Монгол эмч нохойн биенд өөр нохойны толгой залгажээ

-Гөлөгний залгасан толгой шөл долоож, хоёр хоног амьдарсан юм-
Энэхүү дэд гарчиг бол Эрүүлийг хамгаалах яамнаас очиж шалгасан мэргэжилтэн буюу одоо Монгол Улсын гавьяат эмч, зүрхний зөвлөх доктор, профессор А.Өлзийхутагийн дурсамж.
Эл түүхэн үйл явдал 1974 оны хавар Дорноговь аймгийн Анагаах ухааны дунд сургуульд тохиожээ. Тухайн үедээ жинхэнэ дуулиан байсан нь мэдээж. Энэ тухай одоогийн иргэд сайн мэддэггүй аж.
Тэдгээр анагаах ухааны зүтгэлтнүүдийг эрхтэн шилжүүлэн суулгахын эхлэлийг Монголд тавьсан хэмээдэг. Тухайн үед бараг байж боломгүй явдал л даа. Тэр үедээ зууны гэхээр, нээлтийн түвшинд болсон явдлыг одоо хүргэе. Энэ нийтлэлийн гол баатар нь Доктор, профессор Д.Дорж бүлгээ. Үйл явдал ийн өрнөжээ. Тэр жилийн хавар буюу 1974 онд Анагаах ухааны хүрээлэнгийн захирал, академич Т.Шагдарсүрэн А.Өлзийхутагийг дуудан нэгэн өвөрмөц даалгавар өгсөн байгаа юм.
Сайншанд дахь Анагаах ухааны дунд сургуулийн багш Д.Дорж гэдэг нөхөр нохойд бөөр шилжүүлэн суулгах, зүрхийг нь тусгаарлан ажиллуулах туршилт хийсэн мэдээ байна.
Газар дээр нь үзээд ир. Эрхтэн шилжүүлэн суулгахыг эхэлж байгаа бол үнэхээр сайн байна. Тийм аваас энд татан эрдэм шинжилгээний ажилтан болгоё. Улсад хэрэгтэй гэжээ. Яг явах болоход нь Эрүүлийг хамгаалах яамны боловсон хүчний хэлтсийн дарга Б.Амгаабазар “Эрхтэн суулгах ажлыг Монголд эхэлж сэдсэн хүн бол Дорноговийн Дорж” хэмээн хэлсэн нь ч зүгээр нэг үг биш шиг санагджээ.
Ингээд туслах ажилтан Хүрэлцэцэг гэдэг хүнтэй хамт очиж, мэс заслын багш Д.Дорж, хичээлийн эрхлэгч Д.Нямхүү нартай уулзжээ. Сургуулиас нь нэг анги гаргаж өгсөн байжээ. Туршилтын лаборатори болгож орхиж. Мэс заслын ор, эм тариа, багаж хэрэгслээр ч хангажээ. Хар ширэн чемодантай “Мэс заслын бичил цуглуулга” ч харагдсан ажээ.
Ойр зуурын хагалгаа хийхэд боломжийн гэсэн үг. Янз бүрийн диаметртэй цагаан целлиодон гуурс ч байжээ. Бүр эвхэмлээрээ гээч. Тэр нь, Д.Дорж тухайн үеийн ЗХУ/Орос/-ын Москва хотноо ДЭМБ-ын шугамаар сурч байхдаа эрхтэн шилжүүлэх лабораториос олж ирсэн судас залгахад хэрэглэдэг чухал зүйл байсан гэдэг. Мөн өвчин намдаах тарианууд, эфир, теопенталнатри зэрэг унтуулгын бодис ч байсан гэх. Хашааных нь буланд хар, шар хэдэн нохой байх. Тэр нь туршилт хийсэн бас хийхээр бэлдсэн нохой байж.
Туршилтыг нь сонирхоход, том, жижиг хоёр нохой сонгон гөлгийг цээж бөгсөөр нь салган, цээжин хэсгийг нь том нохойн хүзүүнд залгажээ. Хагалгааны дараа гөлөгний ам ангалзан, нүд нь сэргэж, зүрх нь цохилж байв. Түүнийг нь Зөвлөлтийн эртэмтэн В.П.Демихов хожим нь “толгой шилжүүлэн суулгах” хэмээн нэрлэжээ. Туршилтын үр дүн сонин. Өнөө нохой хоёр хоног амьдарсан юм. Гөлөгний залгасан толгой тавагтай шөл тавьж өгөхөд долоож байлаа. Доктор А.Өлзийхутаг ийн дурсчээ. Д.Дорж багш тэр талаар дурсах тийм ч сонирхолгүй бололтой. Түүнээс хэдхэн асуултад хариу авав.
-Яагаад нохойн толгой шилжүүлэн суулгах болов?
-Хойно сурснаа турших гээд. Эрүүлийг хамгаалах яаманд эхлээд хүсэлт тавьсан юм. Хүний эрхтэн шилжүүлэн суулгах туршилтын талаар л даа. Хариу ирүүлсэн бичиг нь энэ байна /үзүүлэв/. Хүний эрхтэн шилжүүлэн суулгах практик одоохондоо манайд байхгүй. Харин амьтан дээр туршиж болох юм. Тэгэхэд хүрвэл дэмжинэ гэсэн байлаа. Залуу ч, зоримог ч байж, тэгэхээр нь түүнийг хийчихгүй юу.
-Өөр хагалгаа хийв үү?
-Бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг хэд хэдэн нохойд хийсэн. Дээд тал нь хоёр хонож байлаа.
-Таныг суманд анх удаа хагалгаа хийсэн гэдэг юм билээ?
-Нэг удаа Жоншны үйлдвэрийн Болд гэдэг залуу их халуурч ирсэн. Үзтэл мухар олгойн хурц үрэвсэл байлаа. Хагалгаа яаралтай хийхээс арга байхгүй. Алийн болгон аймгийн төв явуулах вэ. Ингээд мэс заслын сувилагч Дандартай хамт авчихсан юм. Багаж хэрэгсэл, эм тариа хангалттай байлаа. Ийм л юм болсон.
-Тэгээд юу болов?
-Нэг нөхөр төв рүү матсан юм билээ. Аймгийн төвийн мэс заслын эмч, бэлэн тоноглогдсон мэс заслын тасаг, мэргэжлийн эмч байсаар байтал орон нутагт хагалгаа хийв” гэсэн юм байх.Тэр нь нэг талаар аз болоод, Сайншандын Анагаахын дундад мэс заслын багш болсон доо.
Удалгүй Улаанбаатарт ирж, Анагаах ухааны хүрээлэнд “Өвчлөлийг газар зүйн мужлалаар судлах” сэдвээр ажилласан. Улмаар Ачит нуурын сав газрын ундны усны фторын хэмжээг судлаад яс хатуурах, шүд цоохортох эмгэг түүний ихэссэнээс болдгийг тогтоов. Зөвхөн Ачит нуур гэлтгүй, Дорноговь, Дундговь, Сүхбаатар аймагт байдгийг ч илрүүлж, “БНМАУ дахь флюороз өвчний газар зүй” сэдвээр доктор хамгаалсан даа.
Тэрбээр ийм хэдхэн үг амнаасаа унагана билээ. Энэ хэд ч биш хэд хэдэн ном, түүний дотор уран зохиол, яруу найргийн ч бүтээл байна лээ. Тэр үед бичсэн “Донор” гэдэг өгүүллэг нь өнөөгийн “хуруун шилний” хүүхдүүдийг зөгнөсөн гэх нь ч бий. Ямартай ч санааг нь гаргаж, гаргуун зөгнөсөн хэрэг л дээ. Энэ бүхний төгсгөлд эргэцүүлэхэд, энэ хүний энгэрт өнөө гавьяатын тэмдэг одоо болтол байдаггүй юм бол гэсэн харуусал төрснийг нуух юун.
Энэхүү сонирхолтой сурвалжлагадаа хавсарган өнгөрсөн зуунд тэр үеийн ЗХУ-д нохойн биен дээр жижиг нохойны толгой залгасан мэс засал хийж тэр нь барууны ертөнцөд шуугиан дэгдээж байсан талаар баримтат материалыг уншигчдадаа орчуулан хүргэж байна.
- Зөвлөлтийн эрдэмтэд мэс заслаар хоёр толгойтой нохой хийж байжээ -

Хүн нүдэндээ ч итгэмгүй явдал дээр үед олон болж байсны нэг нь ЗХУ-ын эмч нар нэг нохойны хүзүүнд дахин өөр нохойны цээж залгасан мэс засал хийсэн явдал байлаа.
Аймшгийн кинонд л харж болох тэрхүү дүр зургийг тухайн үеийн ЗХУ-ын эмч Владимир Демиховоор ахлуулсан хэсэг эмч нар хийжээ.
Томхон биетэй нэг нохойны нуруу хэсгийг задалж дээр нь өөр нэг жижиг нохойны цээж хэсгийг залгасан нь тун амжилттай болсон юм. Энэ нь хүн төрөлхтний түүхэнд хамгийн анхны нэг биеэс нөгөө бие рүү шилжүүлэн суулгасан анхны мэс ажилбар байсан юм. Харин түүнээс хойш амьтдыг тамлаж иймэрхүү туршилт хийхийг дэлхий нийтээр хориглосон.
Нэг биед шилжүүлэн суулгасан хоёр нохой дөрөв хоног амьд байсан бөгөөд тэр хугацаанд хооллож, хуцаж, унтаж сэрж, сүүлээ шарвагануулдаг байсан гэдэг. Эмч Демихов энэ мэс заслыг удаа дараагийн оролдлогын эцэст амжилттай болсон хэмээжээ. Одоо тэрхүү туршилтын талаар цөөхөн хэдэн гэрэл зураг, тэмдэглэл, богино хэмжээний дүрс бичлэг л үлдсэн.
Мэс заслыг удирдсан эмч Владимир Демихов “Туршилтад орсон хоёр нохойны жижгийг нь Шавка гэдэг байсан. Шавка есөн настай эм нохой байсан юм. Тэр нохойны цээж хэсгийг тасалж том нохойд залгасан. Хүзүү хэсгээр нь тайрвал олон гол судаснууд таарах байсан учир цээжээр нь тайрах нь илүү тохиромжтой байсан. Түүнчлэн том нохойных нь нурууны тулгуур ясыг түшиглэсэн нь дээр байсан ажээ.
Мэс заслын дараагаар Шавка энгийн үеэсээ арай идэвх султай болж, хуцах нь багассан. Харин том нохойг нь Бродяга гэдэг байсан. Зүгээр л гудамжны нохой байсан. Том болоод ч тэр үү мэс заслын дараагаар бага зэрэг доголж байсныг эс тооцвол биеийн байдал нь харьцангуй сайн байсан” гэж ярьжээ.
Нохдын биеийг нийлүүлэхийн зэрэгцээ тэд нэг зүрх, уушиг, элгээр амьдарч байсан ажээ. Хоёр нохой мэс заслын дараагаар ч өөр өөрсдийнхөө нэрийг мэдэж, өмнөх байдлаараа аашилж байсан нь хамгийн том амжилт байсан юм. Мэс засал бүрэн хангагдаж,залгах ажиллагаа эхэлснээс 40 минутын дараа мэс засал дуусч амжилттай болов. Хэдийгээр туршилт байсан ч Демихов залгасан нохдыг үзэшгүй муухай харагдахаар хийх ёсгүй. Тэрээр нохдын гоо сайханд ч бас багагүй анхаарсан гэнэ.
Энэ төрлийн туршилт нь амьтныг тамлан зовоож буй хэрэг хэмээн үзэж амьтны эрхийг хамгаалах байгууллагаас дахин хийхийг бүр мөсөн хориглосон билээ.










СЭТГЭГДЭЛ БИЧИХ