Л.Дашням: Дэлхийгээр тарсан Монголчууд ингэж л уулзаж байна

Өчигдөр “Тулуй эзний тахилга, тахилгын соёл, уламжлал” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болж өндөрлөлөө. Хуралд Буриад, Өвөрмонгол, Тува улсаас ирсэн эрдэмтэд Чингис хаан болон Тулуй эзний үеийн тайлга тахилгын талаар сонирхолтой илтгэлүүд тавьсан юм. Энэ үеэр “Монгол уламжлал” төвийн тэргүүн Л.Дашнямтай цөөн хором ярилцав.

-Тулуй эзний тайлга тахилгын соёл уламжлал нь яг ямар байсан юм бэ?

-Хамгийн онцлог зүйл нь 13-р зууны эхнээс Тулуй эзэндээ зориулсан, уул усаа тахих заншил шингэсэн тахилгыг Ордосын нутаг хошууныхан өнө болтол таслаагүй гэж үздэг. Монголчууд уул усаа яаж тахиж байсан тухай л эрдэм шинжилгээний хурал юм. Энэ нь тэнгэр шүтлэгтэй яаж холбогдож байна вэ гэхээр ерөөсөө орчлон ертөнц, газар тэнгэр хоорондоо шүтэлцээтэй оршдог.

-Газар тэнгэр хоорондоо шүтэлцээтэй оршдог гэдгээ тодруулаач?

- Тэгэхээр тэнгэр эрхсийн гэж үзэж байгаа олон мэдээллийн эх үүсвэр бидний амьдралд нөлөөлдөг, энэ эх үүсвэрийг ашиглаж бид тэнгэртэй холбогдож чаддаг. Жишээ нь бөө, шашны хувилгаадаар. Чингис хааны үеийн хэлж ярьдаг томъёоллоор хэлэх юм бол тэнгэрийн тааллыг бид мэдэж ойлгох ёстой. Тэрэнтэй зохицуулж ажил үйлээ явуулах ёстой гэсэн ийм л ойлголт ухаарлын үүднээс ажил үйлээ явуулж байсан. Энэ орчлон ертөнцөд зөв амьдаръя, өөрийнхөө хрүээлж байгаа уул ус, өвөг дээдсээ хайрлах тухай л энэ илтгэлүүдэд нэлээд туссан байна.

-Эрдэм шинжилгээний хурлын ач холбогдол юу вэ?

-Тулуйн болон Чингис хаантай холбогдолтой танин мэдэхүйн, шинэ соргог мэдээллийг бие биендээ хүргэхээс гадна Тува, Буриад, Өвөрмонголоос эрдэмтэнд ирж оролцож байна. Тэгэхээр энэ олон газар ажиллаж амьдарч байгаа монгол үндэстнүүд хоорондоо уулзаж учирч, холбоо харилцаа тогтоох, биенийхээ хийж байгаа судалгаа, аж төрлийн байдлын бие биендээ дамжуулах таниулах олон талын ач холбогдолтой. Дэлхийгээр тарсан монголчууд бид ингэж л уулзаж байна даа.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ