О.Магнай: Намайг М.Энхсайхан, Р.Амаржаргал нартай хэзээ ч битгий харьцуулаарай

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнайг “Ярилцах танхим”-даа урилаа.

-Хамгийн сүүлийн мэдээлэл гэвэл “НИК” компанид 4.9 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсныг шүүх хэвээр баталлаа. Тэр тусмаа “НИК” компани гурван шатны шүүхээр хэргээ шалгуулсан. Харин шүүхээс ямар шийдвэр гарсан тухайд хоёр янзаар мэдээлээд байна. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард зарим компани шатахуун байсан боловч “байхгүй, нөөц багассан” гэдэг үндэслэлээр үгсэн хуйвалдаж шатахууны үнийг нэмсэн.

Тиймээс “Сод Монгол” компанийг 10 сая төгрөг, “НИК” компанийг 4.9 тэрбум төгрөгөөр торгосон. “Сод Монгол” компанийнхан сайн дураараа торгуулиа төлсөн. “НИК” компани гурван шатны шүүхээр хэлэлцүүлж өнгөрсөн даваа гарагт 4.9 тэрбум төгрөгийн торгуулийг төлөх ёстой гэсэн эцсийн шийдвэр гаргалаа.

Үүний дараа мэдээллийн зарим вэб сайтад өөрөөр мэдээлсэн. Энэ нь эрх зүйн мэдлэг, мэдээллийн бодит байдалтай холбоотой байх гэж бодож байна. Үүнд тухайн үед дизель түлш болон АИ-92 автобензин гэсэн хоёр төрлийн шатахуун дээр зохиомол хомсдол үүсгэсэн. Тэгэхээр энэ хоёртөрлийн шатахууны тухайд торгуулиа тавих нь зүйтэй. Харин А-80 бензины орлогын тухайд торгуулиас хасаж тооцоорой гэдэг шийдвэр гарсан.

Энэ талаар өчигдөр “НИК” компанийн удирдлагыг дуудаж ярилцах байсан боловч гадаадад албан томилолтоор явсан бололтой. Уг торгуулийн хэмжээ тийм ч бага мөнгө биш боловч Монголын эдийн засгийн түүхэнд, лав сүүлийн 20 жилийн дотор зохиомол хомсдол үүсгэснийхээ төлөө ийм арга хэмжээ авч байсан тохиолдол байгаагүй учраас жишиг болсон гэж бодож байна.

-Танай байгууллага шалгаж үгсэн хуйвалдсан болохоор торгуулийн орлогын тодорхой хувь нь танайд ногдох уу?

-Манай байгууллага өөрөө төрийг төлөөлж буй. Гэхдээ торгуулийн орлого очих ёстой газартаа л бүрэн очно.

-Одоогоос арваад жилийн өмнө яг ийм шалтгаанаар танайхтай ижил төстэй байгууллага ОХУ-ын зарим аж ахуйн нэгжүүдэд “үгсэн хуйвалдсан” гэсэн шалтгаанаар торгууль ногдуулж байсан. Энэ удаад танай байгууллага “Үгсэн хуйвалдсан” эсэхийг нь яаж шалгаж тогтоосон бэ. Үүний дараа олон нийтээс болон тухайн компаниас ямар “эмоци” мэдрэгдэж байна вэ?
-Тийм ээ. Бидний хувьд ямартай ч гол зорилго маань аж ахуйн нэгжүүдийг бизнест шударга оролцдог болгох нь чухал. Түүнээс биш биднийг сайн, муугаар хэлэх нь хамаагүй. Үр дүн нь сайн байлаа. Үүнд бид баяртай байгаа. Цаашид ч сургамж болох байх гэж бодож байна.

-Ойрын үед ямар ажлыг хийхээр төлөвлөж байна. Одоо олон нийт “О.Магнай болон ШӨХТГ дараагийн удаад юуг онилох бол” гэж хүлээдэг болж байх шиг?
-Бид тодорхой төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа. Өнөөдөр МҮХАҮТ-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулна. Энэ гэрээний талаар бараг нэг сар гаруйн хуга-цаанд ярилцлаа. Гол агуулга нь өрсөлдөөний зарчмыг тодорхой болгох, өрсөлдөөнд оролцохыг хүссэн хэн бүхэнд ямар нэг саад тотгоргүйгээр боломж нь нээлттэй байхад орших юм. Ингээд аж ахуйн нэгжүүд, бизнесийн орчныхонтой хамгийн ойр байж хамтарч ажилладгийн хувьд МҮХАҮТ-тай хамтран ажиллахаар болж байна. Гэ-рээнд заасан бүтэн нэг жилийн хугацаанд бизнесийн салбар бүрийн төлөөлөлтэй уулзаж, ямар хүндрэл бэрхшээл учирч байгаа талаар ярилцана.

-ШӨХТГ-т өрсөлдөөний чадварын чиглэлээр дагнаж мэргэшсэн хэчнээн ажилтан байдаг вэ. Яагаад гэвэл танай байгууллагыг үүсэн байгуулахаас өмнө үгсэн хуйвалдсан эсэхийг тогтоох нь хууль цагдаагийнхан тогтоодог байлаа. Өрсөлдөөн гэдэг талаасаа бизнесийн онолоор нь шалган тогтоодог хүч хэр бэлтгэгдсэн бэ?
-ШӨХТГ байгуулагдаад тодорхой хугацаа өнгөрсөн ч яг цэвэр өрсөлдөөний чиглэлээр дагнан мэргэшсэн хүн харьцангуй цөөн байдгийг нуугаад яах вэ. Би энд ирээд нэг жил болох хугацаандаа ямар ч байсан байгууллагынхаа ажилтан бүхнийг гадаадад сургалтад хамрууллаа. Магадгүй нэг, хоёр жилийн дараа энэ тоо өсөх байх гэж бодож байна. Шинээр батлагдах гэж буй Эрүүгийн хуулийн төсөлд “үгсэн хуйвалдах” нь гэмт хэрэг болж холбогдох зүйл заалттайгаар тусгагдаж байгаа. Энэ талаар Эрүүгийн цагдаагийн газрынхантай хамтран ажлын хэсэг байгуулаад ажиллаж, байна. Үүнд мөрдөн шалгах ажиллагааны эрх нь цагдаагийнханд байдаг. Харин бид тухайн кэйсийг гаргаж ирэх юм. Энэ ажлын хэсэг удахгүй юу хийсэн тухайгаа мэдээлнэ.

-Та энд даргаар томилогдож ирснийхээ дараа есөн хүнийг ажлаас халсан. Үүний дараа багагүй шүүмжлэлд өртсөн санагдаж байна. Заримыг нь буцааж ажилд авсан гэх юм. Энэ үнэн үү?

-Манай байгууллага 42 ажилтантай. Үүнээс 30 орчим нь байцаагч. Тэр есөн хүний тухайд би ажилд аваад хагас жил сайн ажиллавал эргүүлэн авахаар хугацаа өгсөн. Мэдээж ажлаа хийж чаддаг хүмүүстэй хамтарч ажиллахыг хүсч байна. Харин чадахгүй бол төрийн байгууллагын хувьд тааруухан ажилтнуудыг тэжээх со-нирхолгүй гэдгээ хэлсэн. Гэвч ямар нэг санаачилга гаргаагүй. Тиймээс ажил хийж чадахгүй, хийх сэтгэлгүй хүмүүсийг явуулсан гэж боддог.

-Төрийн албаны зөвлөл буцааж ажилд нь авахыг танаас шаардсан юм биш үү?

-Тэгсэн. Би ч хариуд нь “Намайг ажлаа өгсний дараа буцааж аваарай” гэсэн хариу өгсөн. Яагаад гэвэл би өөрийнхөө баримталдаг зарчмын эсрэг шийдвэр гаргаж чадахгүй.

-Улстөрчийн хувьд та өнөөдөр хэн бэ. Шинэчлэлийн Засгийн газар буюу Н.Алтанхуяг даргын бодлогыг хүлээн зөвшөөрөх ёстой. Нөгөө талаас танай агентлагийгШадар сайд Д.Тэрбишдагва хариуцдаг. Тэгэхээр О.Магнай дээрх хоёр хүний алтан дунджийг, дээр нь өөрийнхөөрөө байх хүсэл зоригийг нийцүүлнэ гэдэг амаргүй байх?
-Тийм ээ. Гол нь Д.Тэрбишдагва сайдтай сайн ойлголцож ажиллах учиртай. Бид 2008 онд УИХ-ын сонгуульд нэг тойрогт өрсөлдөж байлаа. Гэвч өнөөдөр нэг зорилгын төлөө хамтран ажиллаж чаддаж байна гэж боддог. Н.Алтанхуяг даргын тухайд бид нэг танхимынхан, бас нэг намынхан. Ойлголцохгүй зүйл алга.

-Өнөөдөр иргэд бас төрөөс тогтоосон журам, стандартыг мөрдөхөд тантай хамтрах асар сонирхолтой байгаа нь анзаарагдаж байна. Маш их санал, гомдол, өргөдөл танай газарт ирдэг юм билээ. Наад зах нь оройн 22 цагаас өмнө согтууруулах ундааг телевизийн аль нэг сувгаар гармагц танд “ховлох” жишээтэй. Тэгэхээр танай байгууллага иргэдийн оролцоог хамгийн их татдаг байгууллага байх. Гэхдээ цаг үргэлж “хов” сонсож, тэр гэм зэмийг арилгахаа амлаж явах хэцүү байдаг уу?

-Би ч гэсэн таныг мэднэ. Та идэвхтэй жиргээч. Намайг хэдхэн минутад твиттер хуудаснаа ороод гарахын хооронд юу сонсож, хэрхэн загнуулдгийг мэдэх байх. Энэ бол амьд холбооны зөвхөн нэг жишээ. Би магтуулж ч, загнуулж ч байдаг. Ийм л байх ёстой гэж боддог.

-Улстөрчийн тань хувьд таныг Н.Энхбаяр, М.Энхсайхан, Р.Амаржаргал нарын “хуучин” улстөрчидтэй харьцуулж боломгүй. Яагаад гэвэл шинэ үеийн улс төр, шинэ улстөрч өөр байх учиртай. Гэтэл танд оноосон төрийн алба нь олон жил ноёрхсон олигархиудтай “дайн зарлах”-аас эхлэх учиртай байж.Тиймээс ч архи, тамхи, согтууруулах ундаа, чанаргүй бараа бүтээгдэхүүн худалдаж хөлжсөн олигархиудтай үзэлцэх болох нь. Энэ нь таны улс төрийн цаашдын карьерт их л сонин адал явдлыг авчрах нь дээ?

-Та намайг М.Энхсайхан, Р.Амаржаргал нартай харьцуулах аргагүй гэлээ. Хэзээ ч битгий харьцуулаарай. Бид өөр хүмүүс. Миний хувь хүний байр суурь бусдынхаас нэлээд өөр. Хэн ч намайг “элэг барьж” харилцдаггүй. Тэгж чадахгүйгээ ч мэддэг.

-Наад хариултыг чинь мушгиж ойлговол намайг найрч чадахгүй гэсэн мэт сонсогдож байна. Монголчууд нэгнийхээ улаан нүүрийг хараад өөр хариулт хэлдэг, “Харж үзээч гэж гуйхад үгүй гэхгүй” гэсэн ойлголттой байдаг. Таныг найрсан, бүр болохгүй бол дарамталсан тохиолдол гарч байв уу?

-Намайг ерөөсөө найрдаггүй. Надаас юу ч гуйдаггүй шүү дээ. Миний найзууд ч тэгж хэлэхийг минь мэддэг учраас ийм төрлийн яриа үүсгэдэггүй. Тэд надтай юун дээр найзлахаа мэддэг. Ер нь төрийн ажилд тийм хандлага байх ёсгүй.

-Жишээ нь 100 хувьдаа хүрэхгүй хагас найрлагатай жүүсийг жимсний 100 хувийн цэвэр жүүс гэж зараад байсан. Гэтэл хэсэг хугацааны дараа та энэ төрлийн бизнес эрхлэгчидтэй уулзлаа, их хэмжээний бараа татан авсныг ойлгоод агуулахын бараагаа зарж дуусахаар нь хэрэгжүүлж эхэлье гэдэг шийдвэр гаргасан. Тэр үед бол бизнесийнхнийг ойлгож боломж олгосон гэхээсээ илүү “найраа орчихлоо” гэж хардсан шүү?

-Жүүсний хувьд яах аргагүй гурван сарын хугацаа олгохоос өөр арга байгаагүй. Тухайн компаниуд их хэмжээний зээлийн өр, тэр тусмаа ам.долларын өртэй хоцрохоор байсан тул ийм боломж олгосон. Түүнээс биш найраа гэж ойлгож болохгүй. Саяхан би зарим улсын төр юунаас болж сөнөсөн тухай ном уншлаа. Ерөөсөө хууль хэрэгжээгүйгээс л болж төр сөнөсөн байдаг. Хууль хэнээс эхэлж хэрэгжихгүй болдог вэ гэхээр мөнгө, эрх мэдэлтэй хүмүүсээс эхэлж хууль хэрэгжихээ больдог. Тэр нь дунд, доод шатандаа халдварладаг. Эцэст нь төр сөнөдөг байна.

Тэгэхээр бид хүчтэй төртэй байя гэвэл нэгэнт батлагдсан хууль дүрмээ мөрдүүлдэг болох хэрэгтэй. Бид саяхнаас стандартын байгууллагатай хамтран батлагдсан боловч хэрэгжүүлэхэд дэндүү хол 20 гаруй баримт бичгийг өөрчлөхөөр ажлын хэсэг гаргасан. Жишээ нь, эмийн сангийн байршлын стандарт л гэхэд 500 метрийн радиуст нэг л эмийн сан байх ёстой. Гэтэл зарим газарт энэ зайд хэд хэдэн эмийн сан байдгийг бид мэднэ. Хэнийхийг нь эхэлж хаах вэ гэхээр асуудал үүсэх жишээтэй. Гэтэл уг зөвшөөрлийг олгодог байгууллага нь дургүй хү-мүүстээ мөрддөг стандартаа үзүүлээд, дуртай хүмүүстээ шууд олгож ашигтай ажилласан байх жишээтэй. Зөвхөн нэг жишээ нь энэ.

-Уучлаарай, би “НИК”-ийнхэн тантай юу ч яриагүй гэхэд итгэж өгөхгүй байна л даа?
-Яг үнэн. Амлая. Тэдний талаар надтай хэн ч, юу ч яриагүй.

-Ингэхэд та өөрөө хувьдаа бизнестэй юу. Жишээ нь Д.Тэрбишдагва даргын “ТБД андууд” дэлгүүрийг, Н.Алтанхуягийн “Хаан жимс” амралтыг бүгд мэднэ. Гэтэл тэд хуулиа, бүх стандартаа мөрддөг эсэхийг та хянаж чадна гэж үү?
-Дээрх хүмүүсийн хувьд одоогоор ямар нэг гомдол шүүмж ирээгүй байна. Шаардлагатай бол үүргийнхээ дагуу ажиллана. Надад, миний нэр дээр бизнесийн байгууллага нэг ч байхгүй.

-Таны бизнес далд, бусдын нэр дээр байдаг гэсэн үг үү. Эсвэл бизнесгүй хүн бизнестэй хүний зовлонг ойлгохгүй учраас энэ албан тушаалд томилчихов уу. Шударга байх гэдэг бол бодит бус ойлголт шүү дээ. Үнэнээ л ярьцгаая?
-Яг үнэн. Надад алга ташуулах нь гол биш. Нууцлах зүйл ч надад алга. Би ямар бизнестэй вэ гэдгээ хөрөнгө орлогын мэдүүлэг дээрээ бичсэн. Сүртэй бизнес хийгээд байгаа юм байна гэхгүй дээ.

-Та саяхан таксины стандартын талаар нэгэн шийдвэр гаргаад төд удалгүй уучлал гуйчихсан. Ж.Батзандан гишүүнийг бас Ерөнхий сайдаас уучлал гуйсан, гуйгаагүй л гээд байна. Та хоёроос уучлалын жишиг эхэлсэнд баяртай байгаа. Японы Ерөнхий сайд ард түмнээсээ уучлал гуйхад тэдний өмнөөс баярладаг бидний хувьд сонирхолтой байсан шүү. Ингэхэд та өөрийн итгэл үнэмшлээрээ уучлал гуйв уу. Эсвэл шүүмжлэлд өртөхөөсөө өмнө ийм алхам хийхийг хэн нэгэн зөвлөсөн үү?

-Алдаа гарсан гэж бодсон тохиолдолд уучлал гуйж чаддаг л байх ёстой. Уучлал гуйна гэдэг эр зориг шүү дээ. Хулчгаруудын хийдэг ажил лав биш. Зөвлөхүүд минь ч хэлсэн. Гэхдээ дэлхий дээрх хамгийн том аз жаргал бол өөрийнхөөрөө байх явдал шүү дээ. Таксины стандартын хувьд бүрэн дүүрэн том алдаа гэхээсээ илүү цаг үеэсээ арай илүү яаран шийдвэр гаргасан явдал гэж олон нийт үзэж байгааг мэдэрсэн. Ер нь “Ард түмэн миний талд байгаа” гэж цээжээ дэлдэхээс илүү “Би ард түмний талд байх” нь чухал.

-“Эрүүл нийгэм, иргэний хөдөлгөөн”-ий тухай, тэр үеэ хааяа ч гэсэн дурсдаг уу. Өндөг, лооль шидэж байсан Төрийн ордонд Ж.Батзандан гишүүн сууж байна. Та ч гэсэн намд элсэхгүй гэсэн хэрнээ эрх баригчдын нэг нь болоод явж байна. Хуучин МАХН-ын цагаан байр руу дайраад дуслын тариа залгуулаад, дараа нь долоодугаар сарын 1-ний үймээний үеэр бие чинь муудаад БНН-ын дарга Б.Жаргалсайханаар “дооглуулж” байсан тухайгаа бодоход ичгэвтэр санагдах үе байдаг уу?
-Ийм л замыг туулах байсан юм байлгүй. Хүн бүрт олдоод байхааргүй адал явдлыг тууллаа. Ичгэвтэр үе бараг хүн бүрт л тохиолддог шүү дээ. Тэглээ гээд олон нийт мэдэх тэр үнэнийг хааш нь нуух юм бэ.

-Өнөөдөр тэр хөдөлгөөнийхөн хаачив. Мэдээж Ж.Батзандан та хоёроос бусад нь. Хэрэв маргааш тэд таныг ч юм уу эсэргүүцээд хандвал яаж хандах бол?

-Иргэний хөдөлгөөнийхөн байгаа шүү дээ. Тэмцэх шаардлага л гарч ирээгүй хэрэг. Зовлонг нь үзсэн хүний хувьд зорилго нь л зөв бол иргэний нийгмийн байгууллагынхны тэмцлийг ойлгоно, дэмжинэ.

-Та өнөөдөр өөртөө олон “дайсан” бэлтгэж байна. Маргааш яах вэ. Улс төрийн цаашдын карьераа хэрхэн төсөөлдөг вэ?
-Түүнийг ард түмэн л мэднэ дээ. Таашгүй шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

У.Оргилмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ