүрэг гүйцэтгэсэн гавьяатай хүмүүсийн нэг бол Санжаасүрэнгийн Зориг агсан билээ. Тэрээр бусдын гарт харамсалтайгаар амиа алдсантэр өдрөөс хойш 15 жил өнгөрчээ.Талийгаачийн дотны нөхөр Ш.Мягмарсамбуутай ярилцлаа.
-Та С.Зориг агсантай анх яаж танилцаж байсан бэ?
-Биднийг талийгаачийн ах танилцуулж байсан юм. Тухайн үед би "Новести Монголия" сонинд ажиллаж байлаа. Анх 1989 оны шинэ жилээр С.Зоригоос ярилцлага авч танилцаж билээ. Ингээд 1990 оноос хойш холбоотой байж дээ. Тэр жил ардчиллын хөдөлгөөн Монголд өрнөж, би хэвлэлд ажиллаж байсан хүний хувьд С.Зориг агсанд тус болох үүднээс сонин энэ тэр хийгээд хамтрах болсон юм.
-С.Зориг агсан ардчиллын төлөө зүтгэж байхдаа ямар албан тушаал хашиж байв?
-МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуульд аспирантурт сурч байсан юм байна. Тэрнээс өмнө хотын эвлэлийн хороонд зааварлагч байсан. Анд нөхөр маань хорвоогоос одоод 15 жил боллоо. Энэ бол тийм ч богино хугацаа биш. Шинэ үеийнхэн өснө, түүх шинээр бичигдэх магадлал өндөр. Одоо арван жилийн хүүхдүүд С.Зориг гэж хүний тухай, энэ хүн юугаараа гавьяатай юм бэ гэдгийг төдийлөн мэдэхгүй. С.Зориг бол Монголын нийгмийн информацийг өөрчилсөн хүн. Коммунист дэглэмийг халахад гол үүрэгтэй байсан. Ардчилсан хувьсгалыг удирдаж байсан хүмүүсийн нэг. Тэрбээр ардчилсан хувьсгалаас хойш улс төрд идэвхтэй оролцож байлаа. УИХ-д сонгогдож, улс орны амьдралд чухал нөлөөтэй, асуудлыг шийдэхэд гар бие оролцсон юм. С.Зоригийн хамгийн гол гавьяа зүтгэл нь монголчуудыг ардчилсан нийгэм лүү удирдаж оруулсан явдал.
Тиймээс энэ хүн монголчуудын хувьд мартагдах ёсгүй. Ардын хувьсгалыг үндэслэгч Д.Сүхбаатар жанжны талаар хүн бүр мэддэг шиг С.Зориг тийм л байх ёстой.
-Түүнийг олон хүнтэй нөхөрлөж байгаагүй гэлцдэг юм билээ. Харин та дотны найз нь байсны хувьд дурсамжаасаа хуваалцахгүй юу?
-С.Зориг Орост сургууль тегссөн хүн. Тэр утгаараа оросоор онигоо ярьдаг найз нар нь бусдаас арай дээр байсан юм байлгүй (инээв). Түүнийг тойрон хүрээлэгчид нь гэвэл, уншсан ном зохиолуудынх нь зах зухаас мэддэг хүмүүс байсан гэх үү дээ. Мань эр байнга өдрийн тэмдэглэл хөтөлдөг байлаа. Тун цэгцтэй хөтөлнө. Хүнийг маш сайн сонсдог, ярианаас нь санаа гаргаж чаддаг хүн байсан юм. Хүнд буруу санадаггүй тийм л аядуу хүн байж билээ.
-Тэгвэл тойрон хүрээлэгчид гэвэл танаас өөр хэн хэн байсан бэ?
-Их сургуулийн багш нар, шатрын ахмад мастерууд гээд олон хүнтэй танил нөхөд байсан. Бас ардчилсан хувьсгал ялахад хамт зүтгэсэн хүмүүс байна. Харин ойр дотнын тэр нь тийм гээд явсан хүн байхгүй. Азаар бид хажууд нь байсан болохоор одоо дотнын хүмүүсийнх нь тоонд орж байгаа юм.
-Монголчуудын хувьд С.Зориг агсан "Шулуун шударга зантай хүн байсан" гэж үнэлэгддэг. Түүнтэй ойр байснаараа та илүү дүгнэх байх...
-Тийм шүү. Монголчууд түүнийг тэгж үнэлдэг. Найз нөхөдтэйгөө 100 грамм хөнтөрчихдөг, бүгдтэй нөхөрсөг харилцдаг байлаа. ЖишээлбэлО.Дашбалбар агсантай хамт хөөрөлдөж сууж байсан нь санаанд тодхон бууж байна. Хүнд муу юм хийе гэж огт боддоггүй байсан. Өөрийнхөө дотны хүмүүст тун тусархуу хүн байж билээ.
-С.Зориг агсны хэлсэн "Би монгол хүний саруул ухаанд итгэдэг" гэсэн үг нь бараг афоризм болж дээ?
-Энэ үгийг дүү С.Оюуныгаа Чехэд сурч байхад нь бичсэн захидалдаа дурдсан байдаг. Тэгэхэд ардчилсан хувьсгал эхлээгүй байсан юм. Ер нь дүүдээ ахын сургаал хайрлаж, ирээдүйн үйл хэргийг нь зөвлөж сургадаг байсан юм уу даа. С.Зориг гэдэг хүнийг монголчууд мартахгүй байхын утга учир нь "Би монгол хүний саруул ухаанд итгэдэг" гэсэн үг гэж боддог. Монголчууд бидний саруул ухаанд итгэж байсан түүнийг мартахын аргагүй юм. Яахав он цагийн явцад мартагнана гэвэл ардчилсан хувьсгалаа мартаж байгаатай адил болно доо.
-Та талийгаач нөхрийнхөө хөшөөнд жил болгон хүндэтгэл үзүүлдэг. Жирийн өдрүүдэд зорьж очдог уу. Хажуугаар нь өнгөрөхөд ямар сэтгэгдэл төрдөг бол?
-Хааяа замын хажуугаар явж байхдаа хөшөөг нь харж, хамт байсан сайхан үеүдээ дурсдаг даа.
-С.Зориг агсан Монголын улс төрийг юу гэж дүгнэж, ирээдүйгээ хэрхэн хардаг байв. Хэрэв тэр хүн өнөөдөр амьд сэрүүн байсан бол манай улсын өнөөгийн нөхцөл байдал ямар байх байсан гэж та боддог вэ?
-Одоогийн сууж байгаа хүмүүсээс хамаагүй туршлагатай, шилдэг улстөрч байх байсан. Миний санахад, банкны асуудлаар УИХ-ын гишүүд шөнөжин хуралдаж байж билээ. С.Зориг "Бид ямар банкны мэргэжилтнүүд биш, ингэж хамаагүй ярьцгааж байхаа больё" гэж хэлсэн юм. Тэгтэл дараагийнх нь хүмүүс "Уучлаарай" гэсэн үгээр яриагаа эхэлсэн нь санагдаж байна. С.Зоригийн хувьд иймэрхүү нөлөө байсан л даа. Харин одоо тэр лидер хүний зай Монголын улс төрд дутагдаж байна. Удирдаад, зохион байгуулаад явах хүн гэвэл, гадаадад нэр хүндтэй Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж л байх шив. Гэхдээ мань эр байсан бол Н.Алтанхуяг энэ тэртэй зүйрлэхгүй л хүн байсан гэж боддог. С.Зоригийн сэтгэх хүрээ, асуудалд хандах хандлага нь өөр юм даа. Тиймээс түүний улс төрийн орон зай өнөөгийн нийгэмд дутагдаж байна. С.Зоригийн хэлсэн үгэнд "Нийгмийн зэрэг дэвийн давхаргуудын ашиг сонирхол нэн түрүүнд тавигдана. Харин хувь хүний ашиг сонирхлыг хамгийн сүүлд тавих ёстой" гэсэн байдаг. Тийм зарчмаар явж байж улс орон хөгжих ёстой.
-Их сургуульд хичээл зааж байсан болохоор шавь олонтой биз. С.Зориг гэдэг хүний үйл хэргийг үргэлжлүүлээд аваад явах бэлтгэсэн гарын шавь гэж бий юу?
-Өө, шавь олон. Үйл хэргийг нь үргэлжлүүлээд аваад явах хүн гэвэл дүү С.Оюун л байна даа. С.Оюун гишүүний хувьд мэдлэгтэй, чадвартай, биеэ даасан бодолтой хүн. Улстөрчид биеэ даасан бодолтой байх хэрэгтэй. Гэхдээ тэр нь нийгэмдээ харшлахгүй байх ёстой.
-Та С.Зориг агсантай хамгийн сүүлд ямар яриа өрнүүлж байв?
-Санахгүй байна. Түүний ойр байсан хүмүүс бие биедээ саад болохгүй, өөр өөрсдийнхөө ажлыг хийгээд явдаг байсан. Бие биенийхээ дэмжлэгийг авдаггүй байсан гэх үү дээ. Намайг "Засгийн газрын мэдээ" сонины эрхлэгч болоход тухайн үед хүмүүс С.Зоригийн дэмжлэгтэй тэр албан тушаалд очсон гэж харддаг байсан байх. Үнэн хэрэгтээ М.Энхсайхан Ерөнхий сайд болсныхоо дараа намайг томилсон юм. Учир нь сонгуулийн үеэр сайн ажилласан болохоор энэ хүн ажиллаж чадна гэсэндээ тэр. Тухай үед би дургүйлхэж, С.Зоригт хэлж байсан юм. "Намайг яах гэж ийм ажилд тавьчихав" гэтэл "Хүн өөрт чинь ажил санал болгоод найдаж байгаа бол ажилла" гэлээ. Тэгээд л би ажиллахаар шийдсэн юм. Хэрэв ажиллаж чадахгүй бол сольчихно биз гэсэн бодолтой байв. Ингээд С.Зориг маань 1998 онд Япон руу явахдаа нэг ярилцлага өгсөн байдаг. Тэр ярилцлагадаа "Засгийн газрын мэдээ сониныг өөрчилж чадсан хүн" гээд л намайг магтсан байна лээ. Мань эр хэн нэгнийг дээш нь зүтгүүлнэ гэсэн бодолгүй хүн байсан. Тийм санаа С.Зоригт огтхон ч төрөхгүй. Хэрэв одоогийн сайд дарга нар шиг байсан бол бид аль нэг яаманд нэг, нэг дарга хийгээд л, чадна, чадна гээд явж байх байсан биз.
-Түүнийг бусдын гарт амиа алдахаас өмнөх арван жилийн хугацаанд нэг ч өдөр дэргэдээс нь холдож байгаагүй хүн бол таныг гэх юм билээ. Хурлаас тараад гарч ирэхэд нь хүртэл хамт явдаг байсан гэдэг. Харамсалтай хэрэг гардаг тэр өдөр та яагаад түүний дэргэд байсангүй вэ?
-Ерөнхий сайд болох гэж байсан түүний хажууд хөтлөлцөж гүйгээд яахав гэж бодоод бид хамт байгаагүй юм. Түүнд бодож сэтгэж, суух юм байдаг байх гэж бодоод тэр өдөр бид хол байсан юм.
-С.Зоригийг Ерөнхий сайд болохын нэг хоногийн өмнө хороосон тухай мэдээлэл байдаг. Та үүнд ямар хариулт өгөх вэ?
-Тухайн үед Ерөнхий сайдын суудлаас Да.Ганболдыг Ерөнхийлөгч долоон удаа буцааж байсан шүү дээ. Тэгээд зөвшилцөл хийгээд С.Зоригийг Ерөнхий сайд болгох гэж байсан юм шиг байна лээ. Маргааш нь энэ асуудал орж ирнэ гэж байтал харамсалтай хэрэг гарсан. Харин хэрэг гардаг орой бид ажил дээрээ байсан юм. Сониноо хийгээд байж байтал түүнийг хороосон тухай сонсоод итгээгүй. Маш хүндээр хүлээж авсан. Түүнийг мартъя, мартагнуулъя гэсэн бодолтой хүмүүс байж болно л доо. Гэхдээ монголчууд С.Зоригийг хороосон хэрэг илрээсэй гэж хүсдэг, Гэтэл яагаад, ямар шалтгаанаар хэн хөнөөсөн нь тодорхойгүй, нууц чигээрээ үлдэж байна. Түүнийг хөнөөсөн нь цаагуураа өөр зорилготой байсан. Эрүүгийн гэмт хэрэгтний гарт азгүй тохиолдлоор үрэгдээгүй байх.
-Тийм шүү. Монголын ард түмэн ч, ар гэрийнхэн нь ч тийм л бодолтой байгаа болов уу?
-Тийм учраас хэрэг илэрдэггүй байх.
-С.Зориг агсан бусдын гарт амь үрэгддэгтэр өдөр ямар ажилтай явж байсан бэ?
-Тэрээр талийгаач Пүрэвдорж гуайнхаар орно гэж байсан юм. Маргааш нь талийгаачийг нутаглуулах байлаа. С.Зориг тэр комиссынх нь дарга байсан. Тэгээд орой 22.00 цагийн үед ар гэрээр нь ороод гарсан байдаг юм. Тэдний хоёрын гэр зэргэлдээ шахам. Тэгээд талийгаач Пүрэвдорж гуайнхаас гараад гэртээ ороод бусдын гарт амиа алдсан даа.
-Тухайн үед С.Зоригийн үхэлд олон хүнийг хардаж сэрдэж байлаа. Э.Бат-Үүлийн малгайг гэрт нь байсан ч гэх шиг. М.Энхсайхан алсан гэж хэлэх хүн ч байлаа. АН төрд байгаа цагт энэ хэрэг илрэхгүй гэж ярих нэгэн ч байсан. Гэвч МАН-ынхан эрх барих үед ч энэ хэрэг илэрсэнгүй. Та энэ хэргийг юунаас болсон гэж харддаг вэ. Илрэх болов уу?
-Үүнийг хэлэхэд их хэцүү юм аа. Энэ талаар таавар алга. Хэрэг гарсны дараахан "Монголын нэг өдөр" сонинг эрхлэн гаргаж байсан Даваадорж олон таавар, таамаглалтай дугаар гаргаж билээ. Анд нөхөр маань өөд болоод 15 жил болж байгаа учраас олон хүн хэргийг ил болоосой гэж хүсч байгаа байх. Улс төрийн утга агуулгатай байсан бол илрэхгүй биз дээ. Хэрэгт холбогдож байсан хүмүүсийн хувьд баталгаагүй мэдээлэл. Хэрэв баталгаатай байсан бол нэлээд том асуудал болоод явах байсан биз. Талийгаачийн гэрээс Э.Бат-Үүлийн малгай гарч ирсэн гэдэг мэдээлэл хэргийн анхаарлыг өөр тийш нь хандуулах байсан байх.
-С.Зориг агсан Ерөнхий сайд болох тухайгаа танд ярьж байв уу?
-Үгүй ээ. Тэр тухай огт ярьдаггүй байсан. Бид "Да.Ганболдыг Ерөнхийлөгч буцаагаад байна, дараагийн хүн чи юм шүү дээ" гэж С.Зоригт тоглоом шоглоомоор хэлдэг байлаа. Тэггэл огг тоодоггүй байсан. Ерөнхий сайдын алба бол хүн бүр шүүрч аваад хийчихдэг ажил биш шүү дээ.
-Та С.Зориг агсны ар гэрийнхэнтэй уулзалддаг биз дээ?
-Ах дүү хоёртой нь л холбоотой байдаг. Талийгаачийн ээж Ерөнхийлөгч Н.Багабандитай уулзаж, хэргийг илрүүлж өгөхийг хүсч байсан даа. Гэвч хүүгийнхээ үхлийн буруутныг мэдэж чадалгүй хорвоогоос явсан даа хөөрхий минь.
-Эхнэртэй нь холбоотой байдаг уу?
-Тааралдахаараа мэндлээд өнгөрдөг дөө.
-Тэрээр хэргийн талаар яагаад одоо болтол дуугардаггүй юм бол. Тэд хэзээ танилцаж байсан бэ?
-Талийгаач эхнэр Булгантайгаа 1991 онд танилцаад гэр бүл болж билээ. Хэргийн дараа гэрээр нь орж гарахаас хэцүү байсан учраас тэгсгээд холдсон. Булганы хувьд хэргийн газарт байсан болохоор ярихад хэцүү байх нь мэдээж. "Хэрэгтэн ямар царайтай байсан" гэхээс өгсүүлээд асуусан асуултад нь яаж хариулахав дээ.
-Хэргийн явцын талаар танд ямар мэдээлэл байдаг вэ?
-Одоо шалгаж л байгаа байх. Он жил өнгөрөх тусам улам бүдгэрэх байх. Гүйцэтгэгчид нь байхгүй болно, гэрч байхгүй болно.
-С.Зориг агсантай хамт өнгөрүүлсэн арван жилийн хугацаанд таны сэтгэлд үлдсэн дурсамжаар яриагаа өндөрлөе.
-Шатар тоглох дуртайг нь хэн хүнгүй мэднэ. Би хааяа түүнийг хожчихно оо. Мань эр шатар тоглохдоо сайн. Тоглодог хүмүүсээ ихэнхийг нь хожно шүү. Бас гитар тоглож дуулдаг байсан. Урд талынх нь шүд хугарсан нь Орост оюутан байхдаа регби тоглож байгаад хугалсан юм гэсэн. Ээж, ах дүү нартаа тун халамжтай, ахмад хүмүүстээ хүндэтгэлтэй ханддаг байсан даа.
М.Мөнхцэцэг
Эх сурвалж: Өдрийн сонин
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ