Бангладешт хувцасны үйлдвэр бас л шатлаа

Бангладешийн нийслэл Дака хотод хувцасны томоохон үйлдвэр шатжээ гэсэн мэдээ олон улсын сайтуудад нийтлэгдэв. Албаны эх сурвалжийн өгсөн мэдээллээр галд өртөж есөн хүн амь үрэгдсэн байна. Харин 50 гаруй хүн түлэгдэж, гэмтэж бэртжээ.

Дахин дахин давтагдаж буй үйлвэрийн осол, тэр дундаа оёдлын үйлдвэрүүдэд гал гарах болсон нь аюулгүй байдлын ажиллагаа хэр зэрэг байгааг илтгэж байна. Өмнө ч хэд хэдэн үйлдвэрт гал гарч, барилга байшин нурж байсан. Өнгөрсөн дөрөвдүгээр сард мөн хувцасны үйлдвэр шатаж 1100 хүн амь насаа алдсан харамсалтай явдал болсон. Харин үүнээс өмнө өнгөрсөн оны арваннэгдүгээр сард 112 хүн мөн л үйлдвэртээ шатаж амиа алдсан юм.

Энэ удаа гарсан галын шалтгааныг хараахан тогтоож амжаагүй байна. Гэхдээ цахилгааны ноцтой шалтгааны улмаас бус, багахан зүйлээс ч болсон байж мэднэ. Үйлдвэрийн удирдлагуудын зүгээс гал гарах үед үйлдвэр дотор 170 орчим хүн байсан гэж байгаа бол гэрчүдийн хэлж буйгаар 300 орчим хүн байсан бололтой. Хэрэв иргэдийн ярьж байгаа үнэн бол галд 100 гаруй хүн өртсөн байж мэднэ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ