Сноудений аав Орост ирлээ

АНУ-ын тагнуулын агентлагт ажиллаж байсан Эдвард Сноудений аав Лон Сноуден хүүтэйгээ уулзахаар ОХУ-д өнөөдөр ирлээ. Сноуден тус улсад улс төрийн орогнол хүсч албан ёсоор суурьшаад хоёр сар гаруйн хугацаа өнгөрч байна. Ингэснээр АНУ-д баривчлагдахаас сэргийлж чадаж байгаа юм.

Лон Сноуден өнөө өглөө Москвад ирсэн ч одоогийн байдлаар хүүтэйгээ биечлэн уулзаж амжаагүй байна. Зөвхөн хүүгийнхээ өмгөөлөгчтэй уулзсан байна. Тэрээр Оросуудад хандан "Хүүг минь аюулгүй, хамгаалалтад байлгаж байгаад ихэд талархаж байна" гэв.

Эдвард Сноуден өнгөрөгч наймдугаар сараас ОХУ-ын талаас түр орогнох болсон. Тэрээр Орос байхдаа ч гэсэн АНУ-ын тагнуулын албаны нууц материалуудын тухай шуугиант мэдээлэл цацсаар байсан.

АНУ-ын албаныхан Эдвард Сноуденийг Засгийн газрын өмчийг хулгайлсан, улсын болон тагнуулын нууц материалыг задруулсан зэрэг олон хэрэгт буруутгаж түүнд 10 жилийн ял төлөвлөөд байгаа. Гагцхүү түүнийг хуулийн дагуу эх оронд нь аваачиж л энэхүү хүнд ял зэмийг үүрүүлэх ёстой.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ