Хятадууд Монгол, Вьетнам гэх зэрэг Зүүн Азийн орнуудын мөнгөн дэвсгэртийг авч ашигладаг болжээ

Монголын жижиг мөнгөн дэвсгэртүүдийг урд хөрш рүү гаргах явдал сүүлийн үед ихэссэн тухай хууль хяналтынхан хэлж байна. Монгол Улсын хил гаалиар ил далд хэлбэрээр хоёр сарын хугацаанд 50 гаруй сая төгрөгтэй тэнцэхүйц мөнгөн дэвсгэртүүд гарсан гэх мэдээлэл иржээ. Жижиг мөнгөн дэвсгэртүүд 1 -500-тынх байдаг гэнэ. Жижиг дэвсгэртүүд болохоор тэр бүр хил гаалийнхан анзаардаггүй байжээ. Мөнгөнийх нь хэмжээ их биш учраас урд хөрш рүү ганзагын наймаа хийдэг иргэдийг хилээр авч гарахыг хориглодоггүй байсан байна, Харин юань авч явахаасаа илүүтэй монгол мөнгөн дэвсгэрттэй явахыг илүүд үзэх болсон иргэдийг гаалийнхан анхааралдаа авч эхэлжээ. Гэхдээ хилээр гарч буй мөнгөн дэвсгэртүүд бүгд шинэ байдаг аж. Иймд Хилийн тагнуулынхан ажиглалт хийж, 4-5 сая төгрөгтэй дүйцэх жижиг мөнгөн дэвсгэртүүд хилээр гарч буйг тогтоосон байна. Одоохондоо ийм тохиолдол таван удаа бүртгэгджээ. Иймд холбогдох тагнуулын ажилтнуудтай мэдээлэл солилцсоны дүнд Хятадын хуурамч мөнгөн дэвсгэрт үйлдвэрлэдэг гэх гэмт бүлэглэлийнхний мэдэлд очдог болохыг тогтоосон байна. Тус бүлэглэлийнхэн мөнгөн тэмдэгт дээрх зураг, будгийг тусгай уусмалд хийж арилгаад үнэт цаасыг нь хуурамч валют хийхэд зориулдаг аж. Иймд хил, гаалийнхан мөнгөн тэмдэгт их хэмжээгээр авч яваа Хүмүүсийг саатуулан, хурааж авах болсон байна.

Хамгийн сүүлийн баримт л гэхэд сая шахам төгрөгийн жижиг дэвсгэрт авч гарахыг завдсан монгол залууг хилчид Замын-Үүдийн боомтод саатуулсан байна. Эрүүгийн цагдаагийн газрынхнаас авсан мэдээллээр "Ийм тохиолдол багагүй гарч байна. Нөгөөтэйгүүр хуурамч юань, монгол мөнгөн тэмдэгтүүд хуурамчаар үйлдэгдэх нь сүүлийн үед ихэссэн. Хуурамч ам.доллар урд хөршөөс орж ирэх болсон нь нууц биш. Иймд монгол мөнгөн тэмдэгтээ урд хөрш рүү гаргахгүй байхад иргэд анхаарах хэрэгтэй. Энэ нь их хэмжээгээр үйлдэгдэж буй хэрэг биш ч гэсэн мөнгөний нийлүүлэлтэд бодит аюул учруулж болзошгүй учир сэрэмжлэх хэрэгтэй. Хятадын гэмт бүлэглэлийнхэн Монгол, Вьетнам төдийгүй Зүүн Азийн мөнгөн дэвсгэртүүдийг авч хууль бус зүйлд ашигладаг болсон нь тогтоогдсон" гэв.

Энэ асуудалд Хилийн тагнуул болон Эрүүгийн цагдаагийн газар Монголбанкныхан хамтран ажиллаж, анхаарал тавих болсон байна.

Г.Онон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ