Ж.Энхбаяр: Би хувь хүнийг шүтдэггүй

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяртай ярилцлаа.

-Удахгүй болохтанай намын Их хурлын бэлтгэл ажил ямар шатандаа явж байна вэ?

-Манай нам энэ сарын 27-нд XXVII Их хурлаа хийх гэж байна. Энэ хурал нь томоохон шийдвэр гаргасан түүхэн хурал болно байх. Юуны өмнө Их хурлын бэлтгэл хангагдаад дуусч байна гэдгийг хэлмээр байна. МАН бол улс төрийн гол хүчний хувьд төрийн багана болдог. Ард түмнийхээ сайн сайхан, тусгаар тогтнолын төлөө тэмцэж ирсэн түүхэн нам шүү дээ.

-Хурлын өмнө намын дүрэмд өөрчлөлт оруулна гэсэн. Ямар өөрчлөлт оруулах вэ?

-Нам гэдэг нь амьд организм. Байнга өөрчлөгдөж, шинэчлэгдэж байдаг. Тухайн нийгэмдээ уялдаа холбоотой байж тэр хүрээндээ үзэл бодлын болон томоохон бодлогын хүрээнд сайжруулах, төгөлдөржүүлэх ажлууд хийгдэж байдаг.

-Сүүдрийн Засгийн газар байгуулагдаад ажиллаж байна. Үйл ажиллагаа хэр явж байна вэ. Та сүүдрийн Засгийн газрын Батлан хамгаалахын сайдын албан тушаал хашиж байгаа гэл үү?

-Аливаа улс төрийн нам засгийн эрхийн төлөө л бодлого хөтөлбөрөө дэвшүүлээд өрсөлддөг. Энэ хүрээнд сонгуульд ялалт байгуулсан нам Засгийн газраа бүрдүүлэхэд цаг хугацааны алдагдал гардаг. Тэгээд салбар бүр дээр боловсон хүчний бэлтгэл, нөөц дутмаг байдаг шүү дээ. Үүнтэй холбоотойгоор тухайн салбарын үйл ажиллагаа алдагддаг. Иймэрхүү алдаа, оноо гараад байдаг тал ажиглагддаг юм. Иймд манай улс төрийн зөвлөлөөс шийдвэр гаргаж сүүдрийн Засгийн газрыг байгуулсан. Салбар бүр дээр нэг, нэг хүн томилсон байгаа. Тухайлбал, би Батлан хамгаалах яамыг хариуцаж байна.

-Сүүдрийн Засгийн газар байгуулсан зорилго нь юу байна?

-Тухайн салбарын үйл ажиллагаа болон хууль эрхзүйн өөрчлөлт, төсөв хөрөнгө, боловсон хүчний бодлого хийгээд хэрхэн зөв зүйтэй явж байна вэ гэдэгт хяналт тавих, хоёр талаасаа үйл ажиллагааг нь дэмжих ийм зорилготой юм.

-Дэргэд нь Авлигатай тэмцэх хороо гэж байгуулсан гэсэн?

-Мэдэхгүй. Энэ талаар би сонсоогүй юм байна. Энэ нь хууль зүйн салбар хариуцсан хүмүүстэй холбоотой байх.

-Их хурлаар мэдээж намын даргын тухай асуудал хөндөгдөх байх. Дараагийн намын даргад та хэн нэгнийг дэмжиж байна уу?

-Ирэх 2016 онд Ардын намыг сонгуульд хөтөлж оруулах, сонгуулийн ялалтыг авчрах тийм л шинэ баг сонгогдох ёстой гэж бодож байна.

-Дараагийн намын дарга М.Энхболд гэдэг нь тодорхой болчихсон юм биш үү?

-Энд хэн нэгэн хүний тухай ярих нь тийм зохистой биш болов уу. Их хурлаар өнгөрсөн сонгуулийнхаа алдаа оноо, сургамжуудыг авч хэлэлцэнэ. Үүндээ улс төрийнхөө дүгнэлтийг өгнө. Мөн цаашдын намын дотоод асуудлыг ярилцана байх. Дахин хэлэхэд ирэх 2016 оны сонгуульд ялалт байгуулахад олон түмний дэмжлэг авч чадах хөтөлбөр боловсруулаад, тэрийгээ хэрэгжүүлж чадах тийм л улстөрч хүн намын дарга болно шүү дээ. Тэрийг намын дотоод дүрмийн дагуу ярилцаад шийднэ дээ.

-МАН лидергүй болчихсон гэдэгтэй санал нийлж байна уу?

-Би хувь хүнийг шүтдэггүй. Хувь хүний алдаа оноо их. Харин би багийг шүтдэг. Багаар ажиллахыг илүүд үздэг гэсэн үг л дээ. Тиймээс дахин хөгжлийн шинэ бодлого боловсруулж чадах олон түмний итгэлийг хүлээж тэрхүү ялалтыг хангах баг хэрэгтэй байна. Өнөөгийн нийгэмд энэ бол хувь хүнтэй холбоотой асуудал гэж харахгүй байна. Энэ нийгэмд хувь хүнээс илүү хүчирхэг мэргэжлийн, зохион байгуулалттай баг хэрэгтэй байна. Ядаж л гар, сэтгэл нийлсэн хүмүүс байх хэрэгтэй л дээ. Дурсамжаар биш ирээдүйгээ харж амьдрах хэрэгтэй байна, өнөөгийн нөхцөлд.

-Намын даргын хувьд гаднаас сонгохгүй бол нам шинэчлэгдэж чадахгүй гэх шүүмжлэл гараад байна?

-Их хурал болтол хорь хоног байна. Энэ сарын улс төрийн томоохон үйл явдал Ардын намын Их хурал болж байх шиг байна. Монгол Улсын 2014 оны төсөв, 2013 оны төсвийн тодотгол гэсэн хүрээнд улс төр өрнөх байх гэж ойлгож байна.

-Таныг "Алтайн хүдэр" компаниас хандив нэрээр 450 сая төгрөг авсан гэж АТГ-д шалгуулахаар гомдол гаргасан. Энэ талаар юу хэлэх вэ?

-Би энэ талаар сайн мэдэхгүй байна. Энхбаяр гэдэг хүнийг өнөөдрийг хүртэл шалгаж байна л гэнэ, надаас мэдээлэл, тодруулга авъя гэсэн юм алга. Энэ асуудалтай холбоотойгоор энд нэг зүйлийг хэлэхэд Энхбаяр гэдэг хүн аливаа улс төрийн сонгуульд хувь хүн болон аж ахуйн байгууллагаас хандив авдаггүй. Үүнийгээ хэлэх хэрэгтэй байх. Миний удирддаг “Алтайн эрин сан” төрийн бус байгууллага Монгол Улсад мөрдөж буй хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Хууль зүйн яамандаа бүртгүүлээд, татварын газраа бүх тайлан балансаа бүртгүүлээд бүхий л үйл ажиллагаа нь ил тод явагддаг. Энэ сангийн гол зорилго нь Говь-Алтай аймгийн ард түмэн, алтайчуудад туслах юм. Энэхүү зорилгынхоо хүрээнд долоон жил ажиллаж байна. Сангийн үйл ажиллагааг дэмждэг олон сайхан залуучууд байдаг л даа. Бид энэ хугацаанд нэг тэрбум хоёр зуун сая төгрөгийн сэтгэлийн хариу нэхээгүй буяны аян өрнүүлсэн. Би үнэхээр хийсэн ажилдаа сэтгэл хангалуун байгаа. Энэхүү аянд хамтран ажилласан бүхий л байгууллага болон хувь хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна. Хүнд өгнө гэдэг их сайхан таашаал юм. Амьдралын утга учир бол мөнгө олохдоо биш, хэрэгтэй хүнд нь хэрэгтэй зүйлийг өгнө гэдэг нь хамгийн том баяр баясал гэж ойлгодог. Баярлаж байгаа хүний нүднээс гарах нулимснаас хүн цаашдын эрч хүч олж авдаг. Би хувьдаа ингэж л боддог. Дахин хэлэхэд манай сангийн бүх үйл ажиллагаа ил тод, нээлттэй шүү. Зөвхөн энэ сангийн үйл ажиллагаанд манай гэр бүлийн зүгээс гэхэд 600 гаруй сая төгрөг зарцуулсан байна лээ. Түүнчлэн аж ахуйн нэгж, найз нөхөд маань мөн л 600 гаруй сая төгрөг энэхүү санд зарцуулагдаж хамтарч төсөл хэрэгжүүлсэн байгаа юм.

-Хэн гомдол гаргасан юм бэ. Та үнэхээр хандив нэрээр мөнгө аваагүй гэсэн үг үү?

-Гомдол гаргасан хүн нь ойлгомжтой. “Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал” гэж сайхан үг бий. Өнөөдрийн нийгэмд ойлгогдохгүй байж магадгүй юм. Нийгэм харгис, хатуу өршөөлгүй юм. Тиймээс энэхүү нийгэмд хаягдаж зайлшгүй гараа сунгах шаардлагатай хүмүүс байгаа шүү дээ. Манай сангийн шугамаар зуу, зуун залуу тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж сургуультай болсон. Нэг, хоёр биш зуу зуугаараа. Мянга мянган иргэн эрүүл мэндийн үзлэг оношлогоонд орсон. Мянга, мянган малчин байгалийн хүнд бэрхшээлийг туулахад тусламж авсан. Говь-Алтай аймгийн эрдэмтэн, соёл урлагийнхан бүгд л хамтарч ажилладаг. Одоо энэ ажлаа ярих нь үнэхээр зохистой биш ээ. Миний хувьд энэ тухай олон нийтэд яриад, сурталчлаад явах хүсэл байдаггүй. Гэтэл өөрийн эрхгүй үүнийг улстөр болгоод намын нөхдүүд маань асуудал болгож байгаа учраас хэлэхээс өөр аргагүй байдалд орж байгаа юм. Нэг талаасаа надад их эвгүй байна. Яагаад гэхээр дандаа буяны үйл ажиллагаа шүү дээ. Туслахаас өөр аргагүй байдалд их тулгардаг л даа. Төр туслаж чадахгүй төсөв нь хүрэлцээгүй байна. Ардчилсан нийгмийн гол тулгуур нь энэ төрийн бус байгууллага байхгүй юу. Нийгмийн сайн сайхны төлөө ажилладаг. Хандив мөнгө цуглуулж тэрийгээ олон түмэнд хүргэдэг.

-Ямар учраас таныг АТГ-д шалгуулах гомдол гаргасан юм бол?

-Мэдэхгүй л дээ. Өөрөөс нь асуусан нь дээр байх. Тэр хүн улс төр хийгээд байна лээ. Үнэхээр Алтайн ард түмэн МАН-ыг бүх шатны сонгуульд тасралтгүй дэмжиж ирсэн. Үүнд л улстөрийн гол зорилго нь харагдаад байна уу даа гэж бодоод байна.Ажил хийж, дэмжиж байж энэ олон түмнийхээ итгэлийг авна шүү дээ. Тэрнээс хүний хийсэн бүхнийг харлуулж, үгүйсгэдэг байдлаа одоо зогсоох хэрэгтэй байх. Энэ бол Алтайн ард түмнээс гардаг авир биш л дээ. Мөнгөөр бүгдийг хийнэ гэвэл том эндүүрэл шүү.

Э.Номин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ