Монголоо эргэн тольдоорой

Гэрэл зурагчин Н.А.Чарушины “Монголыг эргэн тольдохуй” үзэсгэлэнг Монголын үндэсний түүхийн музейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэжээ. Энэ үзэсгэлэнг Н.А.Чарушины авсан Монголын ахуйг харуулсан гэрэл зургууд чимж буй юм. Тэрбээр 1888 онд Г.Н.Потаниний хээрийн шинжилгээний ангийн бүрэлдэхүүнд багтан Өргөө /Улаанбаатар/ хотод ирж, Өргөө болон тэр үеийн монголчуудын гэрэл зургийн баян цуглуулгатай эргэн очсон гэдэг. Түүний цуглуулгын дийлэнх нь тэр үеийн монголчуудын хөрөг зураг. Энэ хөрөг зурагнуудаас 1980-аад оны монгол хатад, лам нар, харц ардууд хэрхэн амьдарч байсныг тольдож болно. Түүнээс гадна тэд юу өмсч, хэрэглэж байсныг харж болохоор. Мөн Орос, Хятад, Монголын тухайн үеийн эдийн засгийн харилцааг харуулсан зураг ч цөөнгүй байна. Түүний авсан “Цайны зам”-ын талаарх сонирхолтой зургууд үүнийг илтгэж байлаа.
“Талын Монгол айл”, Цай ачсан жингийн цуваа”, “Аргал түүж буй эмэгтэй” зэрэг зураг нь яг л1990 оны өмнөх Монголын амьдрал руу очсон мэт сэтгэгдэл төрүүлэхээр. Мөн тэрбээр Богд гэгээний дүү, түүний хатны хөргийг ч гэрэл зургийн хальснаа мөнхөлж үлдээжээ. Өөрөөр хэлбэл, тэр үеийн ноёд хатдаас эхлээд ядуу ардуудын зургийг ч авч чадсан байна. Гэхдээ энэ бүх зургийг түүх болгон үлдээхэд амаргүй байсан талаар тэр дурсан ярихдаа, “Монголчуудын антропологийн хэв шинжийг харуулсан гэрэл зураг авах гол зорилго маань эхний үед их бэрхшээлтэй тулгарч, арай гэж авч байв. Урьд нь гэрэл зургийн талаар ямар нэг ойлголт монголчуудын дунд байгаагүй учраас тэдний дунд сэжиг таавар хүчтэй байлаа. Монголчууд гэрэл зураг авахуулсан хүн өөрийн зүрх сэтгэлээ бусдад алдана хэмээн итгэж байсан. Эцэст нь, Потаниний хуучин танилуудаас энэхүү аз туршсан үйл ажиллагаанд зүрх зоригтой хүмүүс олдож, түүнээс хойш нэг нэгнийгээ дууриан гэрэл зургаа авахуулахыг зөвшөөрч эхэлсэн” гэжээ.
Бүрэг ичимхий, гэрэл зургийн талаар ойлголтгүй байсан монголчуудын нүдийг нээсэн Н.А.Чарушины хувьд 1882 оноос Нерчинскд амьдрах болж, гэрэл зураг сонирхож эхэлсэн аж.Тэрээр 1886 он гэр бүлийн хамт Троицкосавскт нүүн очиж анхны Гэрэл зургийн салоныг байгуулсан гавьяатай ажээ. Түүгээр ч зогсохгүй 1887 онд Хиагтын худалдаачин Я.А.Немчиновын алтны уурхайн гэрэл зургийг авахаар өөрийн туслах И.Ф.Федоровын хамтаар Лена мөрнөөр аялсан байна. Тэд Эрхүү хотыг дамжин Удунгинский болон Байгаль нуурын тойрог их зам, улмаар Якут хүртэлх их замаар аялж, олон орны түүхэн гэрэл зургийг өөрийн дурайнд буулгасны нэг нь Монгол Улс юм. Түүний энэ хөдөлмөрийг нь дэлхийд хүлээн зөвшөөрсөн. Өөрөөр хэлбэл, Академич В.А.Обручевын нэрэмжит Хиагтын орон нутаг судлах музейд хадгалагдаж буй Н.А.Чарушины гэрэл зургийн цуглуулга дэлхийн соёлын өвийн үнэт зүйлс хэвээр байгаа юм. Түүний Монголыг тольдсон үзэсгэлэнг энэ сарын 25-ныг хүртэл сонирхоорой.
Б.Цэлмэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ