Сурагчид “Галзуу хүний өдрийн тэмдэглэл” бичиж байна

Арван жилийн сурагчид, өсвөр насныхан хэл ярианы баялаггүй, гадаад эсвэл этгээд үг хэллэг ихээр хэрэглэж яруу сайхан монгол хэлээ үл хүндэтгэж байна гэх мэт зүйлийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон хүмүүс хоорондоо ч ам дамжин ярьсаар байдаг. Нийгэм хөгжиж, техник технологи шинэчлэгдэхийн хэрээр хүүхдүүд ч бас орчин үежиж байгааг ойлгох хэрэгтэй ч хэтэрхий задгайруулж болохгүй байлтай.

Юу хэлэх гэсэн бэ гэхээр манай хамаатны хүүхэд одоо тавдугаар ангид сурдаг. Нэг өдөр түүний гэрийн даалгаврыг хийлгэхээр дэвтэрийг нь авч үзтэл нүдэндээ ч итгэсэнгүй. Түүний бичгийн хэлбэр нь дөнгөж бичиж сурах гэж байгаа нэгдүгээр ангийн хүүхэд шиг байх хийгээд за энэ яахав гэтэл бичиж байгаа зүйл нь үг, үсэг, найруулгазүйн хувьд үнэхээр учир дутагдалтай, уншихад ч түвэгтэй байв. Өөрөөр хэлбэл монгол хэл сурч байгаа гадаад хүн бичиж байгаа юм шиг эмх замбараагүй, өгүүлэхүүн, өгүүлэгдэхүүн нь хаана байрлах ёстойг ч мэддэггүй юм шиг бичжээ. Чи яагаад ингэж их алдаатай бичдэг юм бэ? гэсэн миний асуултад тэрбээр “Харин ч гайгүй нь шүү” гэх нь тэр.

Ингээд үүнийг харж эмзэглэсэн миний бие дунд сургуулийн хүүхдүүдийн зөв бичих дүрмийн чадвар ямар түвшинд байгааг сурвалжлахаар арван жилийн нэгэн дунд сургуулийг зорилоо.

Тэнд үсэрсэн зургадугаар анги буюу бидний үеийнхээр бол дөрөвдүгээр ангийн хүүхдүүдтэй уулзлаа. Тэр ангид 30-аад хүүхэд байснаас нэг бүрчлэн бичсэнийг нь уншиж үзэхэд тэдний 80 хувь нь их, бага ямар нэг хэмжээгээр утгазүй, найруулгазүй, үг үсгийн алдаатай бичсэн байв. Зарим нь бүр арай ч дээ гэмээр, галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм бичиж. Багш нар нь яаж ойлгож уншдаг юм бол.

Бүх юм Монголоос гаралтай, Монгол тайлбартай, монголчууд бол ертөнцийн онцгой бүтээл хэмээн хэнээрхэж, өвчтэй ч юм уу гэмээр авир гаргахаасаа урьтаж эх хэлээрээ зөв бичиж, ойлгомжтой ярьж сурах юмсан даа. Эх хэлээрээ ярьж ч чадахгүй байж, Дээд тэнгэрээс заяат Бөртэ-Чоно, Гуа марал, Эзэн Богд Чингисийн удам энээ тэрээ гэх ч хэрэг алга.

Нийслэлийн бага ангийн сурагчдаас Монгол хэлний шалгалт авахад сурагчдын зөв бичих чадвар тал хувьдаа ч хүрэхгүй байгааг салбарын яамны удирдлагууд түмэнд зарлаж, толгой сэгсрэхээс өөр юм хийж чадахгүй хэвээр л байна.

Ингээд тус сургуулийн монгол хэлний багш Н.Болортунгалагтай уулзаж цөөн зүйл тодрууллаа.

-Хэдэн жил багшилж байгаа вэ. Багшилж эхэлсэн үеийн болон одоо хичээл зааж байгаа хүүхдүүдийн хооронд хэр их ялгаа байна вэ, бүх талаар?

-Би наймдугаар ангитай. Бидний арван жилд сурч байсан үетэй харьцуулахад одооны хүүхдүүд их нээлттэй болсон. Багштайгаа илэн далангүй, ер нь бол чөлөөтэй болсон юм шиг санагддаг. Сурлагын хувьд тийм ч сайнгүй ээ. Сургалтын чанар муудсан юм шиг санагддаг.

-Тэр дундаа монгол хэлний мэдлэг, зөв бичих дүрмийн талд сайжирсан уу, муудсан уу?

-Монгол хэлний хувьд асуудал үнэхээр хүнд байна. Зөв бичих тал дээр ярих ч юм биш. Өнөөдөр ахлах ангид зөв бичих дүрмийн алдаа гаргадаггүй сурагч тун цөөхөн.

-Зөв бичихгүй, ярианы хэлээрээ бичиж байгаа хүүхдүүд юунаас болж ийм байдалд орсон гэж та бодож байна, багшийн хувьд өөрийгөө буруутгаж байсан уу?

-Үүнийг зөвхөн монгол хэлний багштай холбож болохгүй л дээ. Бага ангийн багш нар ч гэсэн энэ тал дээр чухал үүрэг гүйцэтгэх ёстой. Өнөөдөр бага ангиасаа ахлах ангид шилжин орж байгаа сурагчдын ихэнх нь зөв бичиг болон цэвэр бичгийн тал дээр үнэхээр учир дутагдалтай. Бага ангиас нь суурийг нь сайн тавьж өгөөгүйгээс ийм байдалд хүрч байгаа юм. Гэхдээ бага ангийн багшид нь бас буруу өгч болохгүй байна. Яагаад гэхээр адилхан хичээл заасан хүүхдүүдийн зарим нь үнэхээр зөв сайхан бичиж чадаж байгаа юм. Тэгэхээр энэ хувь хүүхэдтэй өөртэй нь бас холбоотой асуудал. Миний хувьд боловсролын стандартад заасны дагуу ахлах ангид орох ёстой хичээлээ заана. Зөв бичүүлж сургах гээд зөв бичгийн дүрэм л байнга ороод байна гэж байхгүй. Гэхдээ мэдээж багш нар бид анхааралгүй яахав дээ.

-Багшийн ур чадвар, мэдлэг энэ байдалд нөлөөлж байгаа болов уу?

-Энэ байдалд багшийн ур чадвар хамгийн чухал. Ер нь Монгол Улсын хэмжээнд ганц монгол хэл ч биш бүх мэргэжлийн багш боловсон хүчин чанартай сайн бэлтгэх асуудал дутагдалтай байгааг хүн бүр л ярьдаг. Тэгсэн хэрнээ дорвитой арга хэмжээ авахгүй л байна. Их сургууль төгсөөд ч алдаа мадагтай бичиж байгаа дээд мэргэжилтнүүд зөндөө. Тийм багш хүүхдэд яаж зөв бичих дүрэм заах вэ дээ. Иймэрхүү асуудал ярьвал их бий.

-Анги дэвших тусам сурагчдын алдаатай бичдэг байдал сайжирдаг уу?

-Анги дэвшээд алдаатай бичих, бичихгүй нь ёстой яг монгол хэл зааж байгаа багшаас л шалтгаална. Бас тухайн сурагчийн сурах хүсэл эрмэлзлэл хэрэгтэй. Энэ хоёр хосолж байж сая үр дүнд хүрнэ.

-Нэг ангийн хүүхдүүдийн хэчнээн хувь нь ямар нэг байдлаар алдаатай бичдэг вэ?

-Миний бодлоор 50 хувь нь их, бага хэмжээгээр зөв бичих дүрмийн алдаа гаргадаг.

-Зөв бичих дүрмээ түлхүү заах боломж байдаг уу?

-Бид боловсролын стандартад заасны дагуу хичээл ордог. Багш өөрөө хичээл заах бүрдээ зөв бичих дүрмээ сэргээгээд явах боломжтой.

1940 оноос Монгол Улсын төрийн хэлний бодлого алдагдаж эхэлсэн тухай МУИС-ийн хэл шинжлэлийн ухааны доктор, профессор багш Г.Буянтогтох дурдаж байсан. Аль эрт алдагдсан төрийн хэлний бодлогод одоог хүртэл ямар нэг арга хэмжээ аваагүй л байна. Гэхдээ төр юм хийхгүй байгаа юм чинь гээд байгаа байдлаа улам дордуулаад баймааргүй л юм. Залуус гадаад хэл сурах нь нэн чухал гэдгийг ойлгохын хажуугаар эх хэлээ өндөр түвшинд сурах ёстой гэдгийг бүү мартаасай. Өсөхөөс сурсан үндэсний хэл, мартаж болшгүй соёл билээ.

Б.Бурмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ