Сэтгэцийн эмнэлэггүй болсон цагт хүний эрх яригдана

Дэлхий нийтээр даяаршиж буй энэ цагт хүний эрх бүр ч өндөр тавигдах болох нь ээ. Тэр ч мэдээж юм. Амьтан, ургамал хүртэл эрх эдлэх болсныг хариуцдаг байгууллагууд нь зарлаж байхад, хүний хувьд ч ойлгомжтой биз. Амьтан, ургамлын эрхийг дараа болъё. Хүний эрхийг сайтар ярьж, эргэж харахгүй аваас алдаж мэдэх нь байна шүү.

Дэлхий нийтийн байдлыг ажиглаад байхад тэр талын хурал чуулган, сургалт семинарыг хаа сайгүй хийдэг болж. Манайд ийм сургалтууд болсныг тэнд оролцсон цөөн сэтгүүлчээс бусад нь бараг анзаарсангүй. НҮБ, Европын холбоо, Монголын Хүний эрхийн комисс эхлээд, удаа нь манай дээрх байгууллага дангаараа хоёр ч сургалт хийсэн бөгөөд, тун ч чухал асуудал сөхнө билээ.

Нэг дэх сургалт “Бахархлын долоон хоног” нэртэйгээр бэлгийн цөөнхийн, хоёр дахь нь “Хамт олонд түшиглэсэн сэтгэцийн эрүүл мэнд” сэдвээр хүний ерөнхий эрх ярив. Хүний эрх ярихад ч өөрчлөлт гарчээ. Улс төрийн мэт элдэв, шалдвийг өгүүлсэнгүй. Эхээс төрсөн болгон эн тэнцүү эрхтэй гэх болжээ.

Өөрөөр хэлбэл, эхээс л мэндэлсэн бол сохор, дүлий, хэлгүй, доголон, эрхтэн зэрэмдэг/хөгжлийн бэрхшээлтэй/ ч бай адилхан хүн гэж үзнэ. Тэгэхээр эрх нь мөн ижил гэсэн үг юм. Хүний эрх ярихад гарч буй бас нэг жишиг бол тунхаглах төдий бус хэмээжээ. Тэр юу гэсэн үг вэ гэвэл, хүний эрх хаана, яаж зөрчигдөнө вэ гэдгийг тогтоон, арилгах явдал юм байна. Тиймээс хүний эрх манайд хаана, яаж зөрчигдөж байна гэдэг асуулт гарах нь зүйн хэрэг.

Олны мэдэх гуравхан жишээ татахад л хангалттай биз. Нэгд, эрүүлжүүлэх. Бараг Ардчилсан Солонгос, манайх хоёрт үлдсэн эл хөгийн газрыг хаах цаг нь болжээ. Согтуучуудыг өмөөрлөө гэж битгий бодоорой. Дэлхийн жишиг тийм юм. Согтуугаар нь даажигнадаг, зоддог, бороохойддог, хүлдэг/хүний амь хэд хэдийг хороосон/, усанд оруулж, үсийг нь засаж, ая тухтай хонуулаагүй атлаа тийм заалтаар торгодог газрын хэрэг алга.

Жилд 10 мянга орчим хүн эрүүлжүүлэгддэг гэсэн багцаа тоо үнэн аваас бид төчнөөн хүний эрхийг нь бүдүүлгээр зөрчдөг ажээ. Үүнийг чинь л хүний эрх зөрчигдөж байна гээд буй. Жилд ийм хүн эрүүлжүүлдэг гэх ч, орсон мөнгө нь хаана очдог нь тодорхойгүй гэх. Ийм хачин юм байх уу. Хотын бүх эрүүлжүүлэх ижилхэн гэж байгаа. Ядаж модон ор ч байхгүй шүү. Энэ чинь ХХI зуун шүү дээ.

Албадан эмчилгээ гэж социализмын үеийн үзэгдэл амь бөхтэй байна. Албадаж эмчлээд ахинаас гарсан нь хэд бол. Хэлээд өгөөч. Хэн ч баталж чадахгүй. Тогтмол 300 гаруй хүнтэй тийм газар Төв аймгийн Баян суманд байдаг ч, ямар ч үр дүнгүйгээр өнөөг хүрч ирэв. Тэндээс гарч ирээд архийг умартсан ганц ч хүн байхгүйг харин баттай хэлж болох биз. Хайран хөрөнгө. Хэдэн ч арван жил урсав даа. Үүнийг нэн даруй зогсоох нь зүйтэй болов уу. Хүний эрх зөрчдөг байгууллагын тоо нэмэх дон шүгэлсэн биш дээ. Тэднийг төмрөн сараалж бүхий торонд хашиж, цагдаа мандгаас үзэхүл яав ч сайн газар биш ээ. Жилд 3000 орчим хүнийг “хэлмэгдүүлдэг” байх нь ээ.

Гуравт, бүр хачин нэг байгууллага байх. Эмнэлэг. Улсын “А” зэрэглэлийн эмнэлэг шүү. “Шар хад”-ны гэхээр хүмүүс анддаггүй тэрхүү газрыг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв гэдэг билээ. Соц үед зүрх шимширмээр, одоо нүд халтирмаар газар даа. Санаатай биш, өвчиндөө дийлдээд солиорсон хөөрхий хүнийг ортой нь янгинатал хүлж орхино.Тэгээд баахан хүчтэй эмээр бөмбөгдөөд, арай гайгүй болохоор нь нэгэн тасагт шилжүүлэн, цоожлоод мартана гэсэн үг. Нар салхинд ч гаргахгүй дээ. Тэдний эмчилгээ, хоол унд, хувцас хунарыг яаж зохицуулдаг юм бол ёстой чөтгөр бүү мэд. Эрхбишулсын төсвөөр байдаг тул болдог биз. Сэтгэцийн эмгэгтэй 10 гаруй мянган хүн байна гэхээр мөн л төчнөөн иргэний эрх яригдана. Хүний эрхийн индексээрээ хамрагдсан 91 орноос 74-т давхисан гэхээр энэ үзүүлэлтээр бид бас л хашин, хойрго нь харагдана бус уу.

Саяхан болсон семинар дээр тэр байгууллагын дарга, хүний их эмч Н.Насанцэнгэл илтгэл тавив. Шинээр хийсэн, хийж буй, хийхээр төлөвлөсөн, шинэлэг санаа гаргасан олон ажил амжуулан яваа нь сайшаалтай байлаа. “Ийм эмнэлгийн хэрэг байна уу” гэх үг харин амнаас нь гараагүй нь нэг тиймэрхүү. Тэгтэл алсын Итали улс аль хэдийнэ, бүр 1978 онд үүнийг шийдчихжээ. Тэнд сэтгэцийн эмнэлэг гэх тамын газар үзээд өгье ч байхгүй болжээ.Сэтгэцийн эмгэгтэй хүмүүст эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлдэг төвүүд харин хааяагүй гэнэ билээ. Яг манай өрхийн эмнэлэг мэт. Өвчин нь хөдлөхөөр тэнд “номхотгоод” гэр орон, ах дүү, найз нөхөд, зарим гайгүйг нь ажлын хамт олон дотор нь эмчилнэ гэсэн үг.

Тайванийн Тайпэй хотод сэтгэцийн эмгэгтэй хүмүүс ажилладаг бүхэл бүтэн бензин колонк байдгийг сонсоод үнэндээ итгэсэнгүй. Тэгтэл бидэнд бичлэгийг нь үзүүллээ. “Сэтгэцийн эмгэтэй хүмүүс ажиллуулдаг бинзин колонк” гэсэн хаягтай, тусгай дүрэмт хувцастай хүмүүс үйлчилдэг газар ажээ. Машинууд ч шавж байна лээ. Тэднийг нэг сургагч багш хариуцдаг агаад, тэрбээр “Жолооч нар тэднээс бензин авах дуртай. Тиймээс ажилчдын цалин ч боломжийн” гэв.

Манай нэгэн шатахуун түгээгүүрийн эзэнд, “Танай нэг салбарыг сэтгэцийн эмгэгтэй хүмүүсээр ажиллулъя” гэвэл юу гэх бол. “Хуцваа, солиороо юу. Хамаг юмыг маань дэлбэлж орхино” гэх биз. Тэгтэл Тайпэйд хүний эрхийг ингэж дээдэлжээ. Гэтэл бид, ай мөн ч хол хоцорчээ. Эрүүлжүүлэх, албадан эмчилгээ, сэтгэцийн эмнэлгийг нэн даруй хаагаад, хүний эрх ярьцгаая. Болж байна уу, монголчуудаа.

Г.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ