Хайрласан шиг хайрлаач

Хааяа хэн нэгнийг шоглож, даажигнамаар ч юм шиг, босож дэгдэж гүймээр ч юм шиг, тэвэг өшиглөж, дээс тогломоор ч юм шиг санагдах үе байдаг.
Биднээс өмнөх үеийнхний хүүхэд нас их сайхан байжээ. Тоглодог тоглоом нь хүртэл. Бид чулуу болон шагай таалцаж тоглодог байлаа.
Энэ тоглоом зөн билиг, тооцоолох чадварыг хөгжүүлдэг гэж боддог. Гэх мэт олон тоглоом байсан. Одоо бол тун цөөхөн айлд эдгээр тоглоом байгаа даа. Харин одоогийн хүүхдүүдэд зориулсан оюун ухааны, хүмүүжлийн ач холбогдолтой тоглоом бараг үгүй болсон нь харамсалтай. Яг үнэнийг хэлэхэд бүх хүүхэд их, бага ямар нэг хэмжээгээр PC-чин болчихоод, бүр тэрэндээ донтчихжээ. Нэгнийгээ алж устгадаг тоглоом шүү дээ, энэ чинь.
Тоглоом бол нэгэнт хэрэгцээ учраас, эцэг эхчүүдийн хувьд хүүхэддээ багаас нь учиртайхан сонгож өгч, тайлбарлан ойлгуулж байвал хүүхдийнхээ ирээдүйд оруулж буй томхон хөрөнгө оруулалт юм даа. Хэрвээ тоглох тоглоомоо сонгоход нь туслахгүй бол хүүхэд тань юу таарснаараа тоглож, дурлаж, донтож ч болох юм. Тухайн үед нь анхаарал халамж тавьж, зөв чиглүүлж, зааж зөвлөөгүй атлаа хэзээ хойно буруу тоглоомоор будаа тээсэн хойно нь халаглаж өөрөөсөө биш өөр хэн нэгнээс буруу хайж бухимдан суух нь сүүлийн үед түгээмэл болж.
Бид хүүхэддээ жаахан ч гэсэн анхаарал тавьчихвал, ирээдүйд араас нь санаа зовох хоногийн тоо тэр хэмжээгээр багасах юм болов уу.
Сагсан бөмбөгт угаасаа л дургүй нэг аавыг би таньдаг юм. Тэгсэн нэг өдөр хүүтэйгээ хамт сагс тоглож байна. Дараа нэг таарахаараа асуулаа, Чи хэзээ сагсанд дуртай болчихдог билээ гэсэнд, би хүүдээ хайртай гэж хэлсэн. Би тэр ааваар бахархсан. Хүүгийнхээ төлөө дургүй зүйлээ хийж чадсанд нь.
Нэг аймгийн Хүүхдийн төлөө төвийн дарга надад "Өнөөдөр хүмүүс хурдан морио ч юм уу, сайн нохойгоо алдвал хоёр цагийн дотор л бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр "өндөр шагналтай" гээд зарлуулдаг болжээ. Гэтэл хүүхэд нь гэрээсээ гараад хоёр сар тэнэчихээд байхад нь олоод өгөхөд "Өө гараад л явсан, хаана байж уу" гээд бараг л тээршаах маягтай хүлээж авч байна..." гэж хэллээ. Тиймээс өнөөдөр монголд хүн тэр тусмаа хүүхдүүд хамгийн үнэ цэнэгүй болчихоод байна уу даа.
Хүүхдүүд ээж ааваасаа юу хүсдэг вэ. Энэ асуултад хүн болгон өөр өөрийнхөөрөө олон янзаар хариулах байх. Миний хувьд “чихэр” гэж хэлмээр байсан ч, саяхан уншсан номоосоо хуваалцахад хүүхдүүд маань чихэрнээс илүү юм томчуудаас хүсдэг ажээ. Тэр бол “Хийж чадах юм байхгүй шүү, яасан муухай бичдэг юм бэ. Дандаа хоолоо асгаж байх юм” гэх мэт хатуу үг биш, хайр энхрийлэл, халамж анхаарал, сургамж, үлгэр дуурайлал юм байна шүү, эцэг эхчүүдээ.
Б.Цовоо
СЭТГЭГДЭЛ БИЧИХ