Барак Обамагийн толгойн өвчин ба "Shut down"

Өнгөрөгч долоо хоногт дэлхий нийтэд болж өнгөрсөн зарим чухал үйл явдлын товчийг нэрлэж байна. Үйл явдал ихтэй долоо хоногийн хамгийн анхаарал татсан сэдэв АНУ-ын Засгийн газар түр хугацааны зогсолтоо зарласан явдал байлаа.
АНУ-ын зогсолт
АНУ-д 17 жилийн өмнө тохиож байсан Засгийн газрын үйл ажиллагаа зогсох үзэгдэл дахив. Энэ бүхнийг Бүгд найрамдахчууд сарын өмнө л сануулж байсан билээ. Төрийн албан хаагчид энэ давалгаанд хамгийн түрүүнд өртөж байгаа юм. АНУ-ын Засгийн газар төрийн албаныхны цалинг тавьж чадахгүйд хүрч, өнгөрсөн долоо хоногт нэн түрүүнд төрийн байгууллагын 700 гаруй ажилчид нь ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн.
Төрийн албаныхныг ямар ч цалингүй ажиллах санал дэвшүүлэхэд 68 хувь нь байж боломгүй зүйл хэмээсэн бол, 27 хувь нь яагаад болохгүй гэж, бид хамтдаа хямарлыг туулах ёстой гэсэн байр суурьнаас хандаж, өнгөрсөн долоо хоногт АНУ-ын төрийн байгууллагууд иргэдэд үйлчлээгүй. Энэ бүх нөхцөл Барак Обамагийн эрүүл мэндийн халамжийн шинэ бодлогоос үүдэлтэй хэмээн Бүгд Найрамдах намынхан буруушааж байна.
Долоо хоногийн сүүлчийн өдрүүдэд энэ хүндхэн нөхцөл байдлаас гарна гэж байсан ч үнэндээ хэвээр байна. Харин батлан хамгаалахын салбарын зарим хэсгийн ажилчид ням гаригаас эхлэн ажилдаа эргэн оржээ.
Сирид химийн зэвсэг устгаж эхлэв
Мянгмар гаригаас Сирийн химийн зэвсгийг устгах ажиллагаа эхэллээ. НҮБ болон Химийн зэвсгийг хориглох байгууллагын хэсэг шинжээч тус улсад хүрэлцэн очсоны дараа мөн ажил хийж эхлэх юм. Энэ хэсгийн бүрэлдэхүүнд 20 хүн орсон тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан төлөөлөгч Мартин Несирки мэдээлсэн юм.
Сирийн химийн зэвсгийг 2014 оны дунд үед бүрэн устгаж дуусах ёстой. Өнгөрсөн сарын 27-нд НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн батласнаар химийн зэвсгийг устгахаар төлөвлөсөн. НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн шийдвэрийг заавал биелүүлэх ёстой.
Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний 65 жилийн ой тохиолоо
Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний 65 жилийн ойд зориулан тус улс сүүлийн 10 жилд болж байгаагүй томоохон хэмжээний цэргийн жагсаал зохион байгууллаа. Жагсаалд 11 мянган цэргийн албан хаагч оролцож, 120 онгоц болон 190 газраар явдаг техник харуулсан юм. Үүгээрээ тэд цэрэг, зэвэгт хүчин нь хэр зэрэг хүчирхэг байгааг үзүүлсэн гэж болно.
Жагсаал Сөүл хотын нисэх онгоцны буудлын ойролцоо болж, жагсаалын нээлдтэд тус улсын Ерөнхийлөгч Пак Ын Хэ үг хэлэв. Тэрбээр Умард Солонгосын зүгээс нүүрлээд байгаа аюул заналын талаар дурдсан юм. Солонгосын хойгт хурцадмал байдал хэвээр байгаа учир Пхеньянд шахалт үзүүлэх бодлогоо цаашид ч үргэлжлүүлнэ гэдгээ тэрээр онцолсон аж. Түүнчлэн жагсаалд АНУ-ын батлан хамгаалахын сайд Чак Хейгел оролцсон нь анхаарал татах үйл явдал байлаа. Эдгээр хоёр улс цэргийн хамтарсан сургуулилт хийн зэвсэгт хүчний салбарт амжилттай хамтарч байгаа билээ.
Ангараг дээр супер галт уул бий
Эрдэмтэд ангараг дээр супер галт уул байгааг он удаан жилийн таамаглал, судалгааныхаа үр дүнд нотоллоо. Эрдэмтдийн хэлж буйгаар уг галт уул 3.5 тэрбум жилийн өмнө оргилсон хэмээж буй. Харин одоо бол галт уул дахин идэвхижнэ гэсэн ямар ч найдвар байхгүй.
Гэхдээ сансраас авсан энэхүү зургуудад галт уул мөн эсэх тал дээр хэсэг эрдэмтэд маргаан үүсгэж байгаа. Харин олонхи эрдэмтэд зурагт шинжилгээ хийж тод харагдаж байгаа толбонууд нь галуулын тогоо, дэлбэрэлтээс үүссэн хотгор гүдгэр мөн гэв. Эрдэмтэд олон гариг дээр судалгаа хийж байсан ч иймэрхүү галт уулын гэмээр ул мөр олж байгаагүй ажээ.
Эдгээр нотолгоо, шинэ баримтууд нь аргараг дээр амьдрал байсан эсвэл байх магадлал өндөр байгааг харуулж байна. Саяхан тус гаригийг судлаачид усны нэгдэл илрүүлсэн нь бүр ч итгэл төрүүлсэн хэрэг болсон.
Э.Мөнхнасан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ