2x2,5 хэмжээтэй өрөөнд зургуулаа шүү

Нийслэлд нийтийн байрны асуудал тулгамдсан асуудал болоод байгаа. Түрээслэгчдийнхээ тав тухтай орчинг хангаж чадахгүй байгаагаас гадна Галын аюулгүй байдал, Гамшгаас хамгаалах тухай хуулийн хүрээнд ажиллаж байгаа нийтийн байр тун цөөхөн байгаа юм. Тиймээс нийтийн байрны талаар хийсэн сурвалжлагаа танд хүргэж байна.

Нийтийн байранд ямар хүмүүс амьдардаг вэ гэхээр ихэвчлэн хөдөө орон нутгаас ирсэн оюутнууд. Тэд хэд хэдээрээ нийлэн өрөө түрээсэлж амьдардаг юм байна.

Сургуулийнх нь дотуур байранд дандаа нэг, хоёрдугаар курсынхныг эхлээд авдаг болохоор дээд курсынханд бараг хүртэхгүй. Тэгээд л нийтийн байр хайхаас өөр аргаүйд хүрдэг гэх.

Ийм хэрэгцээ шаардлага байгаа болохоор нийтийн байрны биз­нес ч цэцэг­лэж, энэ төрлийн бизнес эрхлэх сонирхолтой хүмүүсийн тоо ч нэмэгдэж. Дарь-Эх, Дэнжийн-1000, Зурагт, Долоон буу­дал гэсэн хо­тын захын хороол­луудад нийтийн байр төвлөрч байна.

Зурагтын шинэ эцэст байрлах нэгэн нийтийн байраар ороод гарлаа. Бүх өрөө 4*4 хэмжээтэй. Газраар хоёр хүн унтчихаар дэвсгэр засчихсан, зарим нь нэг ор тавьчихаж. Тэгээд жижиг зурагт, халуун тогоо, гар нүүр угаах хувин, ганц, хоёр цүнхтэй хувцас, усны савхан харагдах юм. Ер нь хаа газрын нийтийн байрны амьдрал нэг иймэрхүү. Үүнээс илүү дутуу эд хогшил хэрэглэмээр байсан ч багтахгүй болохоор яалтай билээ.

Оюутнуудаас гадна амьдралд дөнгөж хөл тавьж байгаа шинэхэн хосууд нийтийн байранд олноор амьдагдаг юм билээ. Тэд орон сууц худалдаад авъя гэхээр чадал чансаа нь хүрэхгүй, түрээсэлье ч гэсэн цалин мөнгө нь хүрэлцэхгүй, аргагүйн эрхэнд хямд төсөрөөр нь нийтийн байрыг сонгодог гэх юм билээ.

Нийтийн байр­нуу­дын түрээ­сийн үнэ сардаа 100-180 мянган төгрөг юм байна. Гэхдээ энэ жил ихэнх газрууд түрүүсийн­хээ үнийг 20-30 хувиар нэм­жээ. Энэ нь цахилгааны үнэ­тэй холбоотой гэнэ. Тэгэхээр өвөлдөө нийтийн байрууд 200 мянга хүрэх төлөвтэй байна. Өмнө нь 100-120 мян­ган төгрөгийн үнэтэй байжээ.

Зөвхөн саарыг ярихаас гадна сайн нийтийн байрууд ч байна. Түрээслэгчийнхээ ая тухтай байдлыг хангасан өрөө болгондоо хэрэг­лээ­ний ус, бие засах газартай нийтийн байрууд ч бий болжээ. Гэхдээ арай үнэтэй. Сарын 250 мянган төгрөг бөгөөд түрээсийн мөнгөө 10 сараар гэрээ байгуулж авна гэсэн шаардлагатай юм билээ.

Нийслэлийн онцгой байдлын газрын урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Сэдэдсүрэн:

-Нийслэлийн онцгой байдлын газраас нийтийн байруудад шалгалт хийсэн гэж сонслоо?

-2013 онд Онцгой байдлын ерөнхий газрын дарга баталсан төвийн дүүргүүдийн гэр хороололд байрлах иргэдийн түрээсэлдэг болон улсын хэмжээний нийтийн байруудад өнгөрсөн сарын 15-наас эхлэн шалгалт явуулж дууслаа.

-Ямар зөрчил дутагдал, сайшаах зүйл гарав?

-Шалгалтын явцад нийтлэг зөрчлүүд арилахгүй байсаар байна. Цахилгаан холболтын дүрэм журам зөрчсөн, үнс хогоо ил задгай асгасан, тухайн хянагдсан барилга байгууламжийг мэргэжлийн байгууллагаас гаргасан зураг төсөлгүйгээр өөрсдийн дураар засч, өрөө тасалгаа нэмсэн гэх мэтчилэн зөрчил нэлээдгүй давтагдлаа.

-Зөрчлийн ариглуулах арга хэмжээ авсан биз дээ?

-Энэ зөрчлүүдийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдэл, танилцуулгыг тухайн нийтийн байрны эздэд хүргүүлсэн. Зарим дүүргүүдэд гал түймэр гарах бололцоо 100 хувь бүрдсэн газар байсныг үйл ажиллагааг түр зогсоож, зөрчлийн арилгуулах арга хэмжээ авсан.

Тухайлбал БГД, Гандангийн орчимд хашаандаа хоёр давхар барилга бариад тэрнийгээ найман хүнд түрээслэх маягаар үйл ажиллагаа явуулж байсан нэг обьект байгаа. Энэ газар цахилгаан ашиглалтын дүрэм норм зөрчсөн, барилга хоорондын зайн хэмжээ бага, гал түймэр гарч болзошгүй нөхцөл бололцоо бүрдсэн, тусгай албаны автомашин хүрэлцэн очих боломж туйлын муу мухар гудамжтай газар байрладаг гэх мэт галын аюулгүй байдлын тухай хууль болон Гамшгийг зохион байгуулах тухай хуулинд заагдсан зүйлсийн биелүүлээгүй зөрчил гаргасан. Тиймээс тухайн байрыг долоон хоногийн хугацаатай үйл ажиллагааг нь зогсоогоод зөрчлийг нь арилгуулж буцаагаад үйл ажиллагааг нь эхлүүлсэн.

-Нийтийн байр шатсан гэх дуудлага сүүлийн үед онцгой байдлын газар ихээр ирэх болсон гэсэн?

-Сүүлийн үед хэд хэдэн нийтийн байр шатсан дуудлага ирсэн. Харин биднийг шалгалт хийснээс хойш буюу өнгөрсөн сарын 15-наас хойш өнөөдөр хүртэл нийтийн байрны гал түймрийн нэг л дуудлага ирсэн. Тодруулбал есдүгээр сарын 25-ны өдөр БЗД-ийн 17-р хороо, худалдааны ажилчдын нийтийн байранд иргэн Дорж гэж хүний эзэшдэг нийтийн байрны дээвэр, эд хогшил шатсан. Энэ галыг БЗД-ийн аврах гал унтраах 63-р анги шуурхай ажиллаж унтраасан.

-Ноднингийн мөн үетэй харьцуулсан тоон баримт байна уу?

-Нийтийн байранд гарч байгаа гал түймрийн дуудлага ноднингийн мөн үетэй харьцуулахад бага зэрэг буурсан үзүүлэлттэй байна.

-Нийслэлд барагцаагаар хичнээн нийтийн байр байгаа бол?

-БГД-т л гэхэд 57 орчим нийтийн байр байгаа. Харин заримд нь 5-6, 10 гаран гэх мэт янз бүр. Нийлүүлээд тоолбол барагцаагаар 100-аад нийтийн байр бүртгэгдсэн байдаг. Гэвч бүртгэлгүйгээр өөрсдийн хувь эзэмшлийн га талбай дээрээ орон сууц бариад иргэдэд түрээслүүлдэг нийтийн байрууд байгааг үгүйсгэх аргагүй.

-Нийтийн байрны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл хаанаас авдаг вэ?

-Нийтийн байрны үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, бас манай байгууллагад зураг төсөл нь хянагдаад, галын аюулгүй байдал, гамшгаас хамгаалах тухай хуулийн бүх зүйл заалтууд биелэгдэж, норм дүрэм, стандарт хангагдсаны дараа ажлын байрны эрх олгодог.

-Хүн амьдрах нөхцөл бололцоо нь хэр байдаг вэ?

-Байгууллагуудын харьяалалтай нийтийн байрнууд хүн амьдрах нөхцөл болоцоогоор их муу. Маш жижигхэн өрөөнд 3-4-үүлээ амьдрах тохиолдол байна. Хамгийн ойрхон байгаа нь ЧД-ийн 11-р хороо Телевизэд байдаг байранд би шалгалтаар очиж үзэхэд 2x2,5-ын харьцаатай өрөөнд зургаан оюутан оруулчихсан. Цахилгааны масс ихтэй гэх мэт асуудал ихтэй байдаг.

-Халаалт дулааны хувьд нийтийн байрнууд яаж шийдсэн байдаг вэ?

-Хувийн эзэмшлийнх бол нам даралтын зуух хэрэглэнэ. Бусад нь гаднаа уурын зуухын халаалттай. Ер нь янз янз даа. Зарим нь цахилгаан халаагуур ч ашиглаж байна. Зарим нь тосон тень тавьчихсан байх жишээтэй.

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд нийтийн байр түрээслүүлдэг 27-н иргэн байна. Тэдний байранд 273 айл,566 хүн амьдарч байна.

Нийтийн байрны зориулалтаар барьсан барилгууд нь 1-4 хүртэл давхараар төлөвлөгдөн, цутгамал суурьтай, блокон ханатай, хөөсөнцөр дулаалгатай, 12-ын тоосгон ханатай, тааз, шал, дээврийн хучилтыг модон материалаар хийсэн, гал тэсвэршилтийн 3-4 дүгээр зэргийн барилгууд байна. Ихэнхи барилгууд нь хана, таазандаа хөөсөнцөр хавтангаар дулаалга хийсэн ба цахилгааны монтажийг мэргэжлийн бус хүнээр тавиулсан.

Нийтийн байрууд нь гал унтраах анхан шатны багаж хэрэгсэлгүй 23, галын утаа дулаан мэдрэгч огт суурилагдаагүй 23, аваарын гарц төлөвлөгдөөгүй 23, галын аюулаас урьдчилан сэргийлэх самбар, аврах зам гарцын бүдүүвч зураг хийж байрлуулаагүй 23, цахилгааны аюулгүй байдал бүрэн хангагдаагүй 8 байр байна.

Байрны дулааны хувьд цахилгаанаар халдаг 4, ердийн галлагаатай 2, нам даралтаар халдаг 17-н байр байна.

Б.Цовоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ