Ж.Батзандангийн зөгнөл
Эрхэм гишүүн С.Баярцогт оффшор бүсэд гадаад валютын нууц данстай байснаа баригдаж, хөгөө дэлгэж байх хойгуур ОХУ-ын Дум төрийн дээд тушаалын албан хаагч, парламентын гишүүн, хүчний байгууллагынхныг гадаадын банкинд данстай байхыг хориглох тухай Ерөнхийлөгч В.Путин болон депутатуудын оруулсан багц хуулийн төслийг баталлаа. Үүнд Ерөнхий прокурорын орлогч нар, Төв банкны захирлуудын зөвлөлийн гишүүд, Ерөнхийлөгчийн томилдог ОХУ-ын субьектуудын төрийн алба болон холбооны улсын төрийн алба, Засгийн газрын гишүүд юм уу Ерөнхий прокурор хамрагдах ажээ. Түүнчлэн холбооны улсын гүйцэтгэх засаглалын байгууллагын удирдах хүмүүс, улсын корпораци, сан болон Ерөнхийлөгч, эсвэл Засгийн газраас томилдог бусад байгууллагын албан тушаалтнууд багтах юм байна.
Мөн шүүгч, депутат, цэргийн албан хаагч, мөрдөн байцаагч, прокурор, ДХЯ, гаалийн болон татварын байгууллага, түүнчлэн төсвийн бус сангийн ажилтан, хяналтын байгууллагын аудитч нар гадаадад мөнгө хадгалж болохгүй. Хотын тойрог, дүүргийн тэргүүн нараас гадна тэдний гэр бүлийн хүн, насанд хүрээгүй хүүхэд нь ч хуулийн үйлчлэлд хамрагджээ. Дээр дурдсан этгээдүүд албан тушаалд орсон өдрөөс хойш гурван сард багтаан гадаадын банкин дахь хадгаламжаа татах үүрэгтэй. Энэ хоригийг биелүүлэхгүй бол бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгож, итгэл алдсантай холбогдуулан албан тушаалаас нь чөлөөлөх юмуу ажлаас халах юм байна. “Гадаадын санхүүгийн бүх баримт бичиг” хоригт хамаарагдаж байна гэж албаны хүн анхааруулав. Бүх үнэт зүйл, тухайлбал гадаадын банкин дахь бэлэн мөнгө төдийгүй, үнэт металл, эрдэнийн чулуу зэрэг нь мөн хоригт хамаарагдаж байгаа аж. Гадаад дахь үл хөдлөх хөрөнгийн тухайд гэвэл гадаадын банкинд данстай байхыг хориглосон хүмүүс ийм хөрөнгөтэй байж болох ч хууль хүчин төгөлдөр болсны дараа өөрт байгаа бүх байр байшин болон газар худалдаж авсан хөрөнгийн эх үүсвэрээ заах ёстой гэж улсын Думын хорооны орлогч дарга Эрнест Валеев тайлбарласан билээ.
Яг ийм маягийн хуулийн төсөл санаачилснаа УИХ-ын гишүүн Ж.Батзандан оны эхэнд хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчдэд танилцуулж байсан юм. Эрхэм гишүүн өнгөрсөн оны тавдугаар сараас хүчин төгөлдөр болсон ч амьдрал дээр төдийлөн хэрэгжиж чадахгүй байгаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд салхи оруулахаар шийдсэн нь дээдсийн хүрээнд шуугиан тарьж эхэлсэн. Яагаад гэвэл түүний санаачилсан нэмэлт өөрчлөлтийг хуульд тусгавал төрийн өндөр албан тушаалтан 150 шахам хүнд л шууд үйлчлэх юм. Бусад иргэдэд хамаагүй мэт авч цаагуураа Монголын нийгэмд ихэд тустай. Албан тушаал, эрх мэдлээрээ гул барьсан зарим хүмүүс хэрээс хэтэрсэн эрх ямба эдэлж, эд хөрөнгө зоорилж байгаа нь нууц биш.
УИХ, Засгийн газрын гишүүдийн дотор Лондонд харштай, Чежү аралд усан онгоцтой, Хайнаньд сэрүүн лавринтай, Швейцарь, Сингапурын банкинд хадгаламжийн данстай тэрбумтан байна. Зах зээлийн нийгэмд хэн ямар хөрөнгө зоорьтой байх нь хүний эрхийн асуудал боловч Монголд босгосон хөрөнгө мөнгөө харьд зоорилох нь яавч эх оронч үзэл биш болов уу. Тэгээд ч төрийн өндөр албан тушаалтнууд Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө шударгаар зүтгэх үүрэг хариуцлага үүрдгээрээ бусдаас онцлогтой. Ийм учраас наад зах нь эмнэлгийн үйлчилгээг голж гадаадад шинжилгээ өгдөггүй, харь эхнэр, нөхрийн эрхшээл дор хэдэн төгрөгөө гадагш урсгаад байдаггүй болоосой гэж бодогдоно. Цаад зах нь төрийн өндөр албан тушаалтнуудын толгойд үндэсний аюулгүй байдалтай холбоотой чухал мэдээллүүд байдаг учраас улс орны тусгаар тогтнол, эрх ашигт нөлөөлөх талтай.
Иймээс Ж.Батзандан гишүүн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хэн боловч тухайн үедээ буюу түүнээс чөлөөлөгдсөнөөс хойш хоёр жилийн хугацаанд дараах үйл ажиллагаа эрхлэхийг хориглох нэмэлт өөрчлөлт оруулахаар зэхэж байна. Өөрийн болон гэр бүлийн гишүүний нэр дээр гадаад улсын банк, банк бус санхүүгийн байгууллагад хадгаламжийн болон харилцах данс, банкны зээл, үл хөдлөх хөрөнгөтэй байх, гадаад улсын компанийн үнэт цаас эзэмших. Өөрийн болон гэр бүлийн гишүүний нэр дээр архи, тамхины үйлдвэрлэл болон импорт эрхлэгч аж ахуйн нэгжийн хувьцаа, үнэт цаас эзэмших. Магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарснаас бусад тохиолдолд улсын зардлаар гадаадын эмнэлэгт эрүүл мэндийн үйлчилгээ авах, казино болон төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоомын газраар үйлчлүүлэх.
Мөн улс үндэсний аюулгүй байдал, төрийн албан тушаалтны ёс зүй болон нийтийн ашиг сонирхлын үүднээс гадаад улсын харьяат эхнэр, нөхөртэй иргэнийг төрийн өндөр албан тушаалд нэр дэвшүүлэх, томилохдоо Монгол Улсын иргэншилтэй болсон байхыг шалгуур үзүүлэлт болгохоор санал асуулга явуулж эхэлжээ. Энэ бол нэлээд эмзэг асуудал бөгөөд анхнаасаа хэл ам дагуулж эхэлсэн. Социализмын үед МАХН-ын Улс төрийн Товчооны долоон гишүүний гурав нь лав орос эхнэртэй байсныг түүх мартаагүй. Умард Солонгосын удирдагч Ким Ир Сен орос эхнэртэй байгаад улс орноо ч бодсон уу буцаасан гэдэг.
Харин монголчууд бүр XIII зуунаас төрийн хэрэгт энэ талаар ихэд болгоомжтой хандаж байжээ. Чингис хаан “Нэгэн сэтгэлт эр хэмээвээс эр бус эрдэнэ. Хоёр сэтгэлт эр хэмээвээс эр бус эхнэр. Нэгэн сэтгэлт эм хэмээвээс эхнэр бус эр. Хоёр сэтгэлт эм хэмээвээс эм бус албин чөтгөр” хэмээн тодорхойлсон байдаг. Их хаан төрийн хэрэгт хоёр сэтгэл өвөрлөхөөс ихээхэн болгоомжилдог байсныг “Нууц товчоо”-нд өгүүлсэн нь бий. “Татаар нарыг довтлон дуусгаж, нэгэн өдөр Чингис хаан гэрийн гадна Есүй хатан, Есүгэн хатан хоёрын дунд сууж унд ууж байтал Есүй хатан ихэд санаа алдав. Үүнд Чингис хаан дотроо сэжиг авч, Боорчи Мухулай хоёр ноёныг урьж ирүүлээд өгүүлрүүн “Та хоёр энд чуулсан ардыг аймаг аймгаар нь болго. Бус аймгийн хүнийг өөрийн аймагт бүү үлдээгтүн” гэж зарлиг болов. Тэгээд бүх ардыг аймаг аймгаар ялгавал нэгэн залуу сайн эр аймаггүй үлджээ. “Чи юун хүн бэ гэж асуувал тэр хүн өгүүлрүүн “Татаарын Их-Чэрэнгийн охин Есүйг авсан хүргэн билээ” гэв.
Энэ үгийг Чингис хаанд мэдүүлбэл “Тэр хүн хорт сэтгэл өвөрлөж энд ирсэн ажээ. Нүднээс далд болго” гэсэн байдаг. Хоёр сэтгэлт эм эзэн Чингисийн амийг аваад явах аюулыг зайлуулж чадсанаар Есүй хатныг өөртөө насан туршид нь үнэнчээр зүтгүүлж чадсан билээ. Чингис хаан Тангуд иргэнтэй байлдахаар явахдаа Есүй хатнаа авч явсан нь Есүй хатнаараа толгойгоо түшүүлэх хувь зохиол байсан бизээ хэмээн “Чингис хааны арга билгийг үзэх үзэл: Эмэгтэйчүүд” бүтээлдээ доктор, профессор С.Отгонжаргал дурдсан нь онцгой сонирхол татна. Тэртээ нэгэн цагт Есүй хатныг авааль эрээ хараад сүүрс алдаж суухад Чингис хаан анзааралгүй өнгөрч болох байсан. Хатнаа санаа алдахад мэдрэмжтэй хандаж, учрыг олж асуудлыг шийдэж байсан хаан түүхэнд хэд байдаг бол. Чингис хаан “Сэтгэлийг нь хураагтун, сэтгэлийг нь хурааваас бие нь хаа холдох вэ” гэсэн сургаал үгээ хэрэгжүүлж, Есүйгийн сэтгэлийг нэг болгох асуудлыг оюуны хүчээр шийдсэн нь түмэн үед ач тусаа өгсөн байна. Дайсныхаа хүнийг ч өөрийн итгэлт ханиа болгох ухаан гагц Чингис хаанд байсан гэлтэй.
Түүх сөхвөл төрийн түшээ Ж.Батзандан зүгээр нэг шуугиан тарьсангүй. Түүний зөгнөл Монголд биш хойд хөршид маань эхэлж биелэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ