Ч.Бат-Эрдэнэ: Товчоо зөрүүлээд товчилсон байсан

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Чинбатын Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
-Сайн байна уу. Таны хувийн уран бүтээлийн сонин сайхнаас яриагаа эхэлье. Менежер хийгээд яваад байгаа гэсэн?
-Хувийн уран бүтээл хийсэн зүйл алга. Дүү нарынхаа уран бүтээлд туслахыг л хичээж ажиллаж байна. Өөрөө нэг төсөл эхлүүлчихсэн. Тэр төсөл дээрээ ихэвчлэн сууж байна. Одоо Дуучин А.Түмэн-Өлзийн анхны бие даасан “Баясгалантай сайхан” уран бүтээлийн тайлан тоглолтод ерөнхий продюссерээр ажиллаж байна. Тоглолт энэ сарын 11-нд Монгол бөхийн өргөөнд болно.
-Ямар төсөл дээр ажиллаж байгаа вэ?
-Дэлхийд Монголын урлагийг гаргах төсөл. Хаанаас эхлэх вэ. Бид монгол монгол гээд цээжээ дэлдээд эндээ байгаад байх уу, дэлхийн түвшинд гарах уу гэдгийг анхаарах цаг болжээ. Бид Европын том соёл руу орох ёстой. Тэгэхийн тулд дуурийн урлагийг дэлхийд тоглох ёстой гэж ойлгож байгаа. Магадгүй нэлээд хугацаа шардах байх. Тиймээс хууль эрхзүйн талаас нь илүүтэй анхаарч байна. Зөвхөн урлагийн хууль гээд байхгүй, хувь хүний талаас, эдийн засгийн талаас судлах хэрэгтэй болж байна. Ирландад хамтдаа суралцаж байсан гурван залуутай нэгдээд нэг продакшн байгуулсан юм. Тэр продакшныхаа хүрээнд төслөө эхлүүлээд хуулиа судлаад явж байна. “Өөрсдийнхөө биш хүмүүсийн тусын тулд” гэсэн зорилготойгоор л ажиллаж байна.
-Урлаг гэхээр их том хүрээнд яригдана шүү дээ?
-Яахав дээ нэг юм нь дэлхийн хэмжээнд гарах зам мөрийг нь тавьчихвал араас нь урлагийн олон олон төрөл дэлхийд танигдах, өөрийнхөө үнэрийг үнэртүүлэх зорилготой. Эхлээд тэргүүлэх чиглэл юу байх вэ тодорхойлж байгаа. Бид шууд нэг морин хуурч аваачаад тоглуулбал дэлхий төдийлөн ойлгохгүй. Тэгэхээр тэргүүлэх чиглэлээ дуурийн урлаг гэж бодож байгаа. Гадныхны дотоодод байдаг соёл, бидний соёл хоёр огт өөр. Энэ нэг хүний хийчихдэг ажил ч биш л дээ. Монгол улс тэр чигээрээ хөдөлж байж үр дүн гарах байх. Бид Монгол Улсын засгийн газар, ерөнхийлөгчтэй хамтраад соёл урлагаа дэлхийд таниулахад хамтран ажиллах ёстой.
-Монголын урлагийн зарим төрөл дэлхийд танигдаад байгаа юм биш үү?
-Яаж танигдаад байгаа гэж. Дэлхий гэдгийг юу гэж ойлгож байна вэ. Хил гараад л дэлхий гэж ойлгох уу. Аль нэг улсын мужийг дэлхий гэх үү. Монголын морин хуур, уртын дуу дэлхийд танигдчихлаа гэж яриад байдаг. Үнэхээр танигдсан уу, хэн мэдээд байна, хэн чадаад байна, судалгаа байна уу гэх зэрэг бодох асуудал их бий. Монголын урлаг дэлхийд танигдаж байна гэсэн мэдээллийг хаанаас аваад ингэж яриад байгааг мэдэхгүй. Тэгэхээр бид шинээр эхлэх хэрэгтэй л гэж хэлэх гээд байна. Бид хийхгүй юм бол хэн хийх юм. Хуучин мэдээлэл дээрээ үндэслээд бид сайн, бид мундаг гэж цээжээ дэлдэх нь асуудал болоод байна. Өөрөөр хэлбэл мэргэжлийн менежментийг соёл урлагийн салбарт оруулж ирэх цаг нь болчихжээ. Өглөө босоод зүүдэлсэн зүүдээ шинэ санаа гэж бодож явдаг зүйлээсээ хагацах цаг болсон. Зөв зүйтэй бодлого явуулахгүй бол бид монгол гээд бардамнах нь огт хэрэггүй.
-Сургуулиа төгсөөд эх орондоо ирэх сайхан байгаа биз дээ. Ингэхэд та чинь яг ямар чиглэлээр сураад ирэв ээ?
-Монголдоо ирээд зургаан сар болж байна. Цээж дүүрэн амьсгалаад сайхан байна. Энэ хугацаанд эх орноо, ах дүү, амраг садан, Монголын ард түмнээ ямар их санасан юм бэ гэдгээ мэдэрсэн. Сургууль соёлын тухайд гэвэл мастерын дараахь сургалтад манлайлан удирдах чиглэлээр сураад төгслөө.
-Ирландад сураад ирсэн. Хэр сайн оюутан байв?
-Би өөрөө өөрийгөө таньсан. Дэлхий дээр байгаа долоон тэрбум хүний дотор, Монголчууд дотроо Ч.Бат-Эрдэнэ гэж ямар хүн бэ гэдгээ ойлгосон. Өөрсдийгөө их мундаг гэж ойлгож явдгаа болих хэрэгтэй.
-Харийн оронд байхад Монголын тухай юу бодогдож байх юм?
Бид ер нь Монголынхоо тухай тэр сайн сайхан зүйлсийг дуулдаг юм байна. Уур амьсгалаас эхлээд аж байдал, үнэт зүйл, тэрхүү соёл бүрийг дуу болгон ард түмэндээ илгээдэг нь дуучид бид юм. Харьд байгаа хүн бол эх нутгаа, тэр ахуйгаа үгүйлдэг юм билээ. Ирландад очоод эхний зургаан сар үнэхээр хэцүү байсан. Би ер нь юунд ирчихээд байна вэ гэж хүртэл бодогдсон. Хөгжчихсөн хот хөгжиж байгаа хот хоёрын хооронд асар их ялгаа бий. Гэвч бид юуны төлөө, хэний төлөө яваад байгаа юм бэ гэх бодол адгаж эхэлсэн. Өнөөдөр бид хэн байсан, хэн байгаа, одоо хэн болох гээд байгаа юм гэдгийг бүгдээрээ бие биенээсээ асуумаар санагдсан. Бид америк, солонгос болох гээд байгаа юм уу эсхүл монголоороо байх гээд байгаа юм уу. Энэ бүхнийг тодорхой болгож гэмээнэ бид урагшаа зүтгэх ёстой. Эх орноо гаднаас харахад болж бүтэж байгаа зүйл харагдаж байхад болохгүй байгаа нь харагдаж л байна. Монголчууд омогтой, ууртай болсноос эхлээд янз бүрийн зүйл харагдаж байна шүү дээ. Яваандаа энэ бүхэн илаарших байлгүй.
-Таныг ном гаргаж байгаа гэж сонссон?
-“Соёл урлагийн менежерт зориулсан удирдахуйн лавлах” гэсэн номыг 2009 онд Ирландад суралцахаар явахаасаа өмнө багш нартайгаа нийлж гаргасан. Миний зорилго бол арай өөр. Монголын урлагийн дэлхийн урлаг болгохын төлөө зүтгэдэг. Тэр зорилгынхоо төлөө Ирландад соёл урлагийн манлайлал буюу leadership чиглэлээр гурван жил суралцаад ирлээ. Одоо хоёр дахь номоо бичиж эхлээд байна. Соёл урлагийн манлайллын тухай.
-Удирдлагын академид суралцаж байгаа сураг байсан, ер нь та сурч боловсрохыг илүүд үздэг болжээ дээ?
-Мөн хажуугаар нь удирдлагын академид докторантаар суралцаж байна. Бид өөрсдийн зорилго чиглэл, ялангуяа Монголын соёл урлагийн салбарын стратегид их анхаарах хэрэгтэй юм байна. Менежментийн арай өөр түвшинд ажиллахгүй бол өдөр тутмынхаа процессоор яваад байж болохгүй юм байна.
-Тэгэхээр таныг цаашид дуугаа дуулахгүй, менежментийн ажил хийгээд явна гэж ойлгож болох уу?
-Бас тэгж ойлгож болохгүй ээ. Ямар ч байсан одоохондоо шинэ уран бүтээл хийсэн, төлөвлөсөн зүйл алга. Тийм болохоор завсарлаж байна гэж ойлгох нь зүйтэй байх. Ч.Бат-Эрдэнэ дуулаад явах нэг хэрэг. Дуулах хүн олон байна. Ганцхан дуугаа хэнд зориулж, юу болгож мэргэжлийн менежментийг Монголын соёл урлагт бий болгох вэ гэдэг зорилго л байна.
-Гэхдээ таны уран бүтээлийг сонсдог үзэгч сонсогчдод хүлээлт их байгаа даа?
-Би Монгол улсдаа өртэй гэж өөрийгөө ойлгодог. Би төр түмнийхээ хайр хүндэтгэлийг хүртсэн. МУГЖ гэх эрхэм алдрыг надад Монголын ард түмэн хайрласан учраас би чадах бүхнээ хийх ёстой л гэж бодож байна. Монголын соёл урлагийн салбар зөвхөн нэг хүнийг инээлгэдэг, баясгадаг салбар биш. Зууш биш. Энэ бол гадаад харилцааны маш том салбар. Бид хэн болох, хэн байгаад байгаа, хэн болохоо өөрсдөө судалж гаргаж ирэх хэрэгтэй болчихоод байна. Тэгж байж ирээдүйг харна аа.
-Таны дуу болгон өөрийн гэсэн түүхтэй байх. Гэхдээ хамгийн сайхан дурсамж үлдээсэн дуу тань юу вэ?
-Яалт ч үгүй бүгд л өөрийн гэсэн түүхтэй. Яахав хамгийн сайхан дурсамжтай нь “Хонхны нулимс” дуу минь юм аа. Бүх зүйл дээр л “Хонхны нулимс” дуу хамгийн түрүүн сэтгэлд буудаг. Оюутан байхдаа халаасандаа мөнгөгүй байхад Аранзаа ах, Монгол Улсын гавьяат жүжигчин Х.Болормаа эгч хоёр надад туслаж хямд үнээр дууг нь минь үнэгүй шахам бичиж өгөөд л. Энэ мэтчилэн хараад байхад хамгийн дурсамжтай нь яах аргагүй “Хонхны нулимс” байгаа юм. Ганц дуутай хүн шиг л “Хонхны нулимс”-аа ярьж байна даа. Гэхдээ анхны уран бүтээл гэдэг бол яалт ч үгүй л дурсамжийн эхлэл юм.
-Дуучин Э.Оюумаа та хоёрын тухай янз бүрээр ярих юм. Саллаа, буцаад нийллээ гээд байгаа?
-Энэ миний алдаа байсан юм. Би ямар сайхан зүйл хийж гавьяа байгуулсан биш дээ. Энэ талаар ярихыг хүсэхгүй байна. Миний хувьд цамцныхаа товчийг зөрүүлээд товчилчихсон байснаа одоо л зөв товчлох гэж хичээж явна.
-Зохиолын дууг үнэлэх хүмүүсийн үнэлэмж их муу байдаг шүү дээ. Энэ тал дээр таны бодол?
-Хүн мэдэхгүй юмныхаа дайсан байдаг. Мэдэхгүй юм аа их шүүмжилнэ, муулна. Тэрийгээ болих хэрэгтэй. Муу л юм болбол тэнд байгаа хар овоохой гэдэг шиг нийтийн дуу, хошин урлаг ийм муу , тийм муу гэж ярих юм. Тэр зүйлд өөрийн гэсэн үнэт зүйл байгаа байхгүй юу. Үнэт зүйл байгаа болохоор хүн мөнгөө төлж, тэрнээс таашаал авч сэтгэл зүрхээ баясгаж байна. Тийм болохоор тэр олон хүнийг үгүйсгэж болохгүй.
-Нийтийн дуу хийх амархан. Шүлгэнд ая хийгээд л болоо гэж ойлгодог хүмүүс их бий?
-Шинэ үеийн нийтийн дууны урлаг маш судалгаатай ажилладаг болсон. Хэнд зориулж ямар уран бүтээл хэний зүрхэнд зориулж эгшиглүүлэх вэ гэдгийг яруу найрагч, хөгжмийн зохиолч, дуучин гурав гурвуулаа төлөвлөж байж хийгээд дараа нь менежмент хийдэг болсон. Тэрнээс биш нэг өглөө босч ирээд “Би чамд хайртай, бас хайргүй ч байж магад” гэж биччихээд шууд ая хийж байна гэж ойлгож болохгүй.
- Нийтийн дуучдыг л ам барьдаг гэлцэх юм?
-Нийтийн дуучид ам барьдаг гэж хэлээд байгаа хүмүүс өөрсдөө “но”-той. Дуучид ам бариад байгаа юм бол хэн нь ам бариад байгааг шалгаад гаргаад ир л дээ. Монголчууд хаана ч явсан ардын дууны үргэлжлэл нийтийн дууг л дуулдаг, дуулцгааж байна шүү дээ.
Б.Бурмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ