Ж.Амарсанаа: Би бараг архи амсдаг ч үгүй


Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Эрүүл мэндийн салбарт хийгдэж буй ажлын талаар дурьдаач?
-Би яг одоо дөрвөн чиглэлээр анхаарч ажиллаж байна. Нэгдүгээрт, Яаралтай түргэн тусламжийг сайжруулах тал дээр анхаарлаа хандуулж байна. Би дэд сайд болсныхоо дараахан Яаралтай түргэн тусламжийн төвд очиж ажилласан. Тэгэхэд түргэн тусламж дуудлагын дагуу нэг цагаас цаг гучин минутын зайтай очиж үйлчилж байсан. Тиймээс 20-30 машин нэмж олгосон. Мөн Нийслэлээс замын түгжрэлийн асуудалд анхаарсан. Энэ бүхэн үр дүнгээ өгч байгаа эсэхийг мэдэхээр өнгөрсөн зун дахин Яаралтай түргэн тусламжийн төвд очиж ажилласан. Гэтэл дуудлага 30 минут хавьцаа болж богиноссон байна лээ. Одоо өвлөөс өмнө дахин очиж ажиллахаар төлөвлөөд байна. Ер нь миний зорилго дуудлага ирээд 5-8 минутын дотор очиж ажилладаг болгохоор зүтгэж байна.
- Өнөөгийн нөхцөлд тийм боломж байна уу?
-Ингэхийн тулд нийслэлийн хэмжээнд 30-40 салбар бий болгох шаардлагатай. Одоогийн байдлаар Яаралтай түргэн тусламж 103-ын гурван төв байгаа. Гурван төвөөс түргэний машин дуудлагад гарахаар түгжрэл гээд асуудлаас болж, 5-8 минутад очих боломжгүй. Харин 30-40 салбар нээгдэхээр ачаалал харьцангуй багасч, ойрхоноос очиж байгаа болохоор түгжрэл гэдэг зүйлээс холдож, дуудлага шуурхай болно. Энэ бол олон улсын стандарт. Энэ стандартын дагуу олон цэгийг байгуулъя гэж бодож байна. Энэ олон цэгүүдийг байгуулахын тулд юуны өмнө Яаралтай түргэн тусламж 103-ын төвүүдийг Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт барих ажлыг төлөвлөгөөндөө тусгасан байгаа. Жижиг цэгүүдийг байршуулахад заавал байр барилга барих шаардлагагүй. Дүүргийн эмнэлгийн нэг өрөөнд чюм уу байрлаж болно. Зөвхөн түргэн тусламжид зориулаад хоёр өрөөг бүрэн тохижуулаад бүх тоног төхөөрөмжөөр нь хангаж болно гэсэн бодол байна. Мөн хувийн эмнэлгүүдийг ашиглаж болох юм билээ. Түүнчлэн зуслангийн газруудад гурван төв байгуулмаар байна. Тэгвэл зуслан руу очих гэж цаг алдах шаардлагагүй болно. Зундаа бол хүн амын гуравны нэг нь зусланд амьдарч байна. Гэтэл хотын төвөөс зуслан руу дуудлагад явна гэдэг бол үнэхээр бэрх асуудал.
-Мэдээж энэ бүхнийг хийхэд төсөв их орох байх?
-Тийм. Хамгийн гол тулгарч буй асуудал бол хөрөнгө оруулалт. Гэхдээ бид төсөл хөтөлбөрүүд боловсруулж, гадаад дотоодын хөрөнгө оруулалт, буцалтгүй тусламж, мөн төсвийн хөрөнгө оруулалтыг нийлүүлж ойрын үед салбарыг олон байгуулах тал дээр анхааръя гэж бодож байна.
-Энэ ажил хэзээнээс эхлэх вэ?
-Ер нь бичиг баримтаа гаргаад эхэлчихсэн. Одоо зөвхөн хөрөнгө оруулалтын асуудлаа хөөцөлдөж байна. Эхний ээлжинд есөн дүүрэгт 24 цагийн үйлчилгээтэй нэг нэг цэг байгуулна.
-30-40 салбар байгуулахаар хүн хүчний нөөц яах вэ?
-Ер нь 80 орон тоо нэмнэ гэсэн бодолтой байгаа. Машиныг нийслэлийн хөрөнгө оруулалтаар мөн яамны жилийн төсвийн хөрөнгө оруулалтаар авъя гэж бодож байгаа. Одоогийн байдлаар 60-аад машин явж байна. 120 болгоно гэсэн бодолтой байна.
-Яаралтай түргэн тусламжийн эмч нар 3G технологийг ашиглаж байгаа гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?
-Тийм. Яаралтай түргэн тусламжийн эмч нар зөөж байгаа өвчтөнийхөө биеийн байдлыг гар утасны 3G технологийг ашиглаад мэдээллийг нь эмнэлэг рүү шууд илгээдэг болсон. Ингэснээр тухайн өвчтөнг ирэхэд эмч нар бүх мэдээллээ аваад үйлчилгээ үзүүлэхэд бэлэн болсон байна. Туршилтын журмаар хэрэглэж үзсэн. Болох юм билээ.
-Сүүлийн үед эмч нарын асуудал хурцаар хөндөгдөж байна?
-Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуультай нягт хамтарч ажиллах ёстой. Үүнд яамны зүгээс хамтарч ажиллах талаар нэлээн санаачлага гарган ажиллаж байна. Гурван сая хүн амтай улсад анагаахын нэг л том сургууль байхад хангалттай гэжүздэг. Гэтэл манай улс эмч бэлтгэдэг арваад сургуультай болчихлоо. Тиймээс тус сургуулиудад тооны араас хэтэрхий хөөцөлдөхөөсөө илүү чанартай боловсон хүчин бэлтгэн гаргаач ээ гэсэн асуудлыг тавьж байгаа. Бидний шаардлага хүсэлтийг хүлээн авч, чанартай боловсон хүчнээ бэлтгэх ёстой. Хэрвээ чанартай боловсон хүчин бэлдэхгүй бол лизенц олгохгүй гэсэн байр суурьтай байна. Лизенцийн шалгалтыг ер нь их хэцүү болгож байгаа. Тиймээс бидний шаардлагыг биелүүлэхгүй бол төгсөгч нар лизенцээ авч чадахгүй. Өмнө нь 1000 асуулттай шалгалт авдаг байсан бол 10000 асуулттай болгож байна. Мөн нэг шатны шалгалт байсан бол хоёр болгоно. Магадгүй гурав болгохыг ч үгүйсгэхгүй. Эмч болох маш амаргүй болно гэдгийг оюутнууд, сургууль, эцэг эхчүүд бүгд ойлгомоор байна.
-Таныг “Монгол” телевизийн нэвтрүүлгээр орохдоо согтуу байсан гэх шүүмжлэл их байна?
-Эфирт согтуу орох нь битгий хэл, би амьдрал дээрч бараг архи амсдаггүй. Тэр нэвтрүүлэг бол манай эрүүл мэндийн салбарыг буруугаар ойлгуулах тоо баримт гаргаж байсан. Эрүүл мэндийн салбарыг улам муудаж байгаа мэтээр ойлгуулахаар юм ярьсан.
Үнэндээ, бидний судалгаагаар эх нялхсын эндэгдэл буурсан байгаа. Сүүлийн арван жилийн статистик тооноос харж болно. Тодруулбал, 100 мянган хүн амд эхийн эндэгдэл 200байсан одоо бол буураад 40 болсон. Гэтэл тийм буруу зөрүү тоо ярьж, намайг бухимдуулсан. Үүнийг хүмүүс согтуу байна гэж гүтгэсэн. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй. Би бараг архи ч амсдаггүй хүн.
Б.Чимэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ