Асрамжийг бүсчлэн байгуулбал ачлал болно

“Ахмадын хууль”-тай болох нь тодорхой болов. Аль ч нийгэмд ахмадын асуудал эмзэг билээ. Хамаг залуу нас, эрч хүч, хамгийн ховор нандин бүхнээ хойч үедээ зориулчихаад, тэтгэвэрт гарахаараа хэнд ч хэрэггүй болдог хэсэг, бүлгийг ахмад гэнэ гэвэл нэг их хол зөрөхгүй л болов уу. Хууль санаачлахын өмнөхөн хийсэн судалгаагаар оролцосдын дийлэнх нь ач, зээгээ хардаг, амралт, сувилалд явж чаддаггүй, үр хүүхдийнхээ, хүргэн бэрийнхээ дарамтад байдгаа ярьжээ. Сарын цөөн хэдэн төгрөгөөр голоо зогоогоод ирэхээрээ үр хүүхдэдээ ч дараа болох шахдаг улс юм. Ерөнхийдөө өнөөгийн онцгой эмзэг бүлгийнхэн гэсэн ч болно.

Тиймээс насны мухарт адлагдан, орон гэргүй, архичин тамхичны армийг нэмэгчдийн тоонд ч ордог. Тэдний хийж бүтээснийг илт үгүйсгэхгүй ч, басамжилдаг нөхөд ч цөөнгүй. Ахмад гэхээр тэтгэвэр нэмэх төдийгөөр ойлгодог цаг ашгүй арилах бололтой. Энэхүү хүчин мөхөс хүмүүсийг асарч тойлдог газар Монголд ганцхан. Тэр бол Төв аймгийн Батсүмбэр суманд орших Ахмадын асрамжийн газар билээ.Хүчин чадлын хувьд 300-гаад ахмадыг аргалдаг ч, цаашид нэмэх чадваргүй нь нэгэнт тодорхой юм. Ахмадыг орон сууцтай болгох талаар ярьж л байна. Гэхдээ бас болоогүй. Наанадаж найман жилтэй байх. Тэгээд ч бүгдийг нь хамруулж үл барна. Тэгэхээр яах вэ гэдэг асуулт гарах нь ойлгомжтой.

Асрамжийн газар гэхээр манайхан буруу ойлгодог бололтой. Үгээгүй ядуусыг аваачаад хорьчихдог мэт санадаг аж. Одоогийн газар нь бараг тийм гэхэд хилсдэхгүй. Хаалгаараа нэг л оруулаад авбал гаргахгүй. Хүний эрхийг ноцтой зөрчиж буйгаа ер нь мэддэг болов уу, тэд. Хот орж, кино ший үзэж, найз нөхөдтэйгээ уулзаад явчих наад захын эрх байх ёстой. Асрамжийн газар бол угтаа шал өөр байхыг мэргэжлийн хүн ярьсан. Заавал орон гэргүй, энэ тэр гэлгүйгээр, үр хүүхдэдээ дараа болохгүй, бие даан, эрх чөлөөтэй, санаа амар өтөл насаа үдье гэсэн болгон зүглэдэг нэг ёсны амралт, сувилал баймаар. Төрд зүтгэснийхээ хариуд тааваараа өтөлнө гэсэн ч болно. Тодорхойлолт нь нэг тиймэрхүү байх юм.

Үеийнхэнтэйгээ бужигнан, хамтаараа хоол цайндаа орж, тоглож наадаад, нийгмийн тустай ажилд оролцох мэтээр энэ насыг барвал уг нь гавьяа мөн. Тэндээ ногоо, жимс тарин, гахай, тахиа өсгөж, мал сүрэг хариулах зэргээр чөлөөт хөдөлмөр эрхэлсэн ч болох. Харин цалинтай шүү. Манайхан хүний хөдөлмөрийг хөлсгүйгээр сорон, мөлжих тун дуртай. Тэгж болдоггүй цаг ирсэн. Хүний эрхийн тунхагт өгүүлснээр бол хүн хөдөлмөрлөж л байвал хөгшин, залуу гэлтгүй хир таарсан хөлс авах учиртай. Түүнийг нь үнэлж, цалин өгөх үүрэгтэй.

Энэ бүгдийг нь шийдэхээс гадна, эмчилгээний бяцхан тасаг юм уу, хэдхэн ортой жижиг эмнэлэгтэй байхад болоод явчихна. Яаж ч санхүүжүүлж болно. Харин сэтгэх л хэрэгтэй байх. Тэгэхийн тулд аймгуудыг бүсчлээд, Ахмадын асрамжийн газар байгуулах хэрэгтэй. Орон нутагт ч ахмад бий ш дээ. Баруун бүсийн төв нь Ховд байна биз. Энэчлэн бусдыг заачихад л болоод явчихна. Ер нь бүсчилсэн хөгжил гээд л ярьдаг ш дээ. Түүнийхээ нэгхэн хэсгийг ахмадад хандуулахад болохгүй нь юу байх билээ.Бид ч ахмад болно биш үү.

Г.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ