Нүүх үү, үлдэх үү


Улаанбаатар хотын захиргаа буурь сэлгэх гэнэ. Энэ мэдээлэл тараад багагүй хугацаа өнгөрч байгаа ч Улаанбаатар хотын захиргаа хэзээ нүүх нь тодорхойгүй хэвээр л байна.
Гэвч энэ бол зөвхөн хотын захиргаа, хотынхоо захын гэр хороолол руу л ойртох тухай асуудал. Харин Улаанбаатар хот буурь сэлгэх тухай яриа, маргаан бол өөр том ойлголт юм.
Аль тэртээ 2000 оны эхээр Улаанбаатар хотыг нүүлгэе, Хархорин руу шилжүүлье, гэдэг асуудал хөндөгдөж багаггүй маргаан, талцал бий болгож, улстөрийн хүрээнд хүртэл хөндөгдөж байсан нь бидэнд танил болоод удаж буй.
Яахав, нэг үе улс орны эдийн засаг ядуу буурай болохоор чадахгүй, тулгамдах асуудал олон байсан байх. Харин өнөөдөр Монгол Улс мөнгөө багтааж ядаж, ард түмэндээ хэрхэн оновчтой хүргэж, ядууралыг бууруулах талаар олигтой үр дүнтэй бодлого явуулж чадахгүй хэт их мөнгөтэйн зовлонд умбаад байгаа. Ард түмэндээ хэдэн тэрбумаар нь тарааж үзэв. Үргүй зардал гэдгийг мэдээд хумьж үзэв. Одоо харин бүтээн байгуулалт хийх цаг гэдгийг хаана хаанаа мэдээд эхлэв. Тэгвэл энэ үед дээр л зоригтой, хүчтэй, далайцтай шийдвэр гаргаж, Улаанбаатар хотыг нүүлгэн шилжүүлье.
Нэгэн цаг дэлхийн нийслэл гэгдэж байсан Хархорины хөндий домгийн шаргал хуудас сөхөн хүчирхэг улс гүрний нийслэл байсан тэр л цаг үеэ үгүйлэн хөхрөх зэрэглээн дундаа дуниартан байна. Уудам тэр хөндий биднийг урин дуудаж байна. Монголчууд хэзээнээс нааш нүүдэлж, буурь сэлгэсээр ирсэн ард түмэн. Буурь сэлгэн нүүдлэхэдээ морины чөдрийн газарт бус хэдэн өртөөг давуулан нүүдлэдэг байснаараа дэлхийг хэмжиж ирсэн түүхтэй. Муухан, аргаа барсан арчаагүй нүүдэл бол морины чөдрийн газарт нүүж, буурь талхлах бөгөөд ийм нүүдлийг богино ухаантай, арчаагүй эр, унаа хөсөг муутай, залхуу айлын өдөр шөнийг аргацааж, нүд хуурсан нүүдэл гэж үздэг байсан. Харин өнөөдөр Улаанбаатар хот ийм нүүдэл хийх гээд байна. Тэртээ тэргүй хол ч, ойр ч нүүсэн зардал гарна. Нэгэнт нүүж буй дээрээ холхон шиг, бүүр шинэ газар бууриа засч, төвхнөх гээд үзвэл дэмжих хүн зөндөө бий. Улаанбаатар хот өнөөдөр улс Монголын нийслэл гэлээ ч агаарын болон хөрсний бохирдол, цэвэр усны хомсдол, газаргүйн гачланд нэрвэгдээд байна. Энэ хэвээр цаашид хэр тэсэхийг бид мэдэхгүй. Тавдугаар цахилгаан станц барьж, цахилгаан, дулааны асуудлаа шийдэх тухай яригдсаар ч бодитойгоор шийдэгдсэн зүйл алга. Тэгвэл энэ бүхнийг Хархоринд бүтээн босгож, шинэхэн буурин дээрээ гал голомтоо мандааж яагаад болохгүй гэж вэ. Адилхан л хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт.
Аливаа эрс шийдвэрийг зоригтнууд л гаргаж, ард түмнээ араасаа дагуулж чаддаг. Харин үлбэгэр дорой, арчаагүй удирдагчид өнөө маргаашийг аргацааж, чөдөрлөсөн морь шөнөдөө эргэх газрын зайнд л харж, сэтгэж байдаг нь үнэн. Алсхан харж, холыг бодож, зоригтой шийдэл гаргах тэр л хүмүүнийг эрж хайсаар Монголчууд хорин жилийг үдлээ. Хорин жил нүүх гэж хүлээлээ. Бууриа сэлгэж, шинэхэн газар төвхнөж, улс гэрээ бадруулах өдрийг хүсэв. Гэвч дөрвөн уулын дунд бөгс эргэх зайгүй орчинд, амьсгалах агаараа хүртэл булаалцалдаж амьдарсаар байна. Улаанбаатар Утаанбаатар болж, Богд Дүнжингарав уул бор толгод болтлоо халцарч, эрүүл хөрсгүй болтолоо элэв. Утаан хөшгөнд Монголын хүн амын 56,3 хувь нь амьсгалж, угаартаж, эрүүл мэндээрээ хохирч байгаад дүгнэлт хийж чадахгүй байгаа, эрс арга хэмжээ авч чадахгүй байгаа Монголын төр нүүдлээс юунд жийрхээд байна вэ.
1990-ээд оны эхээр Казакстан улс Алма-Ата хотоос нийслэлээ Астана хот руу нүүлгэж бүтээн байгуулалт өрнүүлсэн. Дэлхий нийт гайхаж, шүүмжилж, улс орноо сөхрүүлэх мунхаг бодлого хэмээн шүүмжлэх нэг нь шүүмжилж байв. Тэд ч бидэнтэй адилхан нүүдэлч угсаатан. Тиймдээ ч тэд нүүж чадсан. Нүүгээд харин ч хожив. Шинэхэн буурин дээрээ төвхнөсөн Казакстан Улс ОХУ-ын бүрэлдхүүнээс гарч буйгаа, социализмаас татгалзаж буйгаа, оросуудаас улстөр, нийгэм, эдийн засаг гээд бүхий л талаараа бие дааж буйгаа ч энэ нүүдлээрээ зарласан гэхэд болно. Нүүдэл бүхний цаана хожил байх ёстой. Тэд хожсон байна. Харин бид нүүгээгүйгээр хожих биш хохироод, алд дэлэм алдаад буйгаа хожимдсон ч гэсэн хүлээн зөвшөөрч, нүүх тухай асуудлаа дахиад нэг хөндвөл яасан юм бэ. Нэг уулын мухраас нөгөө мухар луу нь нүүх төдийд өөрсдийгөө хуураад улаан дундаа угаартаж, хүн амаа геноцидод өртүүлсээр суух уу.
Улаанбаатар хотын хүн ам нэмэгдэж, бүтээн байгуулалт өрнөхийн хэрээр энэхүү хотыг тойрсон байгаль орчин улам бүр сүйдсээр байна. Хатан Туул хэмээх Монгол Улсын хоймор эмжих голын эргээс хэт их хайрга олборлосны улмаас жил бүр урсац нь татарч, ширгэх харанга дэлдээд байна. Дэлхийн ууган дархан цаазат уул болох Богд хан уул экосистемийн хувьд хэт доройтолд орж, цөлжих аюулд өртөх хэмжээнд ирээд байна. Улаанбаатар хотын орчимд газрын хөрсний бохирдлын хэмжээ жил ирэх тусам ихсч, хүн амын амьдрах орчинд онц аюултай байдал бий болох хэмжээнд хүрээд байна. Дэлхийд газар нутгаараа 17-д ордог, хүн амаараа 119-т багтдаг, нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр эхний гуравт багтдаг Монгол Улсад нийслэлээ буурь сэлгүүлэх алга дарам газар олдохгүй байна л гэж бүү хэлээрэй. Уудам тэнүүхэн нутагтайн хэрэг юу билээ, бууриа сэлгэвэл яасан юм бэ нийслэл минь. Нүүх үү, эс нүүх үү гэдэгт шийдээ гаргаж чадахгүй байгаа бол ард түмнээсээ нэг асуугаад үзээч ээ, Бат-Үүл баатраа, төр засаг минь ээ. Элдэв хөшөө буулгаж, нүүлгэж улстөр хийж дөрвөн жилийг үдэх амархан, харин нийслэлээ нүүлгэж, улс гэрээ төвхнүүлэх үйлс бол жинхэнэ баатар хүний л хийдэг ажил. Ийм баатар Ардчиллаас төрөх эсэхэд хариулт хүлээсээр байгаа шүү ард түмэн.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ