Аглууг дуурайж ард түмэн хөлөө хөлдөөх вий дээ

Манай улсад замбараагүй автомашинжилт явагдаж байна. 1980 онд Монгол Улс 32000 тээврийн хэрэгсэлтэй байжээ. Гэтэл зөвхөн энэ онд 32000 тээврийн хэрэгсэл шинээр бүртгэгдсэн байна. 80-аад оны манай улсад явж байсан бүх машин нэг жилд манайд орж ирж байна гэхээр зам түгжирч байдаг нь аргагүй.

Замын түгжрэл бууруулах ажилд хувь нэмэр оруулах байгууллага олон байж гэмээ нь түгжрэл буурна. Ядаж оруулж ирж байгаа машиныхаа тоог багасгаж, насжилтаар нь юм уу, гаалийн хяналтаар нь хязгаарлах уу гэх мэт өндөр шаардлага тавих хэрэгтэй байна. Хэдийгээр өчнөөн олон сая төгрөг зарцуулаад зам өргөн болж байгаа ч тэр олон мянган машиныг хаашаа шингээх вэ, зам дээр зорчиж, түгжрэл үүсгэхээс өөр аргагүй байдалд хүрч байна.

Монголчуудын хэрэглээ өндөр, худалдан авах чадвар сайн байна. Энэ нь сайн хэрэг. Гэтэл машин авах сонирхолтой, чадвартай хүн их байна гээд л хэдэн мянгаар нь машин оруулж ирж байгаа нь хэр зөв бодлого вэ.

Улаанбаатар хот нийт 600 орчим км хатуу хучилттай замтай. Гэтэл 200 мянга гаруй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд идэвхтэй оролцож байгаа гэхээр гурван зорчих хэсэгтэй зам дээр эгнүүлэн байрлуулвал бүх зорчих хэсэг дүүрэхээр тоо. Ийм л байна. Тэгэхээр энэ зөвхөн замын цагдаагийн ажил биш нь илт.

Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Ж.Энхбат: Нэгдүгээр эгнээг зохицуулах ажил үр дүнгээ өгч байна

-Замын цагдаагийн газраас замын хөдөлгөөнд нэгдүгээр эгнээгээр зорчсон машиныг торгох арга хэмжээ авч байгаа. Жолооч нар энэ дүрэм журамд хэр захирагдаж байна?

-Замын цагдаагийн газраас Нийслэлийн засаг даргын гаргасан захирамжийн дагуу зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийн автобус, тусгай албаны автомашин, шаардлага ханггасан такси зорчуулахаар болсон. Үүнийг хэвшүүлэхийн тулд Замын цагдаагийн газраас маш сайн ажиллажбайна.

-Замын цагдаа нар олон тоогоор харагдах болсон. Хэчнээн албан хаагч ажиллаж байгаа вэ?

-Манай хөдөлгөөн зохицуулах хэлтсийн 100 албан хаагч хоёр ээлжээр ажиллаж байна. Нийслэлийн тээврийн газрын 40 ажилтан, 20 улсын байцаагч, манай цагдаагийн өөр албаны 20 ажилтан нийлээд 170-180 хүн ажиллаж байна.

-Зөрчил гаргагчдын тоо буурч байна уу?

-Энэ журам гарахаас өмнө нэгдүгээр эгнээ маш хэцүү байдаг байсныг та бүхэн мэднэ. Одоо Энхтайваны өргөн чөлөөний зорчих хэсгийн тодорхой зайнд чөлөөтэй байдаг болсон. Нийтийн тээврийн автобус, такси чөлөөтэй зорчиж байна. Түгжрэлгүйгээр. Нотлох баримттай, камерт бичигдээд үлдэж байгаа болохоор хаягаар нь торгуулийн хуудас илгээх арга хэмжээ явуулсаар байна. Өдрөөс өдөрт зөрчил багасч байна.

Манай удирдлагын төвийн хяналтын камерт өмнө нь өдөрт 1000 гаран зөрчил илэрдэг байсан бол одоо 300, зарим үед 200 зөрчил гарч байна. Тэгэхээр хийж байгаа ажил үр дүнд хүрч байна гэж үзэж байна.

-Шууд зөрчилгүй болчихно гэж байхгүй байх л даа?

-Шууд нэг ч зөрчилгүй болчихно гэж байхгүй. Нэгдүгээр эгнээ рүү орсон жолооч нар амьдралд хэцүү зүйл тохиолдлоо гэх мэт янз бүрийн шалтгаан хэлдэг. Гэхдээ тэр бүхэн хамаагүй. Хууль бол хууль. Заримд нь үйлчлээд, заримд нь үйлчилдэггүй хууль гэж байх ёсгүй. Энэ арга хэмжээтэй холбогдуулан нийслэлд маш олон камер байрлуулсан. Нотлох баримттай камерт бичигдэж байгаа болохоор иргэд зөрчил гаргах нь эрс багасч байна.

-Торгуулийн хуудсыг хаягаар нь явуулж байгаа. Жолооч нар тэр дансанд нь мөнгөө хийж байна уу, энэ ажлын үр дүн ямар байгаа вэ?

-60 хувь нь өөрийн биеэр банкинд очоод төлчихөж байгаа. Харин хаяг нь тодорхой бус гээд зарим торгуулийн хуудас буцаж ирж байна. Үүнээс шалтгаалаад зөрчил гаргасан этгээдүүд 100 хувь торгуулиа төлж чадахгүй байна.

-Зам нь өргөсөөд, дугаарын хязгаарлалт хийгээд байхад л замын түгжрэл буурахгүй байна?

-Дэлхийн бусад оронд ч гэсэн зорчих хэсгийг өргөсгөөд ч түгжрэл саатал эрс буурдаггүй. Зорчих хэсэг өргөн болохын хэрээр тээврийн хэрэгслийн тоо нэмэгддэг. Крантны усыг онгойлгох тусам их гоождогтой адил зүйл. Түгжрэлийг багасгах гол хүчин зүйл нь манай иргэдийн өөрсдийн нь хөдөлгөөнд оролцож байгаа байдал. Тэгээд бас том зорчих хэсэгтэй холбож өгсөн нарийн замуудыг нэмж хийх шаардлагатай.

Хорооллын зам дотор чөлөөтэй, аль руу нь ч орсон нэг хоёр эргэлт хийгээд өөр газраар гараад явчих боломжтой байдлаар хийх хэрэгтэй юм. Гудамж төсөл явагдаж, энэ жил нэлээд хэдэн уулзварыг өөрчилсөн. Зорчих хэсгийг өргөсгөсөн. Одоо үргэлжлээд хялгасан замуудаа нэмж өгөх юм бол түгжрэл буурах магадлалтай.

Замын хөдөлгөөнд оролцож явсан жолооч М.Батбаяр: Торгуулснаас түгжрээд явсан нь дээр

-Нэгдүгээр эгнээгээр зөвхөн автобус, такси, албаны тэрэг явдаг заалт үйлчлээд удаж байна. Яг бодит байдал дээр зөрчил гаргасан жолооч нарыг цагдаа нар торгож байна уу?

-Нэгдүгээр эгнээгээр зорчсон машиныг шууд торгодог болоод арваад хонож байна. Харих замдаа хааяа хүн суулгаач явчихдаг байсан. Одоо ч тэгээд өнгөрч байх шиг байна. Тэгж 5000-аар торгуулснаас хоёр гуравдугаар эгнээндээ түгжрээд явж байсан нь дээр.

-Тэгэхээр та нэгдүгээр эгнээ рүү орохоо больсон гэсэн үг үү?

-Ер нь бол тэгсэн. Бүр зайлшгүй шаардлага гарвал торгуулаад ч болов явах л байх. Уулзвараас гарч ирж байгаа машин яалт ч үгүй нэгдүгээр эгнээнээс хоёрдугаар эгнээ рүү шилждэг шүү дээ. Энэ үед их хэцүү. Хоёрдугаар эгнээнд түгжрээд явж байгаа машинуудын дундуур орох гэхээр оруулахгүй. Угаасаа багтаах зай байхгүй юм чинь. Тэгээд хоёрдугаар эгнээ рүү орох боломжтой үе хараад нэгдүгээр эгнээгээр явж байтал цагдаа торгочих юм. Энэ дүрэм журамд үүнийг бодолцож үзээгүй бололтой. Ийм л байдалтай байна.

Жолоочийн хувийн зан харилцаа, соёлгүй байдлаас болж замын түгжрэл үүсдэг гэж албаны хүн хэлсэн. Үнэн юм. Жолооны сургуулиуд уг нь Боловсролын сайд, Хууль зүйн сайдын гаргасан хичээл хөтөлбөрийн л дагуу хичээллэдэг гэнэ.

Дийлэнхдээ хуучин арга барилаар, тухайн хүн 50 цаг замын хөдөлгөөний дүрэм судална, тэдэн цагийг нь дадлага хийнэ гээд заагаад өгчихдөг. Тэр стандартаараа явж л байгаа.

Харин хувь хүмүүс өөрсдөө хичээлдээ суухгүй, маш хариуцлагагүй, жолооч болохыг хэт амархнаар, арын хаалгаар болдог зүйл гэсэн ойлголттой байсаар байна.

Саяхан замын голд нэгнийхээ машиныг өшиглөж, орилж чарласан этгээдүүдийн талаар мэдээллийг та бүхэн харсан л биз. Энэ мэт соёлгүй байдлыг хараад байх нь ээ жолооны сургалтыг арай өргөн хүрээнд жолоочийн хөдөлгөөнд оролцох соёл, зан төлөвийн, ёсзүйн, харилцааны хичээлүүд орох, техникийн хувьд ч тодорхой мэдлэгтэй болгож төгсгөх шаардлага өнөө цагт тулгараад байна.

Бусад орнуудад жолооч бэлддэг сургуулиуд нь англи хэлний дамжаа шиг. Хүн дуртай газраа очоод суралцана. Хэл сурахад түвшинд ангилдаг шиг түвшингээ тодорхойлоод сургалтдаа суудаг. Харин шалгалтыг нь манайх шиг замын цагдаа авахгүй. Интернетээр шалгалтаа, өгнө, заримдаа шалгалтын төв гэсэн төвлөрсөн газарт очиж шалгалтаа өгдөг. Манайх шиг замын цагдаатайгаа тохирчих, мөнгө өгөөд үнэмлэх авчих гэсэн сэтгэхүй тэр хүмүүст байдаггүй гэсэн.

Зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогссон машиныг журамлах ажлыг Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс хэрэгжүүлж эхэлсэн билээ. Одоогийн байдлаар замын хөдөлгөөнд саад учруулж, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогссон 500 гаруй тээврийн хэрэгслийг тусгай зориулалтын автомашинаар зөөж, шилжүүлээд байгаа тухай албаны мэдээлэл байна.

Тэгвэл энэ журмыг урлагийнхан сайн ойлгож ухаараагүй бололтой. Нэгдүгээр эгнээнд машинаа тавьсан “Х ТҮЦ” хамтлагийн Аглуугийн машиныг өчигдөр журмынхан ачих гэхэд тэрбээр хэл ам хийсээр байж машинаа ачуулаагүй авч үлдсэн гэнэ.

Дөнгөж саяхан л “Нэг өдрийн хаан” шоу тоглолтоо Замын цагдаагийн газрынхантай хамтран хийж байгаа, тоглолт бүрийнхээ эхлэл төгсгөлд “Хамгаалалтын бүсээ зүүж хэвшицгээе” гэх утгатай уриа хэлж байна, та бүхэн замын хөдөлгөөндөө соёлтой оролцооч ээ гээд хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж явсан хүн шүү дээ.

Гэтэл өнөөдөр яаж байна. Монголын хууль гурав хоног гэдэг шиг Аглуугийн үг гурав хоногийн настай байлаа. Нийгэмд болохгүй бүтэхгүй байгаа зүйлсийг хошин урлагийн аргаар үзэгчдэд ойлгуулж, үлгэр дууриал болж явах ёстой хүмүүс нь өөрсдөө ийм байхад бусад нь барьцах нь ойлгомжтой. Аягүй бол нэгдүгээр эгнээнд хээв нэг машинаа тавьсанаа, ачих болоход Аглуу ачуулаагүй биз дээ, би ч ачуулахгүй гээд бөөн хэл ам болбол яанам бэ.

Б.Цовоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ